Tuesday, September 20, 2011

                                                                                            


Amedeo Modigliani

                                                                   (1884-1920)               "Жанны хөрөг"
                                                           

                                                                  Моди

Моди чамайг би ойлгосоон, тэгээд хүн ч чанар хүн ч сэтгэлийг тань таньмуу. Чи энхрийхэн амрагаа зурж байхдаа ямархан гэгээн совинг мэдэрч байсныг чиний бийрийн мөрөөр ямар их уярал баясал халуун сэтгэл гүйж байсныг би мэдэрсээн.
Чи дүрс хөөсөн тэнүүлчин бус тэр тэнүүлчдыг барьж иддэг бар цуглуулж  суудаг цуутан байлаа Моди чи.
Чиний давтагдашгүй хэлбэр бол бэлэг тэмдэг бэлэг тэмдэгт хүрсэний бэлэг тэмдэг байлаа чи тийм төгс хэлбэрийг олсон Моди чиний бүтээсэн хөргүүд чиний замнасан зураачын зам.
Гол нь чиний эрсэн гоо үзэсгэлэн чиний бүтээсэн гоо үзэсгэлэн чиний үлдээсэн гоо үзэсгэлэн чамтай амьдарсан чамтай алдуурч одсон гоо үзэсгэлэнг Моди чи хүн төрлөхтний маргаашд үлдээсэн амуй.
Чи мөнх зураач хүн төрөлтны агуу хөвгүүн чамайг ойлгосон нь их цөөхөндөө чамайг олсон нь цөөхөн.Чиний бүтээсэн бие шалтагтай амрагын чинь хөргийг харах бүртээ би дотроо уйлдаг би чамайг бишэрдэг Моди чи яаж тийм гэгээн хөрөг бүтээсэн юм бэ тэр хөргөөс  хөгжим эгшигэлдэг юм.Тэр хөгжим цэнхэр өнгөтэйг  ч би хардаг юмаа Моди.
Амь халуун лугших бүсгүйн хэвлий дэх үр нь хөдлөх шиг санагддаг.Үрээ сэтгэлдээ энхрийлэн байх  тэр  эхийн харцийг ээ бурхан минь.Чи өөрийн хэлбэрийн үнэн төрхийг олж харангуут үхэл отож байх.Гол нь чи ялсаан Моди чи гарцаагүй хэлбэрийнхээ давтагдашгүйг бүтээж чадсан цөөн зураачдын нэг мөөн.Цөөн учраас мөнхөрхүйн увьдаст болюу агуу их Модеилная 
Уушийн газарын хамгийн мухарт чиний төлөө хундага өргөн сууна чиний цор ганц хэлбэрийн төлөө чиний агуу ихийн төлөө...Урт хүзүүт бүсгүй минь ахиад зууг өгөөч... Би чамайг одоохон зураатхая.Дарс хундагалаач минь.



                                                                                       Мөнх хас Н.Бэгтэр

Sunday, September 18, 2011

                                                       Алтантуяа
                                                             
                                                            1.

 Дүрст лагшнаа махан бодийн ахуу хүлээснээс  чөлөөлж оюун сэтгэлэгийн ахууд шүтэх нэгэн зураач хотын захад төдий л аж ахуй ч бусаар төвхнүүлсэн хээнцэр бус урландаа өөрийн нь хөрөнгө зөөр болох будаг бийр,бийрийн эвлүүр, зотон даавуу,нийлүүр,үлдэл будгын шаар шавах сав,будаг шингэлэх бодис, хуйлаатай даавуу,энэ тэнд хөглөрөх цаас, хөнгөн таталган зурсан үүдэл санаан дүрс бүхий таталбар зургууд, тосон усан төрөл бүрийн урлангын бүтээл, хана адарт нь өлгөөтэй байх хөнгөн тоногт хүрээ рам жаазнаас, за даа өөр өв зөөрөөр барагтай бөгөөд  түүндээ ч сэтгэл ханамжтай туурвин суух бүлгээ.
Санаваас мэргэн хүн аж төрөхүйн ёс горимоо хоёр хязгаар лүгээ хагацсанд  тогтоон барьж илүүгүй дутуугүй нөхөцлийг үүтгэн сэтгэлийн таалалт орчинд бүтээн тууривах гэдэг нь ер санаандгүй хэрэг бус бүтээхүйн нарийн зохицлогот урлахуйн цардуулаа бат нут байлгах гэсэндээ тэр амой.Тэр ёсоор суунам билээ сайх зураач.Чингээд ертөнцийн хүмүүсийн үйл мэтсэд заримдаа ихэд гутах авч сэтгэл юугаа  зогоож тэтгэх учрыг нарийн ухаант мэргэдийн ном судар  үйл хэргээс олж харан сэтгэлээ төвшитгөн засах нь даан ч бахтай сан санж.                                                                          
                                                               2.

Алив юмсын дүүрэн утгад нэвтэрсэн туйлын эрдэм гүн, онч суртаалт цаг хугацаа хэмээгчтэй, зураач  урландаа хүүрнэлдэх нь салхивчын зайцаар исгэрэн саринажихуй ийн хэлцэх:
-Урлаг нийтийн үзмэр байж болдоггүйд л ихээхэн учир жанцан буй юм.Хэрэв тиймгүйсэн бол хохимой толгойтон бүхэн өөрийн таалалд нийцүүлэн урлагийн бүтээлийг үнэгүйдүүлж орхихсон.
-Урлаг үнэтэй  үнэ цэнэ нь хосгүй байдаг, хосгүй байхыг шаарддаг учраас цөөн хүн бүтээж тэр хэрээр нийтийн таашаалаас ангид хол байдаг юм. Зүйрлэн хэлвээс үнэний зорилгод илэрхий ерөндөг бологч худал хуурмагыг хэр мадагтай эсэхийг тунгаан шүүхтэй төст юм. Нутлагдсан худал хуурмаг гэдэг нутлагдсан үнэний л сүүдэр байх шүү дээ,өөрөөр байх учиргүй нь мадаггүй үнэнийг эрхэмлэх шалтгааныг үүтгэж байгаа хэрэг.
-Нийтийн таашаал урлагийн их зорилгод нийцдэг нийцдэггүйн учир энэ мэт ажуу .Тийн урлаг  ч бас туйлийн шаардлагаас ангид байж үл болох билээ.Туйлын гоо сайхнаас ангид байж үл болох ажаам.Үүнийг батлан өгүүлэх гэхээ яаран түвдсэнгүй билээ.
Хэмээн нэн ултай бодол саналагын улмаас ухаан сийлэн өгүүлэх зураачын өчлийн дагууд:
Cэтгэлийн уртай цаг хугацаа бээр:Орчлон ертөнцийн төгөлдөржөөгүйн тухайтад сэтгэлэг жаал гутуу байх авч бас чиг энэ талаар  санаа бага чилээхээ мэддэгээ, баахан бухимдуу өчихийн сацууд:
-Бөмбөрцөгийн зүйг зэрвэс толидоход алив хөнөөлт амьтан өөр нэг хөнөөлт амьтандаа төрөлссөн дөмөг тушаа болсон дүрэм дэг тотоон боорлох ичгүүр сонжуургүйн замаар замнах юм даа.
Гүй ээ тэгээд адилгүйн адил төсгүйн төст бөмбөрцөг болмуй энэ одоо.Тэгж ухах нь зөвийн буруу,буруун зөв ч биз.
-Тийм биш гэх болбоос мөн юуны лаа ариун явдалын тухай шүүн ярих шалтгаан үүдлээ гэж мэтгэцгээх билээ дээ одоо чухам.Гэхнээ хором зуур санаашран цэгнээд,зураачын урлаж буй хөрөг зүг ширтэнгээ:
-Урлаг ариун байх учиртай, ариун үнэн гоо сайхны туйлыг урлаг хүмүүнд харуулах түүгээр дамжуулан ухамсарт хүмүүнийг бурханлаг оршихуйд хөтлөн аваачих гүүр байх ёстой.
-Өөрийн гүн ухаанаас өөр бурхан бүтээгч хүмүүнд байдаггүй юм.
-Урлаг дахь цорын ганц аврал гарц энэ.Түүнд хүрэх бүтээгчийн мөрт зам өөрийн оюун бодлыг заран хүрэх тэр сац гэрэлт бүтээл тууривах явдал юм.
-Гэрэл гэгээнд тэмүүлэх хүний төрмөл хүслийн жигүүр урлагаар дамжин сөдлөх бөлгөө хэмээжихүй.
Тэдбээр дүрслэхүй ба хийсвэрлэхүйн ухаан зохиролт тавилантын ухаан гэх  мэт гүн сэтгэлэгт сэдвээр  уран үгээ уудлан зүүргүй үгээ зүүн саналага юугаа мэдэлцсэний хойно.
Зураач бээр асууруун,цаг хугацаа үгийн хариуд өчсөн нь:       
         -Уран зурагт тиг гортиг гэж бийсэн боловуу?
         -Бий нэг дүрсээс нөгөөд хүрэх аргыг заасан зам юм.
         -Арга гэж юу вэ?
         -Нууцыг бүтээх хэлбэрийн ил буй хэлбэр
        -Аргыг яаж бүтээх түүнээ ил ч бус далд ч бус үзүүлж  болох зүй тогтол байна уу ?
        -Эрсэн санааг тодорхой дүрст онох, оносноо өөр нэг санаанд нуух,саях нуусан санаагаа мөн саях оносон дүрстээ нуухыг хэлэх ажаам.
        -Ахуй ертөнцийн тэргүүн бөлөгт тэмдэглэгдэн үлдсэн бүтээлүүд чухам ийм замаар бүтээгдсэндээ л үнэ цэнээр хосгүй байдаг юмдаа.
       -Оюуны хараа гэж юуг хэлнэм бэ?
       -Өөрийн гүн ухаанаа уудлан харахуй юм.Ухаа нь дүрслэн бодсоны эв зүй олдох цэг түүнээс төрөгдсөн оюун мандалын их орон зайд төлжсөн хий ухвар саналга сэтгэлийн тарчлаанаас бүтэн бүрэлдсэнийг  харж сурах урлаг гэвээ.    
       -Өнгө найрсахуйн тухай юу үгүүлнэм билээ?
       - Солонго,солонго татах агшин...
       -Гоо сайхан...?
       -Тэрхүү солонго адил агшин зуурын гоо үзэсгэлэнг...
Ийн өгүүлэхийг зураач нэгэнтэйгүүр гайхан нөгөөтэйгүүр бишрэн сонсов.
Чингэн зураач, аливааг танин цэлмээгээд  ариг суухын оршоолд бататжсан цаг хугацаатай хүүрнэлдэжихүй.
Зурж буй бүсгүйн хөргийн өмнө нэгэнтэй шийдвэртэй очин бүсгүйн царайд  солонго татах мэт тод найрсалт өнгөөр  уран бийрийг хөшжихүй...Бүсгүй инээмсэглэж  байлаа.Тэрхүү солонго адил агшин зуурын гоо үзэсгэлэн...
                                                                
                                                            3.

Гоо сайхан бол бэлэг тэмдэг түүнийг байгаль бүтээх бүлгөө.Байгалийн бэлэг тэмдэгийг олж харж мэдэрсэн гоц гойд билгийн нүдтэн бүтээгч хүмүүн бас тэрхүү гоо сайхныг урлан тууривах буюу.Тийм их гоо үзэмж ховор,ховорын тулд олох хэцүү ,хэцүү учраас алдах гээхийн шаналан бүр ч бэрх,бэрх болоод эрэхийн эрэл мухар.
Ай алив бүхнээс чамайг эрмүй би.Хэмээн зураач өнөөх хөрөгийн өмнүүр татсан хөшгийг нээжихүй...                                                                          
                                                               4.

Гол зурмаар шаналант минь, цэцэгсийн гэгээ адил хиргүй тунгалаг  үзэмжит гэрэлт  амуй чи, өнгө дуртмал үзэсгэлэн төгөлдөр билээ чи,ээлт наран чам дээр л хамгийн тодоор туснам зээ Алтантуяа,ус нэгэн агшинд урсах лугаа шинж дүрэмдэн долгиотох гэлмэгт хар үснэрээ анхилжихуйд сэтгэлийн сэвийг дарах мансуурам шидтэй ажгуу, чиний гантиг лүгээ гүймэг ягаан туяат анхилхан цагаан уран цээжний үнэрс, түүнээ зохицлын дээдийг илтгэн товойх бумбын хясаан дээрх усан үзэмүй голт болохын өнгөт эрдэнийн хоёр товчит бүлгээ чи, байгаль эхийн эгнэшгүй санаа энгүй тууривал,сац бишрэл төрөгдөх тод  хоёр нүд цээжнээс тань намайг ширтэхийг үзнэм билээ би,салхины бүжиг торгон элснээ хөлбөржихүйн илбэ,тэнгэрийн гүн цээлийн уудам,далайн төв мэт ер буй бүхний эрчист шидэт тарнийн зурлага буюу чиний хүйсийн дугираг, оршин буйн үнэн чанарт минь нэгээхэн гялбаа болжихуй зүйргүй мишээлтсэн чи,яруу дуурсгалт аялгууг соёрхох чин үгээ мэргэн бодол саналалгад зохируулан тун чиг цогтой хэлээр үнэн үг үгүүлдэгсэн чи,тийм бөгөөтөл гүнзгий бодох сэдлийг надад өдөөн өгөхийг би хишиг хүртэхүйн хувиар оршоон тунгаасан минь төдий олонгүй байсан минь одоо төдий их халаглалыг үгтээх аж мунхаг ухаан сэтгэлэгт минь,чухам тэр учраас ертөмцийн явдалын наана цаадтайг ухах болюу би,чухамхүү тэр л учраас ертөмцийн өнгө зохицлын нарийн ухаанд гүнзгий автагдахын баяр баяслыг эдэлнэм билээ би,байгаль эхийн уран гоо туурвил минь.


                                                                                                     Мөнх хас Н.Бэгтэр

Saturday, September 10, 2011

Аяа, хохой сайны сүүдэр үлэмж багахан тусах энэхүү ертөмций дээр чин шударгуу явна гэдэг угын углуураггүй явдал мэт санагдах хар шидлийн бодол төрөгдөх юм.
Боогийн суртаалд нэн автаж түүнээ төрөгдсөн үйлийн үр байгаадаа гэж сэтгэх энэ эр, энэ эрийн хуйх.
Арван таван жилийнхээ ойн дээр...Ээ эрх чөлөө одоо чамайг жинхэнэ ёсоор эдлэх юм хуна... амандаа бувтнангаа...
Засангийн хаалгыг нэг л авзаатай хаахтай зэрэг нохойд чонын ходоод зохидоггүй л юмдаа гэж өөртөөч үү аль эсвээс үхэнгэ гөлрөнгө нүдтэй үдэгч хуягтч уу нэмэн хэлж орхив.








                                                                                                  үргэлжлэнэ...

Thursday, May 19, 2011

Шүлгүүд

                                

                                   

                                                       Боржигон Г.Оргилболд





                                       Монгол орон


                 Жижигхэн хөлөөрөө надаас явсан чиний минь
                 Жингэнэх аялгуу ийм хүнд агаар,бүрхэг тэнгэрээс
                 Итгэхийн аргагүй тодоор сонсогдоход
                 Чимээ аниргүй харанхуй буландаа
                 Чихээ бөглөн,нүдээ аниж амар амгалан суугаад
                 Итгэхийн аргагүй энэ их гэрэл гэгээнээс ангижранам.
                 Чи минь ч удахгүй ийм харанхуйд сэрнэ.
                 Эргэн тойрны цаг хугацаа түүнд оршигч хүмүүс л
                 Инээмсэглэх хүчийг чамд өгөх хүнлэг сэтгэлтэй юм.
                 Хүйтэн хөндий хот шиг үзэсгэлэнт амьдралыг үзэн ядах
                 Хүсэл зориг чамд ганцаардлаас илүү хэрэгтэй.
                 Гэм нүгэл,ой гутмаар хараан зүхүүлэх эрхийг
                 Гэрэл гэгээнд ч ялгаагүй цаг үе минь олгох болно.
                 Цээрлэл хүлээх ёстой үзэсгэлэнт минь
                 Жижигхэн хөлөөрөө надаас явсан хонгор минь
                 Чи минь ч удахгүй ийм харанхуйд сэрээд
                 Чихээ бөглөн,нүдээ анихыг тэсгэлгүй ихээр хүснэ.
                 Гэвч чи минь яг надад итгэдэг шигээ амьдралд итгээд
                 Амсхийх завгүй амьдарсаар л байх болно.
                 Аргаа барахдаа бусад шиг л амьдрах болно.
                 Алдаж хагалаагүй хундагаа дахин дүүргээд барих
                 Аймшигт хүнлэг сэтгэл бидний эргэн тойронд байна.
                 Амраг минь яг над шиг харамсах хэрэггүй
                 Амьдрал гэдэг итгэл биш,цөхрөл ч биш
                 Амьдарч буй цаг хугацаагаа яллах эрхийг
                 Аймшигтай нь чи бидэнд хэзээ ч олгохгүй


                                                                                                        2011.05.05
                                                                                                   
                                                                                                       Улаанбаатар 



                                              "Нисванис"

                                                             Эндэхийн амьдрал зүүд юм.
                                                             Эргээд түүнийг хэн ч санахгүй.
                                                                                            -Нисванис-


           
                 Үдшийн цагт зочид буудлын зэргэлдээ тагтан дээр
                 Үүрэглэх муурын гийгнаа харийн хотын нарийхан гудамжны
                 Уйтгартай,эль хульхан нам гүмийг
                 Улам л ядаргаатай болгохыг сонсож суухад
                 Эсрэг гудамжны архины мухлагын дэлгээтэй цонхоор түгэх
                 Эрчүүдийн увайгүй араншин сэтгэл татнам.


                 Бурханы гараар бус өөрсдийнхөө гараар бүтээсэн диваажинд
                 Бухимдахдаа тэд гитараа бариад ингэж дуулжээ
                 Танилц.Тэр диваажинг Амьдрал гэдэг юм
                 Амьдралыг аль болох бага ойлгох хэрэгтэй.
                 Аз жаргал гэдэг сохор эмгэнээс ялгаагүй.


                 Асаасан янжуурын минь утаан дунд суунаглан хийсэх
                 Амьдралынхаа агшин бүрийн араас ширтэн зогсоход
                 Хаа нэгтээгээс урсан ирэх цаг хугацааны хаалга үүдээр
                 Хавар санаа алдан орж ирээд
                 Монос дэлгэрэх төв цэцэрлэгийн төмөр хашааны оройд
                 Морин тэрэгчний аялах дууны ая шиг сүүмийн суунам


                Бурханы гараар бус өөрсдийнхөө гараар бүтээсэн диваажинд
                Бухимдахдаа тэд гитараа бариад ингэж дуулжээ.
                Танилц.Тэр диваажинг Амьдрал гэдэг юм.
                Амьдралыг аль болох бага ойлгох хэрэгтэй
                Аз жаргал гэдэг сохор эмгэнээс ялгаагүй.



                                                                                             2011.03.28- 05.11

Friday, May 13, 2011

Далий сэтгэгч Дали



ХХ зууны тэргүүн онуудад үүссэн хийсвэр урлагын тухай ойлголт хэллэг илэрхийллийн онцгой нэршил нь Сюрреализмд хамаатах юм. Зүүдний урлагч гэх,бөгөөд өрнийн дүрслэх урлаг,уран зохиол кино тайз жүжигт хөгжиж ирсэн билээ.

Сюрреализмын гол утга санаа нь юмсыг этгээд дүрслэл үзэгдэлээр бодит бус нууцлаг далд онжид үзүүлэхийг зорьсон урлаг гэж ойлгодог.Нэрийн утгын хувьд "зүүд бодит байдал хоёрын хоорондох зайг нөхөх" гэсэн утга гарч ирдэг байна.Ер нь бол бодит юмсын далд зүй тогтлыг гайхалтай харуулах явдал л сюрреалчуудын гол онцлог гээд ойлгочих нь өөрөө үнэнээс зөрөх учиргүй юм.

”Бодит юмсын гадна талыг нь хуулхад цаана нь харагдах үнэн байдлыг сюрреалистууд үзүүлдэг”Ю.Борев гэсэн нь ончтой үг аж.Сюрреалист сэтгэлгээний урлаг уран зурагт үлэмж хөгжиж тусдаа судлагдахуун болсон нь өөрөө түгээмэл ойлголт болжээ.Энэ мэт урлагын нэр томъёо холбоо хамаатал зэрэгт машид ялгамжтай хандаж ялгаа заагыг нь гаргаж байх нь зөв зүйтэйг дурдах илүүц биз.

ХIХ-ХХ зааг үе,ХХ эхэн үеэс хойш өрнө дахины,уран зураг,уран барилга зэрэг урлагын бүх төрөлд хэвшмэл ойлголт нэг загвараас татгалзсан хийсвэр хэлбэр дүрсийн огт өөр өгүүлэмжтэй бүтээлүүд олноор төрөх болсон нь тухайн цаг үеийн үзэл санаанд нийцэж оюун ухааны хязгааргүй боломж хийсвэрлэл задгай эрх чөлөөг эрэлхийлэх болсон урлагын ертөнцөд онцгой үнэт зүйл болон үлдэж байсан хэрэг.

Чухам энэ л үеэс өөрөөр хэлвэл сюрреалист хийсвэрлэх урлагын нөлөө хүчтэй болж ирснээр уран барилгад тусгалаа олж тодорхой үр дүнд хүрч эхэлсэн байна.Нэг ёсондоо хүмүүс урлагыг амьдралдаа илүү ойртуулж хүлээн авч эхэлж шүү дээ.Ялангуяа уран зургын хувьд сюрреализм нь огт өөр шинэ содон зүйл байлаа.

Сюрреализмыг Дж.Крико,М.Эрност,Г.Грос нар энэ чиглэлийг хөгжүүлж Саливадор Дали ,П.Дельво,Самуэл Бак нар улам баяжуулж зохиомж шийдлыг онц сонирхолтой болгосон байдаг юм.Сюрреалистуудын уран зурагт бодит байдалд оршин байх үндэсгүй хачин үзэгдэл юмсыг дүрслэн үзүүлдэгээрээ онцгой юм.Огт санаанд төрөмгүй, байж боломгүй зүйлсыг хооронд нь хэлхэн ер бусын зохиомжын зохицлоор өвөрмөц бүтээлүүд тууривсан билээ.

Хийсвэр урлаг нь юмсын зүй тогтлыг бодитоор харуулхаас татгалзсан ч бодит зүйлийг хослуулан дүрслэхээс татгалзаагүй урлаг бас мөн болно.Хэмээн энэ хэсгийг дурдаж дуусгалаа.




                                              "Анар жимсийг тойрон эргэх зөгийны зүүд"
                                                                                         
                                                                                               сэрэх агшин 1944 он


 
Испаны суут хөвгүүн далий сэтгэгч  Дали бол үнэхээр гайхамшигтай зураач билээ.Сюрреализмыг жинхэнэ утгаар харуулж чадсан гавъяа нь түүнийг ертөнцын сор болсон суутнуудын нэг болгосон юм.Түүний бүтээлүүдээс шууд ойлгогдох үйл явдал,дүрслэл харагддаггүй юм.

Зөвхөн зүүдэндээ л харж болох хачин жигтэй зүйлсын өрнөлийг харж болно.Гайхамшиг нь энэ юмдаа.

Зураачын зөн совин цаглашгүй сэтгэлгээг илэрхийлсэн алдарт бүтээлүүдын нэг  энэ юм.Өөрөө их өвөрмөц зан чанартай хүн байсан гэдэг.Тэр нь ч бүтээлүүдээс нь тод мэдрэгддэг.

Түүнийг энэ бүх зүйлийг туурвин үлдээхэд их үүрэг гүйцэтгэсэн хүн бол эхнэр Гала нь байжээ.Гала нэрт бүсгүйд үнэн голоосоо дурласан нь тэрбээрийг олон гайхалтай бүтээл хийх урам зориг эрч хүчийг нь бадрааж өгсөн байна.

Олон бүтээлдээ эхнэрээ зурсан байдгын нэг нь энэ болой.Унтаж буй нүцгэн эмэгтэй зургын гол зохиомжийг эзэлж байна.

Цаг хугацаанаас хэсэглэн авсан мэт нууцлаг бүтээл. Унтаж буй бүсгүй зүүдэлж байгаа нь мэдэгдээд байдаг юм.Зураач маань зүүдийг нь харж байгаад бүтээчихсэн юм шиг тийм сэтгэгдэл төрхөөр байгаа юм.

Үнэхээр хачин зөгын үүрнээс загас гарч ирж байна.Загасны амнаас бар барын амнаас ахиад бар тэгээд сайхь барын амнаас буу гарч ирээд бүсгүйн дээр тусч байна.Цаагуур нь зүүд нойрны хүнд нойрмог шинжийг харуулах мэт нүсэр том заан явж өнгөрч байгаа нь уг бүтээлийн нууц далд өгүүлэмж гэлтэй.

Цаглашгүй хийсвэр сэтгэлгээг далд ухамсрын дүрээр үзүүлсэн энэ бүтээлийг өөрөө өөрийнхөөрөө л ойлгох хэрэгтэй.

Ер нь хийсвэр урлагын онцлог нь өөрийнхөөрөө ойлгож мэдэрдэгт байдаг шүү дээ.”Ид шидийн ойлголтыг ойлгосон цагт л сюрреализмыг ойлгох болно” гэж,Фройд айлдлуу,Дали өгүүллүү ,Бэгтэр өчлүү,хэмээсныг энд ирээд гүйцээн дурдаж дуусгалаа.Мохол мушгилгүй болов.

                                                                              Мөнх хас Н.Бэгтэр

Tuesday, May 10, 2011

К.Монег бэдэрхүү


                                  

 Хүн төрлөхтний урлагын түүхэнд асар их тэсрэлт болсон дэвшилтэт зуун бол ХIХ билээ.Зөвхөн урлаг төдийгүй шинжлэх ухааны гайхам нээлтүүд хийгдэж,нийгэм улс төрийн өөрчлөлт,ер бүхий л зүйлд шинэчлэлийн салхи сэвэлзэж эхэлсэн байна.Энэ зуунд хуучин дэглэмийг нурааж,улмаар тэгш эрх, эрх чөлөөний төлөө эвсэн нэгдэж шинэ нийгэм байгуулахын төлөөх тэмцэл хаа сайгүй өрнөсөн юм.

Ерөөс хувь хүний аливаад хандах хандлагыг л чөлөөтэй болгож өгсөн нь гол ололт бөгөөд, энэ нь тухайн үеийн урлагын ертөнцөд үгүйлэгдэж байсан орон зай шинийг эрэлхийлэх болсон уран бүтээлчдэд хувь үзэл бодлоо илэрхийлж гаргахад гол түлхэц болсон нь мэдээж.

Чухамхүү эндээс сая урлагыг шинэчлэх гэсэн оролдлого чөлөөт сэтгэлгээ эрэл хайгуулаас үүдэн гарч ирсэн шинэ содон урсгал чиглэл, сэдэл санаа,арга барил,онц сонирхолтой тууривал зүйн баялаг ололтуудаар дүүрэн олон шинэлэг хандлагууд бий болжээ гэж ойлгох байна.

Ялангуяа  уран зургын тухайд цаг үеийн эрэлт хэрэгцээ их байсан нь зураач урчуудын сурч боловсрох бүтээн тууривах арга барилаараа өрсөх биш хоорондоо нэгдэж хамтран ажиллах зэргээр уйгагүй хөдөлмөрлөхийг цаг үе нь шаардаж эхэлж хэмээн үздэг юм.

Тодорхой үр дүнд хүрснээр уран сайхны олон чиглэл урсгалууд бий болсон байна.Өрнийн сонгодог урлагын гол цөм хөгжил дэвшил уран сайхны амьдрал Францад газар авч түүнлүгээ тэмцэн өөрийгөө олж нээх сурч мэдэх гэсэн уран бүтээлчид Парис хотруу олноор зорьж очдог байсан гэдэг чухам тэнд л жинхэнэ урлагын амьдрал буцалж байж шүү дээ.Товчдоо эрин зууны авъяас Парисруу цутгаж байлаа.

Тиймээс л “ жинхэнэ авъяас хөдөө төрж парист ясаа тавьдаг” гэсэн үг гараа боловуу гэж санадаг. Сонгодог урлагын агуа түүхтэй орон бол Франц юм.

Гэх мэтийг үл нуршин өчихөд сайхь зуунд реализмыг залган гарч ирсэн уран зургын урсгал бол импрессионизм “сэтгэгдэл”юм,үүссэн нь хожмоо модернизм “чөлөөт”хэв загварт баригдахгүй бүтээх гэж ойлгож болох,авангард”тэргүүлэх” дотроо олон чиглэлтэй уламжлалаас татгалзаж шинээр урлах,зэрэг урсгалуудын эхэлийг тавьж өгсөн гэж үздэг.Гэсэн дээрх урсгалын талаар өгүүлэх зүйл минь энэ.

Импрессионизм урсгал нь уран зурагт шинчлэлт хийх гэсэн хэсэг зураачдын эрмэлзлээр гарч ирсэн нь шуугиан тарьжээ.

Ерөөсөө юмсыг тогтсон хэв загвараар биш урдаас төлөвлөлгүйгээр зурах,тэрчлэн тухайн мөчид харсан зүйлсээ маш хурднаар дүрслэхийг л зорилгоо болгожээ.Аливаа юмсын өнгө хэлбэр дүрс эгшин зуурт өөрчлөгдөхөөс өмнө зотонд буулгах, мөн анхны сэтгэгдлээ бүтээлдээ тусгахыг эрмэлзсэн байдаг нь сонирхол татдаг.

Өнгөний тухайд голдуу хурц тод цэвэр өнгийг дагнан урладаг.Уг чиглэлийн зураачдын бүтээлд зураас ерөөсөө байдагүйг сайн анзаарч олж харах хэрэгтэй.Зөвхөн өнгөний нарийн зохицлоор л аливааг дүрсэлж зурдаг нь онцгой сонин байдаг.



 
                                                                   
                                                                                                                    
                                                                                                                    






                                                                      К.Моне    

                                                                     "Сэтгэгдэл"

                                                                 Өглөөний нар мандалт.1872 Парис

К.Моне бол импрессионизмийн нэрт төлөөлөгчдын нэг юм.Түүний бүтээлүүд уран зурагт гэрэл агаарын асуудлыг бүрэн дүүрэн шийдсэнийг тэмдэглэн үзсээр ирсэн.

”Сэтгэгдэл” хэмээх алдарт бүтээл нь түүний эхэн үеийн бүтээлүүдийн нэг билээ.Энэ алдарт зураг импрессионизмийн оргил бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог.Одоо зургын талаар ярилцахад бүтээлд уран зургын бүх хэллэг нэг дор чуулсан мэт санагдана.Зураач маань хоромхон зуур зурсан нь шууд мэдэгдэнэ.

Утаа униарт умбасан хотын өглөө хотын дундуур урсах гол наашаа зургын хавтгайг түрэн орж  ирж утасны шон цаана бүрэг бараг мэдэгдэх хотын байдалтай уусан усны мандал дээр ер бусын өнгөний найрсал үзүүлж энэ өглөөн нарны улаан туяатай нэгдэн хөгжмийн хэл адил агаар үүсгэж байгаа юм.

 Импрессчуудын гайхамшиг нь энэ юм.Аливаад хэм хэжээг чухалчлах биш өнгөний мэдрэмжээр харааны хуулийн нарийн зүй тогтлыг мэдэрч түүн дээр үндэслэн тууривсан нь харагддаг юм.Наана хөвөх завьтай хүн юуг өгүүлнэ вэ?

 Би бодохдоо ер нь зураач хүн цаг үеийнхээ тусгал нь байдаг.Цаг үеэсээ авах ёстой бүхнээ зөв олж үзэж зөв мэдэр.Зураач хүн өөрийнхөө замаар л явах хэрэгтэй.

Замыг тань уур манан бүрхсэн ч саад тотгор зовлон бэрхшээл тохиолдсон ч бүү ухар бүү шантар хэзээ нэгэн цагт чи гэрэл гэгээг олж харна, өөрөө өөрийгөө олох болно тэр цагт чи жинхэнээсээ туурив гэж гэрээслэн хэлээд байх шиг санагддаг. 
Хэмээснийг энэ хүргэв.

                                                                                                 Мөнх хас Н.Бэгтэр

Saturday, May 7, 2011

Толинд бүх нууц бий буюу "Венус"

Иласкын "Венус"
Эрин зуунуудыг өртөөлөн ирсэн гайхам сайхан агуу бүтээлүүдийн нэг энэ мөөн. Цаг хугацааны агуу чанар ч бас энэ юм.Жинхэнэ нь үлддэг бусад нь тоос болдог.

Бүхий л цаг үеийн зураачдын уран бийрэн дор бүтээгдсэн бүсгүй хүний гоо үзэсгэлэнг одоо юутай зүйрлэн өгүүлэх билээдээ. Байгалийн гоо сайхантай зүйрлэхгүй юм бол.

Гэлээ ч чухамдаа байгалийн өөрийнх нь ид шидийг илэрхийлэн байдаг үзэсгэлэн гоо бол бүсгүй хүн.Түүний уян налархай биеийн зохицол юм.

”Венус”хэмээх тэнгэрлэг энэ бүтээлд цааш харан хэвтэж буй нүцгэн залуухан бүсгүйг гол зохиомжоо болгожээ.Зураач,зураач маань одоо таныг зүг чигээ оломгүй нууцлаг харанхуй ойн гүнд аваачина.Өөрийн эрхгүй тийм мэдрэмж бүтээлийг харангуут төрөх болно.
Тэгж санагдахгүй байна гэжүү. Надад л лав тэр харанхуйн дунд нүдээ нээ гэрэл гэгээг олж үз гэж хэлээд байна.

Ингэж бодохын учир цаана сахуисан тэнгэрийн барисан толинд хүрээг хараар зохиомжилсон байгаа нь учиртай. Та сэтгэлийнхээ муу муухайг одоохон гээгээд гагцхүү ариун нандин сэтгэл зүрхнийхээ дууг олж сонс өөрийгөө олж хар өөрийнхөө замаар яв гэж байгаа мэт санагдана

Толинд л бүх нууц нь байгааг үзүүлэх гэсэндээ тэр биз гэж бодогдохоор. Дээрх мэдрэмж үүнийг хэлэх.

Толинд туссан бүсгүйн бүрэг бараг царай үл мэдэгдэх нууцлаг харцанд л энэ зургын гол аврал зураачын хэлэх гэсэн санааны уран нь оршино.

Яг энэ мөчид “Урлаг бол өөрийгөө олж харах гэсэн хүнийг өөрийг нь тусган харуулдаг толь юм” гэсэн Оскар Уайлдын мэргэн үг бодогдоно.

Ердөө энэ гүн ухаан .Дотроо ургуулан бодох л уран зургийн аугаа чанар.Үнэхээр танд уг бүтээл харааны мэдрэмжийг гайхалтай харуулж гайхалтай нууцлаг сэтгэгдэл төрүүлнэ.

Бүсгүйн биеийг араас нь зурсан нь их сонин зөвхөн нуруу бэлхүүсний хэсэгт голлон анхаарлаа хандуулж гоо сайхан төгс зохицлыг урлажээ.Өөрийн эрхгүй урдаас нь харвал ямар байх бол гэсэн хүслийг хэн хүнд төрүүлэх нь гайхалтай.Биен дээрх улаан хөх өнгөны элементүүдийн уусалт нь энэ арьс амьсгалж байна уу гэмээр аж.

Хүйтэн дулаан хоёр өнгөны эсрэгцлээр нурууны гэрэл сүүдэр наана цаадах харьцааг усны долгиог санагдуулам урлан бүтээсэн нь нүцгэн биеийн гоо сайхан дур булаам байдлыг бийр будгын бодит өгүүлэмж болгон хувиргажээ.

Цааш ажиглахад зураач бүсгүйн доорх дэвсгэрийг мөнгөлөг хар өнгөөр авсан нь биеийн гоо сайхныг илүү тод нааш нь гаргаж харуулхын тулд зориудаар тэгж шийдсэн боловуу.Энэ нь бүсгүйн биеийг улам амьд мэт харагдуулж буйг анзаарчих. Зураач их бодсон байгаа юм.Нил хар өнгөөр доод хэсгийг буулгавал цаад хөшигний улаан өнгөтэй булаалдах тул өөр өнгө оруулах хэрэгтэй болно.

Их бодож шигтгэсэн байх гэмээр мэргэн санаа нь бүсгүйн гоо бие хиргүй ариун байдлыг яг өд мэт санагдахаар харуулая гэснээ цагаан унжлаг цээжээ халхлан тавьсан өдөн дэр зэргээр илэрхийлж байна.Бас сахуилсан тэнгэрийн барисан толины ирмэг дагуух даавуу ч тэрхүү өд адил хөнгөн шинжийг илтгэнэ

Одоохон нисэх гэж байгаа юм шиг нэг тийм гэгээн сэтгэгдэл төрхөөр бүтээсэн нь зураачын гайхамшигт уран чадвар юм.

Басхүү тэнгэрийн шидийг илтгэн дүрслэгдсэн сахиусан тэнгэрт нууц далд ёгт утга байгаа юм. Гоо үзэсгэлэнг тусган харуулах толь адил энэхүү гайхалтай бүтээлийн талаар цухас дурдхад нэг ийм байх.

                                                                                            Мөнх хас Н.Бэгтэр