Friday, December 30, 2011

                            Модель

                                                                 эсээ

Хэрэвзаяа тэр нэг удаа надаар зуруулах гээд өмнө минь зогсоо нулимснаас өөр зэвсэггүй байгаль эхийн нэгэн сайхан тууривал нүцгэлэнгээ байгаль эхийн ховорхон заяадаг чилгэр хатуу мээмээ ичэнгүйрэн дарж “чиний олж харах бүхэн хөгжим”  гэж хэлээгүй бол би энэ тухай хувьдаа нэг их гүнзгий сэтгэгдэлтэй үлдэхгүй л байсан болов уу.Бүсгүй ямар утгаар хэлснийг би мэдэхгүй.Ямартай ч надад “би бол хөгжим ” гэж хэлэх шиг санагдсан юм.Мэдээж би хөгжмийн мэдрэмжтэй хүн. Тэгэхээр дээрх бүсгүй надад ид шид нүдний минь өмнө биелэх шиг мэдрэмж төрүүлсэн агаад би өөрийгөө эгээ л гоо сайхных нь өмнө салхинд тавьсан дэнлүү мэт өчүүхэнээ мэдэрсэнээ хэлэх нь зөв байх.
Нүцгэн эмэгтэйг эр хүний эр барын нүдээр харах өөр хэрэг харин зураачийн нүдээр харна гэдэг илүү нарийн ажил.Ойлгомжтой хэлээр урлан тууривахын нүдээр шүү дээ.Модель буюу “нүцгэн натур” нь ер алив зураачийн уран сайхныг мэдрэх илүү амьд талаас нь мэдэрч гаргах гэх юм уу биет бодит харьцааг бий болгож байгаа амьд урлаг учраас бүхий л цаг үеийн зураачдын урлангаас хүүхнүүдийн хөлийн цуваа тасарч байсангүй ээ.Чухамдаа тэднээс л тэдний гоо сайхнаас эрч хүч шинэ сэвүүн санаа оноо авч тэднээр дамжуулан бүтээлийнхээ хөг айзам уянга тансагыг илтгэн түгээдэг нь эрт эдүгээ хол ойрын зураачдын гэм биш зан юм даа.Товчдоо эрин цагийн бүх зураач барималчдаас бүсгүй хүний уян тансагыг дүрслээгүй,хайрлаж дурлаж явсан бүсгүйчүүдээ бүтээлдээ зураагүй нэг ч зураач,барималч байхгүй гэхэд болно.Курбе-ын “Зураачын урлан” гэж алдартай зураг байдаг юм.Курбе энэ бүтээлдээ зураач хүний үзэл бодол нийгэмд эзлэх байр суурь,итгэл үнэмшил гээд бүгдийг нэгэн цогцоор гаргаж тавьсан юм.Зохиомжийн голд том зотон дээр зураач өөрөө байгалийн зураг зурж сууна ард нь уян налархай нүцгэн модель зогсох ба эргэн тойронд нь нийгмийн бүхий л давхаргын хүмүүс байна.Найз нөхөд,зураачид,зохиолчид,хөгжимчин,гуйлгачид,ядуус,архичид,элдэв хорон санаатнууд,ихэс дээдэс сэхээтнүүд,эрдэмтэн гүн ухаантнууд,шүүмжлэгчид,бяцхан хүүхэд, урлагийн бүтээлийг шимтэн үзэгчид гээд бүгд байна.Зураач энэ бүх дүрүүдийн сэтгэлзүйг урлагийн аугаа сүр хүчний өмнө нэгтгэж чадсанаараа хосгүй үнэ цэнэтэй.Тэрээр “Цаг үеийнхээ ёс зүй,оюун санааг дүгнэж,дамжуулах чадвартай байна гэдэг бол зөвхөн зураач төдийгүй,хүн байна гэсэн үг.Амьд урлаг бүтээхэд миний зорилго оршино” гэж омог бардам тунхаглаж байсан гэдэг.
Бүтээлд байгаа нүцгэн моделийн цээжээ халхлан унжуулсан даавуугаар зураач тийм их гоо үзэсгэлэнг дүрслэн харуулах хэцүү буюу хэр баргийн хүн олж харах аргагүйд л зураач хүний зовлонтой үйлийн сайхан нь оршино гэдгийг нүцгэн моделиор харуулчихаж байгаа юм.Бүсгүйн бие өөртөө өнгө бүрийн гэрлийг шингээж эргэн тойрны юмсыг өнгө будгийн найрсал,яруу найраг хөгжмийн ид шидээр  тэтгэн холбон буйг мэдэрсэн зураачийн сэтгэх бүтээх урам хүч ард нь зогсоо бүсгүйн халуун бие гоо үзэсгэлэнгийн шидэт эрчмээр дамжин өөрийнх нь урлаж буй байгалийн хөрөгт шингэж байгаа нь ч урлангийн хананы цаанаас гадаах байгалийн сэтгэл татам байдал нэвт харагдаж буй нь ч эрхмүүдээ та нар бүгд байгалийн үр сад өөрөө өөрсдийгөө олж харцгаа гэж хэлж байх шиг санагддаг.Энэ бол модель натур уран зурагт зураач хүнд ямар их урам зориг эрч хүч өгдөгийг харуулж байгаа нэгээхэн сонгодог жишээ юм.
Түүнчлэн зураачид моделийг олон талаас нь үнэлж цэгнэж зурдаг байсны дотор онцлон дурдууштайг нь авч үзэхэд,Дали өөрийнх нь үхэн хатан дурласан Гала нэрт эхнэрээ олон бүтээлдээ зурсан ба мээмнийх нь товчыг зурах гэж үйл тамаа үзсэнээ дурсан ярьсан байдаг.Түүний олон алдартай бүтээлд эхнэр нь дүрслэгдэн үлдсэн байна.Пикассо хайрлаж дурлаж явсан хүүхнүүдээ олонтаа зурдаг байснаас тэдний төрөлхийн согогтой тал өө сэвийг нь илүүтэй дүрсэлсэн байдаг бол.Э.Дега усанд орж буй хүүхнүүдийг зурах дуртай байсан хийгээд чухам тийм үедээ л бүсгүй хүн гэдэг нь мэдрэгддэг гэсэн байдаг.Үнэхээр ч усанд орж буй эмэгтэй ер бусын харагддаг агаад бие дээр нь бөнжигнөн байх усны дуслуудаас гол горхины чимээ сонсогдох шиг болдог юм.Ван Гог өөрт нь хүүхнүүд талтай бус байдгаас ихэд шаналан түүнээ далдлах гэж хурц тод хөгжмийн хэл адил өнгөөр зурдаг байсан гэдэг.Модильяани-ийн бүтээлүүдийг ажиглахад эмэгтэй хүнийг урт гонзгойгоор дүрсэлдэг ялангуяа хүзүүг нь урт зурдаг байсан нь бүсгүй хүний хүзүүнд л гоо сайхных нь нууц хөгжимлөг төрх нуугддаг гэж үздэг байсан болов уу хэмээн бодогдохоор байдаг юм.Тэрбээр Жанна нэрт бүсгүйн дүрээр уран зурагт хандах үзэл бодлоо илэрхийлэн гаргасан нь ихэнх бүтээлээс нь харагддаг.Фовизмыг тууштай баримтлагч байсан Анри Матисс-ын “Улаан урлан” “Бүжиг” зэрэг бүтээлүүд ч уран барималд хувьсгал хийсэн импрессионизмист барималч О.Роден-ийн  “Данаида” баримал ч “human natur” талаасаа эмэгтэй хүний ааш аяг төрх “form”-ыг өөр өөрсдийн үзэл бодлоор олон талаас нь харж мэдэр ч илэрхийлэн гаргаж байсан зэрэг нь урлагийн үнэ цэнээрээ ч бүсгүй хүний гоо үзэсгэлэн мөн чанарын тусгал болж үлдсэнээрээ ч түүнийг харж мэдрэх хүн төрлөхтнийг мэлмийг баясгасаар байнам зээ.
Тэрчлэн неоклассицизм-ийн сонгодог төлөөлөгч Ж.О.Д.Энгр ихэнх бүтээлдээ бүсгүйчүүдийг зурдаг байснаас хамгийн их шуугиан тарьсан нь “Булаг” 1856 юм.Чухамхүү уг бүтээл үе үеийн зураачдыг шагшин магтуулахад хүргэсэн байдаг нь ямар нэг талаараа хосгүй учраас тэр юм.Үнэхээр ч залуу бүсгүй мөрөн дээрх ваарнаас горхи урсан гарч ирж байгаа нь байгалийн төгсөшгүй хөдөлгөөн түүнээс сэрж мэдэрч чадах аваас алив сайхан бүхнийг нээн харуулж хүний сэтгэлийг татаж болно гэдгийг залуу бүсгүйн уян налархай хөдөлгөөнөөр дамжуулан усны урсах байдалтай нэгтгэн гаргасан байдаг,ямар нэг далдын хөг эшиг,байгалийн дуу хоолой уг бүтээлээс цуурайтдагаараа гайхамшигтай.Уран зураг дахь символизмийн үзэл санааны эцэг гэж хэлж болохоор зураач П.Шаванны “Найдвар” “Тэнгисийн эрэг дэх бүсгүй” эртний Герегийн гоо сайхны тэнгэр “Афродита” баримал,Жоржооны “Нойрсож буй цолмон”,Рафаэлийн “Сикстиний дар эх” зэрэг бүтээлүүд ерийн ахуйг тэнгэрлэг ахуйн дуулал болгосоноороо бүсгүй хүнийг оюун санааны ахуйн гоо сайханы дуулал болгон хувиргасан байдаг.
Урлагийн үнэ цэнэ оюун санааны хязгаарыг давсан агуу бүтээлүүд агуу байгаагаараа л үнэлж цэгнэж болдоггүй үнэллээ ч гэсэн урлагийн дээд хязгаар гэж үзлээ ч гэсэн,өчүүхэн хүн төрлөхтөн бид бүрэн дүүрэн тодорхойлох боломжгүй мэт бүтээлүүд за даа монголын Занабазарын “Ногоон дар эх”,”Цагаан дар эх”,Микеланжелогийн баримлууд “Давид”, Леонардо да Винчи “Монно Лиза” миний харж мэдрэх үнэлж цэгнэх хязгаарыг давсан цөөхөөн хэдхэн бүтээлүүд,чухам түүний тул бичвэрийнхээ үзэл санаа хэлэх гэснээ “Монно Лизаг”-ын инээмсэглэл адил таавар мэт орхивол яасан юм бэ?...Хайрлаж дурлаж зурж зуруулж цаашдаа ч гоо үзэсгэлэнгийнхээ халдашгүй ариунаараа намайг дуудан сэрээх намайг бүтээхүйн урмаар тэтгэгч тэдгээр бүсгүйчүүдийн гоо сайхны өмнөөс ч бас ингээд л орхиё.

                                                                                                                Замын-Үүд
                                                                                                                                  
                                                                                                                 Хас Бэгтэр


1 comment:

  1. Яруу найрагчидын зүрхний тасалгаанд ч хүүхнүүдийн цуваа тасраагүй.

    ReplyDelete