Saturday, March 26, 2011

Утга зохиол дахь “Баасан авгай” нар болон бидний үнэт зүйлс

90 оны хувьсгал. Аливаа хувьсгал юуны түрүүнд өмнөх тогтолцоо, үзэл санаа, үнэт зүйлсийг устган өөрчилдөг. Гэвч хувьсгалын романтик үе 90-ээд оны төгсгөлөөр дуусгавар болсон юм. Сэлэм эргүүлдэг үе өнгөрөөд эдүгээ шинэ үнэт зүйлс бүтээх цаг ирэв. Гэтэл олон салбарт тасалдал гарсаны нэг нь утга зохиолын шүүмж судлал, нийгэм-уран сайхны шүүмжлэлт сэтгэлгээний орчин. Өнөөдөр утга зохиол судлалд нэгэн цагт Монголчуудын оюун санааны амьдралыг тодорхойлж байсан гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй Ц.Дамдинсүрэн, Б.Ринчин, Ш.Лувсанвандан нарын суутнууд алга. Тэднийг залгаж онол, түүх, шүүмж судлалын салбарт чиг баримжаа болж байсан Д.Ёндон, Ш.Гаадамба, С.Лувсанвандан, Ц.Хасбаатар, Х.Сампилдэндэв, Д.Отгонсүрэн нарын гигантууд эдүгээ байхгүй. Хэн байна вэ?
С.Дулам, Д.Цэрэнсодном, Л.Хүрэлбаатар, Б.Чулуундорж, Д.Төмөртогоо нарын хүчирхэг төлөөлөгчид нь бүгд эрдэм шинжилгээ-судалгааны чиглэлд ажиллаж байна. Хэрүүл уруул, атаа жөтөөндөө бариулсан өчүүхэн муу уран сайхны шүүмжлэлийн салбарыг тоож харьцдаггүй. Ингээд хоосон орон зай. Хов хоосон энэ том талбар дээр жаахан тодорчих хүсэлтэй, ялигүй ч атугай хүний анхаарал татчих юмсан гэхээс шөнө ч нойр нь хүрэхээ байсан “нөр их хөдөлмөрч” хэдэн авгай нар л /эрэгтэй, эмэгтэй олон авгай нар бий/ ёстой нэг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж сууна. “Д.Нацагдоржийн бүх зохиол далд утгатай” л гэнэ, “О.Д.Бальзак шүүмжлэлт реализмын том онолч байсан” л гэнэ, “Агуу ихийн дэмийрэл буюу Г.Аюурзана ахайтанд шинэ мянганыханы өмнөөс үг хэлж байна” л гэнэ… ичмээр, ичмээр, бүр зүүдэндээ ч ичмээр.

Энэ бүх элийрэл балайрлын оргил туйл, сүлд аялгуу нь бас л нэг нилээдгүй “ юмтай ” хүүхний бичсэн “Өнөөгийн уран зохиолын онол-шинжлэлийн шинэ сурах бичиг” гэгч ланжгар ном. “онол-аргазүйн тулгамдсан асуудлаарх постмодернист сэтгэлгээний монголын анхны онолын бичвэр” л гэнэ, “бүх нийтийг гэгээрүүлэх ариун үйлсэд” зориулав л гэнэ, “нээлттэй-иргэний нийгмийн үзэл санааг төлөвшүүлэхэд” зориулав л гэнэ, “бүх шатны сургалтын суурь боловсролын шинэчлэлд” зориулав л гэнэ, “онолын шинэчлэлд” зориулав л гэнэ, “түүх бичлэгийн шинэчлэлд” зориулав л гэнэ, “шүүмжлэлийн салбарын шинэчлэлд” зориулав л гэнэ, “уран зохиолын хөгжлийн шинэчлэлд” зориулав л гэнэ… энэ эрүүл хүн мөн үү ? Би тоглоогүй, хүн доромжлоогүй. Н.Энхтөр гэдэг хүүхний бичиж 2005 онд УБ хотноо хэвлүүлсэн нилээдгүй зузаан номны нүүрэн дээрх гарчигуудыг бүрэн эхээр нь хуулбарлан бичсэн нь энэ. Агуулгынх нь тухай тогтож ярих боломж даанч алга. Тэгж доошоо ороод ч яах вэ? Товчхондоо 1-рт: цул алдаатай хуулан бичлэг 2-рт: гадаад үгийн болон утгын каламбур.

Бүр болоогүй “…та бүхний анхааралд…цаашид уянгын яруу найргийн тухай онол, шинжилгээ, туульсын төрлийн тухай онол, шинжилгээ, жүжгийн тухай онол, шинжилгээ хэмээх 2,3,4 –р дэд дэвтрүүдийг хэвлүүлж болох юм” гэж айлгасан байгаа юм даа.

Ерөөс иймэрхүү ямар ч шинжлэх ухааны эх сурвалжгүй, логик авцалдаа холбоогүй, ёстой л нэг үнэн, хоёр худлаар дүүрсэн “онол” “түүх” “судалгаа” тэргүүтэн нь нийгмийн шилжилт, үнэт зүйлсийн өөрчлөлт хийгээд шинэ үнэт зүйлсийн төлөвшилийн үед өнөөх хоцрогдож гээгдсэн хоосон орон зай дээр олноор гарч ирдэг зүй тогтолтой бололтой. Эрдэмтэн мэргэдийн бичиж тэмдэглэснээр иймэрхүү зүйл хүний танин мэдэхүйн түүхэнд нэг биш удаа гарч л байдаг тул тэдэнд зориулж бүр pseudo-philosophy, pseudo-science /псевдо-философия, псевдо-наука/ буюу хуурамч философи, хуурамч шинжлэх ухаан хэмээх тусгай нэр томьёо хүртэл гарсан байдаг ажээ. Гэхдээ л бас ч гэж эдүгээ цаг чинь ХХ1 зуун болохоос биш, арай ч бүх чулууг алт болгоно гээд нухаад сууж байдаг дундад зуун биш шүү дээ.

Мэдээж хүн бүрийн санал, оюун санааны баялаг дүр зураг сайхан байлгүй яах  вэ? Гэхдээ л зарим нэг тэнэглэлүүдийг харахад уйтгар гуниг, харамсал халаглал өөрийн эрхгүй төрөх юм. Ертөнцийн тэнэглэлүүд дотроос хамгийн найгүй, хамгийн арчаагүй, жигшин зэвүүцмээр илрэл нь: юм мэддэггүй түүнийгээ өөрөө ч мэддэггүй бүр мэдэхийг ч хүсдэггүй байх тохиолдол гэж өрнө дорны олон мэргэд эрт дээр цагаас сургасаар, анхааруулсаар ирсэн гэдэг.

Өнгөрсөн зууны 90-ээд оноос улс төр, эдийн засаг, түүх, соёл, ёс зүй, ёс суртахуун гэх мэт нийгэм-оюун санааны амьдралын бүх хүрээнд илэрсэн өөрчлөлт хувьсал нь ахархан хугацаанд бахархам шинэ үнэт  зүйлс бий болгосон хэдий ч энэхүү жам ёсны сайхан шинэчлэл нь басхүү өөрийн гэсэн сүүдрийг дагуулсаар байна. Энэ нь юуны өмнө өнөөх бид бүхний хүсэн хүлээж, мөрөөдөж явсан үг хэлэх, хэвлэн нийтлэх тэр эрх чөлөө. Юугаар ч сольшгүй, аугаа их энэ эрх  чөлөө эн түрүүнд хувь хүнээс өөрөөс нь тодорхой зохицуулалтыг шаарддаг бололтой. Энэ бол оюун санааны зөв боловсрол, танин мэдэхүйн суурь тогтолцоо, эмх цэгц, өөрийгөө цэгнэх рефлекс, өөрийгөө зөв мэдрэх, өөрийгөө зөв үнэлэх чадвар юм./ Жаахан хүүхэд л кино үзчихээд өөрийгөө суут эрдэмтэн юм уу, гайхамшигт цэргийн жанжин гэж төсөөлөх дуртай байдаг төдийгүй олон тохиолдолд дүрдээ итгэчихээд хоорондоо байлдах мэтээр тоглож явдаг нь хүүхэд насанд бол хэвийн л зүйл л дээ. Үүнийг бага насны гэгээн мөрөөдөл, гэнэн цайлган зан, өсөх балчир үеийн зүй ёсны мөн чанар ч гэдэг./

Гэтэл хамгийн их хайрлаж, ариглаж, дээдлэж явах ёстой энэхүү үг хэлэх , хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөр дамжуулж өөрийгөө илэрхийлэх агуу ихийн  гаж донтой  /великомани/, бүр байж сууж чадахаа байсан зарим нөхдүүд бас байх юм. Ардчилсан нийгэмд хүний хэлэх ярих нь нөгөө нэг хүнд юуны хамаа боловч, багаар яривал өчүүхэн муу нэр ус маань хамаатдаг, муугаар яривал хоолоо олж иддэг ажил, мэргэжлийн маань салбарт хамаатаад ирэхээр бас ч зүгээр хараад суух эвгүй санагдах үе олон тохиолдох…/ядаж бусад мэргэжлийнхэний өмнө ичих гэж нэг хэцүү юм байх / Нөгөө талаар бас ч гэж бидэнд ч мөн үнэт зүйлс, томоор яривал нийгмийн эрх ашиг гэж бас байна шүү дээ. Түүнийгээ, өөрөөр хэлбэл урлаг утга зохиол дахь үнэт зүйлс,өв уламжлал, орчин цаг-шинэ үзэл санаа тэргүүтнээ хайрлах, дээдлэх, бусдын тэнэглэлүүдээс харамлан хамгаалах сэтгэл өөрийн эрхгүй төрөх юм. Гэтэл эрт дээр цагаас эхлэн аливаа соёл иргэншлийн салшгүй дагуул хэсэг-язгуур уг сурвалж болсоор ирсэн оюун санааны амьдрал дахь ядаж өчүүхэн миний жаахан ч атугай гадарлах тэр үнэт зүйлс дотор орчихоод эзгүй цөлд оччихсон юм шиг аашилж авирлах зарим эрдэмтэн доктор сэтэртэй нүдний булайнуудаас болж гэм хийчихсэн юм шиг ичиж явах төвөгтэй гэдэг нь. /энэхүү бяцхан  өгүүллийг бичих болсон шалтгаан нь энэ/.

Бидэнд өнөөдөр үнэт зүйлс бий юу ?

Байлгүй яах вэ? Өнөөдөр манай оюун санааны амьдралд, манай утга соёлын ертөнцөд философийн Ц.Гомбосүрэн багш шиг, Б.Батчулуун багш шиг, Г.Аким багш шиг, орчуулагч Ц.Гомбосүрэн гуай шиг, философич Ч.Ган-Өлзий гуай шиг, энэ цагийн аугаа их хүчирхэг интелегент Б. Баабар шиг ,Ч.Эрдэнэ гуай шиг, яруу найрагч Г.Аюурзана шиг хүмүүс байгаа нь юутай их аз, ямар их хувь заяа вэ?

Гэтэл яаж байна гээч? Нийгэм өнөөдөр хэнийг уншиж, хэнд итгэл үнэмшил өгч, хэнийг шүтэн биширч, оюун санааны амьдралынхаа оройд залж байна гээч? Бүр очиж очиж харах царайнаасаа дандаа мэдрэл муутнууд, зүгээргүй их юмтай, сэтгэцийн ихээхэн гажигтай нөхдүүдэд. Гэрт нь гурван хөлтэй мэлхий тавиулаад л айл бүрийг баяжуулдаг фэнгшү Ганбаа , хар цагаан хосолсон алаг сүлд тахиад л  монголчуудыг жаргаачихдаг Арго хэмээгч, их хааны нууц тарни сургаалыг ганцаараа үг үсэггүй мэддэг “Чингис хааны дэлхийн академи” гэгчийн Давааням, өөрийнх нь утга авцалдаагүй хэл яриагаар бол бүх юмны утга учир хийгээд донж маяг тэргүүтнийг нэвтэрхий тодорхойлогч “донж” хэмээгч Төгөлдөр, “монголын уран зохиолын талаарх цоо шинэ постмодерн сэтгэлгээ”-ний олон арван цуврал ном, өгүүллэг, судалгааны ажил бичигч өнөөх айхтар онолч Б.Энхтөр… за тэгээд алийг тоочиж барах вэ дээ, суварганы онол л гэнэ, хаадын онол л гэнэ, дүрийн онол л гэнэ, нүүдэлчдийн онол л гэнэ, онолгүй-философигүй юм энэ монголд алга. Ямар сайндаа л Монголдоо ганц ууган их сургуулийнх нь философийн багш, доктор профессор хүн хүртэл “Мал аж ахуйн философи” хэмээх орчлонд байхгүй онигооны нэртэй судалгааны ном хүртэл бичээд юм мэддэг нэгэндээ дооглуулж суух вэ дээ. Ёстой л  нөгөө 17, 18-тай охидын шимтэн үздэг өнөөдөр манайд хит болоод байгаа солонгосын нэгэн телесериалд  “өөрөөсөө тэнэг хүнтэй анх удаа тааралдаад бүр дотор уужирчихлаа” гэж хэлдэг согтуу охин шиг энэхүү элий балай “онол”-уудад нь бүр нийгмээрээ хошуурах нь яана.

Гэтэл насаараа сайд мяндагтан хийчихээд өнөөдөр А.Рыбаковын алдарт гурвалыг, дэлхийн суутан Ф.Достоевскийг орчуулсан шиг /”Ах дүү Карамазовынхан”, “Гэм зэм” энэ тэр бол шинэ үеийн монголчуудын бүтэн зуун жилийн мөрөөдөл шүү  дээ/ сууж байх нийгэм дэх байр суурь мөн үү? Аугаа их бахархам байр суурь гэж хэлмээр байна. “Улс төрд нэг орчихсон хүн гарч болдоггүй ч билүү, чаддаггүй ч билүү” гэж ирээд л амихандаа цэцэн үг ишлээд сууж байдаг өнөөгийн улс төрчид нэртэй луйварчид Ц.Гомбосүрэн гуай, Б. Баабар энэ хоёроос жишээ авч болдоггүй л юм байхдаа. / Тэр 25-р тойрог дээрх нэг луйварчныг хардаа /. Уул шугамандаа бол Ц.Гомбосүрэн, Б.Баабар, Б.Чимид, М.Энхсайхан, гадаад хэргийн сайд асан Р.Эрдэнэчулуун, философич Б.Батчулуун, дипломатч Ê.Сайраан, Хашбатын Хулан нар шиг улс төрчидтэй бол энэ орон мөн ч амархан босно доо.

“Очироор огтлогч” ба Г.Аюурзана тэрчлэн Ч.Эрдэнэ гуайн супер нэгдлийн онол

Өнөө цагт онолын физикчдийн дунд нэгэн маргаан байдаг нь ерөөс хүн төрөлхтний танин мэдэхүйн салбарт зарчмын том, суурь нээлт нэгэнт дууссан одоо ердөө л технологийн шинжтэй хавсарга шийдлүүд л үлдсэн гэх үзэл. Нөгөө нь харин ч хүн төрөлхтөн цоо шинэ, зарчмын өөр, бүх ертөнцийг хамарсан түгээмэл суурь нээлтийн яг өмнө тулж ирээд байна гэх үзэл. Ч.Эрдэнэ гуайн номлодог супер нэгдлийн онол үүний нэг жишээ. Зөв ч бай, буруу ч бай энэ аугаа их үзэл санааг хэдийгээр мэргэжлийн бус хүрээнийхэн ойлгох боломжгүй ч гэсэн мэдрэх боломж хүн бүхэнд бий. Учир нь хүн төрөлхтөнд өөрсдөө ч ухамсарладаггүй байгаллаг- анхдагч зөн билиг гээч нэг юм байдаг. “…” , “мөнх хөх тэнгэрийн хүчин дор , их суу залийн ивээлээр”, /ААЗ/

“Ахуй их түгээмлийг

Асар их тэтгэгч

Мөнх хөх тэнгэр минь” /ААЗ

“Нүүрээ угааж зогсохдоо би

Нүргэлэх усны чимээг эхэлж сонсоод

Усны биенд орж уусаад усанд ширхэг үгүй

Усанд урсгал үгүй, усанд чимээ үгүйг мэдэв”… /Б.Галсансүх/ …юу хэлж байгаагаа яг үнэн хэрэгтээ огт ойлголгүйгээр зүгээр л зөн билгээрээ орчлонгийн супер нэгдлийн зарчимруу уран сайхны хэлээр хальтирч байгаа нь энэ. Уран сайхны ертөнцөд, тэр дотроо яруу найргийн сэтгэлгээнд ийм жишээ үй түм. Харин үүнийг математик загварт оруулж бичих нь цэвэр онолын асуудал. Энэ нь Ч.Эрдэнэ гуай мэт ганц нэг суутнуудын ажил. Бид ойлгохгүй.

Эдүгээ орчин цагийн тэргүүлэгч утга зохиол, квант физик, шашны философи гурав ямар их ижилсэж, хичнээн их ойртож байна вэ ? Ертөнцийн түгээмлийн түгээмэл зүй тогтол, эцсийн трансценденталь мөн чанар руу өөр өөрийнхөөрөө ойртож байгаа юм биш биз ?

“Үнэн гэдэг хэд хэд. Цуурай мэт зэрэгцээ энэ үнэнүүдээс бид аль нэгийг нь л мэдэрдэг…” Энэ бол Г.Аюурзаны гурамсан романы трансценденталь үзэл санаа. “Хуран үүдсэн бүхний уг чанар зүйрлэвээс одны бүрэлзээн, галын тоорог зэрэглээ, илбэ, шүүдрийн дусал, усны хөөс, зүүд, аянгын гялбаа хийгээд сарнин замхрагч үүл мэт…” / “Очироор огтлогч” судраас”/. Чухамдаа энэ өмнөтгөл нь л Г.Аюурзаны мета романуудын мета агуулга, трансценденталь үзэл санааг хамгийн сайхан илэрхийлж байгаа юм. “…Үнэн бодот түүх яг ямар байсан нь тодорлоо ч, тэнд эцсийн ганц хөдөлшгүй цэг гэж үгүй. Үнэн гэдэг хэд хэд…”/Г.Аюурзана/ Хэрэв эцсийн тэр хөдөлшгүй цэг, эцсийн ганц абсолют үнэн гэж байвал тэр нь Ч.Эрдэнэ гуайн философидолтоор ертөнцийн супер нэгдлийн онол. Түүнээс цааш танин мэдэхүй байхгүй.

                                       хх               хх                хх

Аль ч улс үндэстэнд тухайн ард түмэн болоод бүс нутгийн соёлын язгуур эх сурвалж, шавхагдашгүй ундарга, оюун санааны суурь үндэс, ариун өлгий болсон текстүүд байдаг. Постмодернизмд үүнийг гипертекст гэдэг томьёоллын дор авч үздэг. Жишээ нь барууны соёл иргэншил, оюун санааны эх сурвалж нь Библи бөгөөд өрнө дахины сонгодог урлаг утга зохиолыг Библийн үзэл санаагүйгээр төсөөлшгүй, ойлгож ухамсарлах боломж ч үгүй. Агуулгын хувьд ч тэр, уран сайхны хэлбэр бүтэц зохиомжийн хувьд ч тэр. Нэн ялангуяа модернизм болоод постмодернизмд энэ нь онцгой тод илэрдэг бөгөөд ерөөс аливаа бичгийн соёл уналт  бууралт,  шинэчлэл,  сэргэн мандалт  г,м онцгой  цикл  үеүүддээ  өөрийн соёлын эх үндэс, язгуур эш сурвалж болсон гипертекстүүддээ ханддаг түгээмэл зүй тогтол бий. Харин бидний хувьд талын монголчуудын оюун санааны амьдрал, ёсзүй, ёс суртахуун, үнэт зүйлс, бичгийн соёлын уг сурвалж болсон тэр ариун судрууд хаана байна вэ ? Тийм ээ, энэ бол манай ганц бахархал болсон алдарт “Нууц  товчоо” хийгээд буддын шашны их хөлгөн судрууд билээ. Тэгээд ч бодол санаа мэдээлэл хэлбэрээр хадгалагддаг нь шинжлэх ухаанд нэгэнт батлагдсан зүйл. Сүүлийн үед аливаа улс үндэстний язгуур ухамсар, оюун, сэтгэлгээ нь цаг хугацаа, орон зайн хязгаарлалтаас үл хамаарах шинжтэйгээр мөнхөд оршин байх боломжийн тухай философид ихээхэн тэмдэглэх болсон бөгөөд манай зарим нэртэй эрдэмтэд энэхүү ойлголтыг “сүлд оюун” /Geisteswissenschaften/ хэмээх нэрээр оноон орчуулдаг болоод байгаа билээ. 2000 оноос хойш манай боловсролтой, уншдаг, сэтгэлгээний харьцангуй өндөр төвшинд гарсан уран бүтээлчид болох Д.Урианхай, Д.Батбаяр, Г.Аюурзана нарын бүтээлүүд “Нууц товчоо” болон, “Бодичария аватара”, “Очироор огтлогч” г,м  соёл , ахуй, оюун санааны язгуур, шавхагдашгүй эх ундарга болсон гипертекстүүддээ эргэж хандах болсон нь чухамдаа ийм учиртай. Ерөөс монголчууд эрт дээр цагаас буддын их хөлгөн судруудыг тайлбарлаж, шинэ шинэ үзэл санаагаар дэлгэрүүлж ирсэн баялаг уламжлалтай. Аль 1311 онд буддын шашны библи гэж хэлж болох “Бодичария аватара” буюу “Бодь мөрийн явдалд орохуй” хэмээх алдарт зохиолыг Чойжи-Одсэр орчуулж улмаар тайлбар бичин модон бараар хэвлүүлж байснаас хойш олон арван бичгийн мэргэд буддийн шашны хөлгөн судруудыг орчуулж, тайлбарлаж байсан түүх бий.

Г.Аюурзаны 2003-2007 онд бичиж хэвлүүлсэн “Илбэ  зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” хэмээх гурамсан зохиолын агуулга-үзэл санаа бол чухамдаа дээр дурдсан “Очироор огтлогч” хэмээх алдарт бүтээлийн орчин цагийн уран сайханжсан тайлбар юм.

                                  хх                    хх                       хх

“Философи бол үгийн эрэлд хатаж шаналсан оюун ухаан” /Гадамер/ хэмээсэн онч үг байдаг. Философи нь ойлголт буюу оюун санаа буцаж өөрөө өөрийгөө ухамсарлах рефлекс юм. Хэлний илэрхийлэх боломж шавхагдашгүй, хэлээр илэрхийлж болохгүй тийм юмс үзэгдэл гэж орчлонд байхгүй энэ тэр гэдэг нь үнэндээ бол худлаа. Ухамсар, сэтгэлгээ, оюун санааны дэргэд хэл гэдэг үзэгдэл туйлын бүдүүлэг арга хэрэглүүр, гэвч бидэнд өнөөхөндөө хэлнээс өөр бодол санаагаа илүү нарийвчлалтай илэрхийлэх арга хараахан байхгүй байна.

Чухам энэ үүднээс харвал өөрөөр хэлбэл дээрх их сэтгэгчийн бодомжийг ашиглавал яруу найрагч Г.Аюурзаны мета романууд нь амьдрал-ертөнц-оюун санааны гүнд нэвтрэх, танин мэдэх гэж тэмүүлэхдээ философи-уран сайхны төгс байгууламж- супер зохиомжийн эрэлд хатаж шаналсан оюун ухаан юм.

Ерөөс аливаа философи болоод философидолт нь шинжлэх ухааны болон шинжлэх ухааны бус мэдлэгийн аль ч хүрээнд өөрийнхөө хүчин төгөлдрийг /гэртээ байгаа мэт/ бүрэн мэдэрч, энэ хоёр фронтод чиглэсэн диалог хийхэд хэзээд бэлэн байдаг. Гурван хэмжээст огторгуйд хүчин төгөлдөр үйлчилдэг Эвклидийн геометр дээр цаг хугацааны аргументийг нэмээд Риманы 4 хэмжээст геометр, масс- энергийн харгалзах утгыг нэмээд алдарт Эйнштейны харьцангуй онол г,м-ээр танин мэдэхүй үргэлжилдэг. Тэгвэл Г.Аюурзаны бүтээлүүдэд аль ч сэтгэгчийн суут загваруудад байдаггүй сэтгэл-оюун санаа-уран сайхны мэдрэмж-уран сайхны философидолт хэмээх шидэт  Х  өгөгдхүүн байгаа учраас монголын уран зохиолд туйлын ховор байдаг уран сайхны философи сэтгэлгээ-танин мэдэхүйн шинэ загварыг бий болгож чаджээ. Энэ бүтээлүүд манай уран сайхны философи сэтгэлгээ-танин мэдэхүй ямар өндөр шатанд гарсаны нэгэн тод нотолгоо гэж бид үзэж байна. Ерөөс орчин цагийн уран сайхны постмодерн сэтгэлгээ бол энэ ертөнцийн супер загварт тэмүүлэх тэмүүлэл, нэгэн цагт /эдүгээ ч тэр/ хүн төрөлхтний оюун санаа, аугаа их шинжлэх ухааны бахархал болж байсан Риман, Лобачевский нарын геометрийн нэгэн адил ХХ1 зууны ухамсар-оюун санаа-бодит байдлын шинэ геометр билээ.                                                          

Тэгээд ч амьдрал болоод, орчлон ертөнцийн зүй тогтол, мөн чанарын талаарх хүний танин мэдэхүйн төвшин асар өндөр шатанд гарсан эдүгээ цагт бид өөрсдийн ахуй хийгээд оюун санааны ертөнц, түүний утга учир, шалтгаан холбоос, оршихуй тэргүүтнийг уламжлалт бичлэгээр бүрэн төгс илэрхийлэх боломж үнэхээр байхгүй болсон байна. “Харри Поттер”-ийн кибер ертөнцийг кино урлаг дахь реализмын хэлэнд буулгах гээд үздээ. Ганц боломжгүй юм чинь тэр байх вий. /Гэтэл “Харри Поттер” ердөө л хүүхдийн зохиол шүү дээ/. Г.Аюурзаны мета романы агуулга ч үй түмэн хэмжээст кибер цаг хугацаа-орон зайд өрнөдөг. “Тунгалаг  Тамир”, “Хуучин хүү” хоёрын агуулгыг тачигнатал ярьдаг оюутнууд маань “Цуурайнаас төрөгсөд”-ийн агуулгыг ярих болохоороо л нүд ам нь эргэлдээд ээрч муураад явчихдаг нь танин мэдэхүйн орчин цагийн аргазүйд /постмодернизмд/ хуучин сургалтаар хандах боломж огт байхгүй болсоныг л харуулж байгаа хэрэг л дээ. Постмодернизм биднээс танин мэдэхүйн шинэ аргазүй, шинэ сэтгэлгээ, шинэ диалог шаардаж байна. “Хүмүүний танин мэдэхүйн хам шинж гэдэгт бид юм, үзэгдэл болон хүмүүнийг нь буюу тухайн биед шингэсэн оюун ба сэтгэлийн нэгдлийг “хүмүүн” хэмээх бүхэл бүтэн ертөнц болох бодит ахуйг илэрхийлэх оронг ойлгож байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг талаас тодорхой масс ба энергийн, нөгөө талаас тоо ба чанарын нэгдэл болох юм-үзэгдэл-хүмүүнийг хам шинж хэмээдэг. Нэгэнт хам хүрээ нь огторгуй-хугацааны 4 хэмжээст геометр болох орон, хам шинж нь тухайн хүмүүнийг / дүрийг-С.Э/ илэрхийлэх орноор тус тус илэрхийлэгдэх учир тэдгээрийн харилцан шүтэлцэн нэг болсон нэгдмэл орон нь маш өвөрмөц огторгуйн геометрээр илэрхийлэгдэх нь ойлгомжтой. Энэхүү хүмүүн буюу масс-энерги нь орон зай-цаг хугацааны геометрдээ шингэн бий болсон бодит ахуйг буюу оронг математик ба физикт Риманы муруй огторгуй хэмээн нэрлэдэг. Иймд хүмүүний танин мэдэхүйн хам хүрээ, хам шинжийн нэгдэл нь Риманы муруй огторгуйн геометрээр буюу орноор илэрхийлэгдэнэ хэмээн хэлж болно.

…Риманы огторгуйн буюу орны цэг бүр нь /уран сайхны дүрүүд, үйл явдлын өрнөл-С.Э/ өөр өөр хугацаа, хөгжил, байрлалыг илэрхийлнэ. Эл огторгуйн бүх газар /мета романы агуулга-С.Э/ хоёр цэгийн хоорондох зай муруй байна./ Зохиолын гол баатар Насанбилиг зүүдэндээ эртний мөхсөн хэлээр ярьдаг, зэрэгцээ ертөнцөд орших өөрийнх нь нэг дүр 19 жилийн өмнө амиа алдсаныг санамсаргүй мэдэж авдаг г,м-С.Э/ Хүмүүн нэгэнт огторгуй-хугацааны геометрдээ шингэсэн учраас цэг бүр нь түүнээс үл хамааран “чөлөөт байдал”-аар буюу өөрийн төрх, тавилан жамаар хөдөлнө”. / академич Б.Жадамбаа “Шүтэлцэн багцрахуйн үзэл ба хүмүүний хөгжил. Хүмүүний танин мэдэхүй” УБ.2007.х.109/

Нөгөө талаар Г.Аюурзана шидтэн биш, бошиг үзүүлэгч биш, хутагт хувилгаан ч биш харин зохиолч хүн билээ. Гэхдээ “монголын уран зохиолыг битгий уншиж бай л даа, ядаж сонголт хийж уншиж сур” хэмээх гайхамшигт зөвөлгөө өгдөг философичдын тэр утгаар жинхэнэ зохиолч хүн . Түүнээс биш үнэнийг хэлэхэд монголоор дүүрэн болчихсон зохиолч, яруу найрагчдын сүргийг нэрлэдэг энэ цол гуншингаар Г.Аюурзана, Д.Урианхай гуай нарыг нэрлэхээр үнэндээ доромжлоод байгаа юм шиг санагддаг юм. Миний нэг найзын жаахан хэтрүүлж хэлсэнээр монголд Баабар, Аюурзана хоёр байхад л хангалттай.

Шинэ цагт, оюун санаа-танин мэдэхүйн пост ертөнцөд энэхүү учир утга нь олдохоо байсан, абсурда-хаоса мөн  чанартай толгой эргэм олон хэмжээст кибер амьдралыг өөрийг нь дүрслэхийн тулд үнэхээрийн шинэ арга, шинэ бичлэг, шинэ сэтгэлгээ, өөр хэл, өөр зохиомж хэрэгтэй болчихоод байна. Үүнийг л постмодернизм гээд байгаа юм шүү дээ.

Г.Аюурзаны романуудын мета агуулга, ер бусын зохиомж, үзэл санаа чухам үүгээр тайлбарлагдана. Бахархаж  байна.

                                     хх                    хх                    хх

Урлаг утга зохиол, уран сайхны сэтгэлгээний далд учир шалтгаан, аугаа их зүй тогтлыг нээснийх нь төлөө З.Фрейдэд Герман орон И.В.Гетегийн нэрэмжит утга зохиолын дээд шагналаа өгч байсан бол улс төрийн нэрт зүтгэлтэн Уинстон Черчиллд дэлхийн 2-р дайны түүх 10 боть бүтээл туурвисных нь төлөө, нэрт математикч, философич Б.Расселд хүн төрөлхтний оюун ухаан, сэтгэлгээний туйлын хүнд, нарийн төвөгтэй, ээдрээтэй загваруудыг утга зохиолын хэлээр гарамгай илэрхийлсэнийх нь төлөө утга зохиолын салбарт олгодог Нобелийн шагнал тус тус олгосон түүхтэй. Жишиг ийм байдаг ажээ. Өнөөдөр Б.Баабар Г.Аюурзана нарын шинэ үеийнхэний оюун санааны амьдралд оруулсан бахархам хувь нэмрийг үнэлж “ХХ зуун. Монголчууд. Нүүдэл суудал. Гарз олз” “Шинэ үеийнхэний номын сан” цувралуудад Монгол Улс утга зохиолын салбарт төрийн шагналаа өгдөгсөн бол байр суурь, үнэлэмж, ач холбогдлоо өнөөгийн нийгэмд бүрэн алдсан утга зохиолын салбарын ядаж өөрийнх нь нэр хүндийг хүртэл дээшлүүлэхсэн. Аминь


                                                              С.Энхбаяр   /МУБИС/

Sunday, March 20, 2011

                                     Дүрслэх урлаг ба хаврыг тольдохуй


Манай зураач урчуудын дунд жил бүр уламжлал болгон дэлгэгддэг уран бүтээлийн үзэсгэлэн,цагын хөсөг наашилсан хаврын эдүүгээх өдрүүдэд хэн хүний өмнө нээлттэй буй юм.
Нийгмийн сэтгэлзүй хааш яааш төрийн үйл төөрч тусах бай онох ончгүй болсон. Энэ нийгмийн амьдрал дахь нэгэн гэрэл гэгээт сайхь үйл явдал нь сэтгэлд үлэмж ойр бууж байна. Ямар ч улс төр, намын автор жүжиг дэглэлт,тендергүй болдгоороо зүйрлэмгүй онцлог давуу чанартай юм шүү.Яльгүй наргиа лдаа.
Аль ч талдаа ач холбогдол өндөр үнэлүүштэй уран бүтээлчдын нэгдсэн үзэсгэлэнгээс хувь уран бүтээлч өөрийгөө чухам аль зиндаанд яваа болох.
Ер нь манай дүрслэх урлагийн хөгжил дэлхийн дахины хаахан нь байгаа эсэх цаашдын зорилго зорилт хөгжлийнхөө талаарх санал бодлоо солилцож тодорхой дүгнэлтэнд хүрч  үзэгч олондоо хүртээх тэднийг сонсох цаашид чухам ямархуу байдлаар урлан туурьвах чиглэлээ тодорхойлох гэх мэт хувьд ч хувьсгалд ч хэрэг болохуйц эрхэм зорилготой байх боловуу гэж өөртөө дүгнэж байна.
За олон үгээр яахав” Хавар”үзэсгэлэнг үзээд төрсөн сэтгэгдлээ хэлье гэж бодлоо.
Дүрслэх урлагын бүхий л төрлийн бүтээлүүд тавигджээ.Дотроос хатгах омогоо дархын тулд шуудхан нэг тойроодхов.Тэгээд голлон байгаль аж байдлын сэдэв зонхилсныг анзаарчаад” уран зураг зодоон хоёрыг” холоос хардаг гэх Сосоо дүүгийн үгийг бодон инээвхийлэн сууж атал хажууд айлсан суусан нь Ардын зураач Чогсом гуай аж.
Амар мэндын дагууд надад олон сайхан дурсамж ярьж үнэт зөвөлгөө өглөө. Ялимгүй үнэртүүлсэн, тэрбээрийн харцыг ажаад халаасандаа хэдэн зоосгүй явсандаа ихэд шаналав.За энэ ч бас дүүрч
Ахиад бүтээл бүрийг нухацтай харж явахдаа.
 Урлаг дахь гоо сайхны зохицлыг Бодит байдалд хуурмаг хандсанаас үүсэх мэдрэмжээр дамжуулж харуулах гэвэл юу болж хувирах бол гэсэн бодол дагаад салдаггүй.
Ихэнх бүтээлд зохиомж сэдэв өнгө будгын зохицол, хүнд хөнгөны ялгаа, орон зай ,алслалт, агаар, наана, цаадах харьцаа ер уран зурагт тавигддаг шаардлага сахилга бат элгэмсэг сэтгэл дутаад хөнгөн хуумгай хандсан нь илүүтэй давамгайлсан байна уу гэх бодол төрснөө нуух юун. Харааны хүртэхүйн үндсэн дээр суурилсан тухайн агшны сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн  дүрслэл нь бүтээлд тод туссан нь мэдрэгдэх өөрөө их аятай сэтгэгдэл төрүүлдэг юм.Тийм бүтээл ховор үзэгдсэн.Томчуудын бүтээл ховор байна.Дүрс буулгагч байсангүй.тэрнээс бүтээл дээр нь ярилцвал зүгээр байна.
Гэхдээ хэдэн бүтээл дурьдая.Л.Мөнхбаатар “Жижүүр өвгөн” их аятайхан зураг,мэдээж Н.Орхон мастерын “Бүсгүй” гэх бүтээл өөрийн гэсэн арга барил өнгө будгыг илтгэн байна.Хөрөг талдаа энэ хоёр,монгол зургаас Б.Айзам”Хатад” байна.
Баримал Сэрээтэр багшын”Зурхай”төмрөөр хийсэн тод ялгамжтай.Наагуурх сийлбэр,эсгий урлал,чимэглэл,наамал хиймэл урлалаас нүдэнд тусах юм байгаагүй.Зураасан зураг Хүрлээ”3-н үдэш сайн,модон барын хоёрхон бүтээл нэг хүнийх,хар зураг Ч.Мөнхтөр”Бүх цэргийн жанжин” болж байна.
Усан будгын төрөлд Найманчулуун хоёр нуур зүгээр.Байгалийн сэдэвт бүтээлүүдээс Баатарцогт”3 н голын бэлчир” дөнгүүр нь бусад нь фото хуулбар,хуулбар гэснээс тэр хүмүүсийн хошуураад байгаа С.Содсайхан “Хавар” Д.Сэргэлэн”Мөрөөдлийн хөлөг онгоц”энэ тэр бол зүгээр фото график ашигласан явуургүй зурагнууд.За тэгээд цаад мухарт байгаа хачин хэлбэртэй хүний толгой гэх мэт этгээд сонин нэртэй зурагнуудыг оошоосонгүй дургүйгч хэлэхүү.Аж байдал гэх юмуудаа М.Болд”Тэмээний дэргэд”сайхан бүтээл,абстракт Д.Батмөнх”Тулааны өмнө”чансаатай их ч хөдөлмөр орсон бүтээл байлаа.Бараг хаврыг авах боловуу.Эцэст эвтэйхэн зохиомжтой О.Баярхүү”Ганц”таалагдсан.Миний таашаалаар энэ хэд бусдыг нь тэнгэр мэдэг.Энэ мэтийг тунгаан явахдаа.
Өнгнөөс таашаал авхын тулд гэрэл сүүдрийг хэрхэвч золиолсолж болохгүй,хуумгай туршилт хийхээс зайлсхийх хэрэгтэй юм байна гэж өөртөө хэллээ.
Бодьтой мэдрэмжийг үнэлж цэгнэх нь над хуудуугүй сайхан байна.
Нэмж өгүүлэхэд өчигдөр Мэнд-Ооёо гуайн зохион байгуулсан яруу найргын чөлөөт уншилтан дээр Момо ах тэргүүтэн хэдэн муу андынхаа баавартай хэдэн шүлгийг сонсонгоо хамтран гаргасан үзэсгэлэнг хальт сонжход
 Уран бичлэг нь дээр кирилээр шүлгээ бичсэнээс монгол бичгээр хөрвүүлэн буулгасан бол илүү яруу зохисыг олох байсан юм.
Бас доорх тайлбарт энэ галиграф энэ шүлэгтэй ингэж тохироод ийм тийм сайхан болжээ гэж илүүц тайлбар бичих хэрэггүй санагдсан.
Яагаад гэхээр үзэгч этгээд л хоорондоо зохицож байгаа алин болхыг мэргэн ухаандаа тунгаан таашааж сэтгэлийн цэнгэл эдлэх нь зүйд нийцэх бусуу.Аан нээрээ Архангайн Эрдэнэ-мандалын Баасансүрэн гэж сүрхий шүлэгтэй сэтгэлтэй залуу бидний хэдэн “андерграунд”чуудтай үлэмж дотносч ганц юм гайтуулж өгөөд явсан.Араас чинь сайныг ерөөгөөд үлдсэн Аливаа үйлс нь саадгүй бүтэж байх болтугай.Энэ мэтийг хоёронтой цэгнээд галлерейгаас гартал.Цасан бударч ...ингэж бодсон...Байгалийг байнга шинээр хүртэн хүлээн авч тэрбээрийн үл үзэгдэхүйн маш нарийн ая данг яг одоо мэдрэхсэн гэж....


                                                                                     

Monday, March 14, 2011

 Уран бүтээлч бүх андууддаа зориулав.
                                                    А.Урантогос

                             Бид биенээ амьд явахад нь тусалдаг

                 
                                 
                                 Бид бол бид
                                 Бид л мэддэг бид
                                 Биенээ барааддаг бид
                                 Биднээс өөр хэн ч
                                 Бид биш бид
                                 Биенээ хамгаас хайрладаг бид
                                 Биенээ хэмхчин хаядаг бид
                                 Бид бол бид
                                 Байлгахгүй ч
                                 Байдаг л бид
                                 Биднийг
                                 Бид л дахин төрүүлж
                                 Дахин төрөхөөр явахад нь
                                 Даруухан баяр үйлддэг
                                 Бид бол
                                 Биднээс ч илүү
                                 Бие биенийхээ
                                 Хүүхдүүд

Тогосоогийн маань энэ шүлэг дурсамж дурдатгалын зуныг сэрээж,хөнгөн санаашрал тээсэн хонгор намарын өдөрүүдын гэгэлзээн,жавар цан хүүрнүүлсэн өвлын гэрэлт өдрүүдийн минь дуулалыг эдүүгээх хаварын эгшигт цагаар үлэмж бодуулахын уянгатай ажээ.Нэг тийм бадрангуйн дууллыг сэрээх мэт бодогдоно.
Цаг хугацаа хурдан өнгөрөн одож буй юм шүү.Эсвээс бид цаг хугацааны дэргэдүүр тийм хурдан өнгөрч одоод байна уу.Аль нь ч байлаа гэсэн бид үнэн ч сэтгэл зүрх анд нөхөдын эрхэм үерхэлээ дээдэлж нэгнээ чимсээр явдаг.
”Ямагт биднийг уулзуулдаг” яруу найраг л бидний нөхөрлөлийн гэрч билээ.Эртний нийслэл Хархорумаас Есөө,хутагт хувилгаадын өлгий Завханаас Аюуш.
 Увсын цэнхэр хязгаараас Баяраа.Нанжид хоёр маань.
Хөвсгөл их далайгаас Нямдорж.Дорны уудам говиос Тогос найрагч.
Төв дэлгэр нутгаас Оргил.Баатар хотоос Ууганаа.
Алтайн их уулсаас Хүрлээ маань говь хангай хосолсон үзэсгэлэнт Хонгор нутаг тэндээс Бэгтэр
Төөлвөл бие тоолвол нас чацуу улсалдаа бид. Нэгэн үеийнхэн болж одоо цөм л өөр өөрийн гэсэн яруу найргийг бүтээж хэлэх үг хийсэн, хийх юмтай гэдгээ харуулж чаддаг болжээ.
Эдний маань бүтээн туурьвсан ном бүтээл монголын яруу найрагт тод томруун давалгаа үүсгэж,өөр сэтгэлгээний яруу найргыг бүтээж байна.
Эднээрээ би ямагт бахархаж явдаг.Хонгор залуу насныхаа гэрэлт өдөрүүдийн дууг хамтдаа дуулах л бид.... анхил танхил сэтгэлийн тэнхээгүй  залуу нас минь гэрэлт  өдөрүүд минь. Хавар шиг тийм ялгуун...Сайхаан сайхан
          
                                                                                              Мөнх хас Н.Бэгтэр
                                                                                                                                 

Saturday, March 12, 2011

Бүтээгч сэтгэхүй мэдрэхүйгээр илрэн гарахдаа анхдагч санаа буюу “идейг”-ээс эхэлдэг.Бүтээл ч маань хязгааргүй өргөн талыг хараад жишээ нь зураач хүн харааны хүртэхүйн эцэс хүртэлх тэрхүү их орон зайг мэдэрч зурахдаа ,яруу найрагч тэр их өргөн талыг уран яруу үгсээр зураглан хэлэхдээ ч,хөгжимчин тэрхүү талын цэлгэр уудамыг хөгжмын хэлэнд буулгахдаа ч өөр өөрийн мэдрэмжээр бүтээх шүү дээ.
Эд цөм л бүтээгчид төрөх анхны сэрэл сэргэгдлээс  улбаалан цааш батжиж уран бүтээл,бүтээлийн хувь заяаг олж улмаар урлагын бүтээл болдог.Гэхдээ жинхэнэ урлагын бүтээл л жинхэнэ урлагын үнэ цэнийг хадгалсаар байдаг билээ.

Friday, March 11, 2011




Чи зураач байя гэж байгаа бол эхлээд испани хүн бай.
                                                                                Сальвадор Дали
Чи жинхэнэ зураач байя гэж байгаа бол эхлээд дэлхийг эзэгнэж явсан монгол хүн бай.
                                                                               Мөнх хас Н. Бэгтэр

                                                                  1

Аливаа шинжлэх ухаанд олон урсгал байдаг.Цаг үе нь нь эдгээрээс өөрөө сонголт хийдэг.
Дүрслэх урлаг хэрхэн үүссэн тухай олон онол урсгал чиглэл байдгын нэг нь “реализм” буюу бодьтойг шүтэхүй юм.Бодьтойг шүтэхүйг эсэргүүцдэг олон урсгал байдаг.
Тухайн судлал,янз бүрийн оюун ухааны хэлбэрийг судалж байж өөрт хамгийн зөв гэсэн онолыг сонгож авдаг.
Үүн дээр өөрийн санааг нэмж боловсронгуй болгон хөгжүүлж өөрийн гэсэн арга барил онолыг бий болгох хэрэгтэй мэт санагдана.
Зөвхөн өрнө дорны шинжлэх ухаан төдийгүй эртний Египет,Малия омгийн гэх мэт эртний язгуур шинжлэх ухааны хэллэгүүд зэрэгцэн оршиж байдаг шиг.
 ”Орчлон ертөнцийн гоё сайхны толь”хэмээгддэг уран зураг нь бүтээхүйн зүй тогтол урлал зүйн өөрийн гэсэн хэлтэй юм.
                                        

                                                                                               Үргэлжлэл бий......

Thursday, March 10, 2011

Винсент Ван Гог  
                                                        (1853-1890)

/ Одот шөнө Сен Реми 1889 /
Уран зураг гэдэг өгүүлж баршгүй сайхан зүйл эгээтэй л нарны гэрэл бүгдийг нэвтлэн тусдагтай адил гэрэл гэгээг уран зургаас харж мэдэрч болно.
                                                                                  Н.Б

Постимпрессионизм урсгал чиглэл нь уран зурагт үзэгдэх хэлбэр өнгө сүүдрийн гүн дэх зүй тогтоцод нэвтэрч ,аливаа юмсын бүхэллэг материаллаг шинжийг дотоод мөн чанартай нь уясуулан харуулхад илүүтэй чиглэсэн уран зургийн хүчтэй урсгал чиглэлийн нэг гэж ойлгож болно.
Энэ чиглэлийн зураачдын бүтээлүүд энгийн болхидуу дүрслэлтэй мэт харагдавч хурц тод бичилт баялаг өнгө дүрсийн наана цаадах харьцаа, орон зайн төгс зохицлоор хэлбэрийг нягтаршуулж юмсын энгийн чанарыг хөдөлгөөнтэй сэтгэлийн чанарлуу хөтөлж аваачдагаараа үнэ цэнээр хосгүй юм.
Үүгээр л Ван Гогийн уран зургын филсофи сэтгэлгээ илэрхийлэгдэх боловуу гэж санана.
Зураачын өвөрмөц бичилтүүд ертөнцийг үзэх үзэл сэтгэлгээний цар хүрээ нь  зотонд буухдаа хүн төрлөхтний урлагийн түүхэнд том асуулт үлдээсэн юм.
Ван  Гогийн бүтээлүүд юугаараа анхаарал татдаг болохыг анзаархад орчин тойрондоо хандсан тухайн агшны мэдрэмж сэтгэлийн хөдөлгөөнөө бийрийн хурц тод бичилт өнгө будгын гайхамшигт цогцолбороор харуулж чадсандаа буй юм.
 Дор түүний “Одот шөнө”хэмээх алдарт бүтээлийн талаар ярилцая зургийн зохиомжыг яг таны нүүрэн дээр нүдний чинь өмнө байгаа юм шигээр авчээ.гэвч энэ нь зураачын яльгүй хууралт юм.
Учир нь зураг өөрөө таны сонирхлыг өөрийн эрхгүй илт татхаар байгааг анзаараарай.Энэ л зураачын уран санаа үзэгчийг татах гэсний илрэл юм.
Гэвч энэ зурагт ямар их орон зай агаар алслалт байна гээч зураач зургын хавтгайд одот тэнгэрийг илүүтэй авч одод ба сар үүлсийг тод томруунаар дүрсэлж гэрлийн урсгалыг цаад орон зайруу нь уусгах маягаар бичилт хийсэн нь үнэхээр гэрэл сүүдэрийн  гайхамшгийг илтгэж чаджээ.
Сансар огторгуй хичнээн уужим газар дэлхий хичнээн уудам болох хоорондын шүтэлцээг гэрлийн урсгалийн чуулбараар үнэхээр гайхалтай өгүүлнэ.
Хотын цаадах уулсын орой дээр сүүдэр буусан нь цаад орон зайг уламч холтгоно.
Уулсын наад энгэрлүү туссан сарны бүдэг гэрэл уулын бэлээр ургасан моддын оройгоогоор дамжин уламч тодроод ирж буй нь барилга байшингийн гэрэлтэй сүлэлдэн шөнийн хотын байгалийг чимээд өгч байна.
Наана бараантан сүглийх сүрлэг мод бүүр наашаах орон зай хичнээн их байгааг харуулна.Маш гоёмсог шөнийн эрхэсүүд гэгээ гэрлээ цацруулсаар одоохон  бүчээд авах мэт сэтгэгдлийг төрүүлэх болно.
                                    
                                                        Мөнх хас Н.Бэгтэр

Wednesday, March 9, 2011

                                   Байгалийн инээмсэглэл

О.А-д       


Ер бусын инээдэтсэн. Юутай ч зүйрлэх цэцэгсийн ялдам анхилуун нь илт сэтгэл татам увьдаст нь байдаг даа.

Тэрний минь оршин буйн цор ганц тэр л цэгээс гайхамшигт гэгээн уянгалаг хөгжмийн шидэт аялгуу намайг хаа явсан газар бүчин авч  эгшиглэн, сонсох чих, харах нүд мэдрэх зүрхний эмзэг утсыг хөндүүрлүүлсээр агч тэр нэг хүслэнгийн минь хайрыг дуурьсуулсаар байх юм.
 Инээхэд чинь уруул дээр нь уруул нүдэн дээр чинь нүд зурж өгдөгсөн.Уйлахад тань асгарсан нулимас зүрхэн дундуур урсаж хамаг биеийнхээ эд эс бүхнээрээ гэмшил харууслийн өмнө сөхөр унах..би

.Аялгуулан дуулсаар байх дуугаа гагцхүү яг одоо л эхэл....Амжих л хэрэгтэй....Аялгуулан дуулсаар л бай...гэж өөртөө хэлэх бүрт чиний зүгээс  ирэх эгшигт аяз мананг нэвтлэх солонго мэтээ.
Сормуусаа дэвхэд чинь унасан цас анир гүмийн их тайтгарал юм.Нүд чинь сарны болор будраанд цахилсан хоёр хар од юм.Чиний гэх бүх юм найрсан оршихын тулд гоо үзэгсэлэн гэгч  тийм ихээр үнэ цэнэтэй байгаа юм.
Чи бол байгалийн инээмсэглэл......Байгаль инээмсэглэж байна.
                                                                                    
                                                                                                Мөнх хас Н.Бэгтэр