Wednesday, April 17, 2013



Эйнштэн харцангуй онолоо томъёонд буулгахын тулд хориод жил зарцуулсан байдаг. Түүнийг санааг хожим дэлхий дээр арван хоёрхон эрдэмтэн энэ бол агуа санаа гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл энэ дэлхийн хэдэн тэрбум хос шааригнуудын даавраас арван хоёрхон нь Эйнштэнд дөхөж очсон гэсэн үг. Юу гэхээр дээд оюун ухаан гэгч зөвхөн онцгой тохиолдоор илэрч түүнд дөхөж очих ухаантануудыг мөн л онцгой тохиолдлоор шигшин шүүж гаргаж ирдэг. Тиймээс шалгарсан сайн оюун ухааны тухай ярих нь нийтийн хүрээнд ярьдаг зүйл огт биш юмаа.

Friday, January 18, 2013

Яруу найрагч

Хааяа даа муу ахтайгаа гудманд таарах. Мэнд мэдээд зөөлөн гүн нүд рүү нь харах тоолондоо би өөрөөс минь өөр хэнд ч мэдэгдэхгүй юу нь ч юм тийм нэг тааж хэлэхийн аргагүй зүйлд автдаг. Тэгээд л салцгаах. Янз шог байдлын энэ хорвоо дээр яруу найрагч тэгээд л цааш алхах, булан тойртол нь араас нь харж зогсдог юм. Цэндийн Доржсэмбэ шиг тийм нэг яруухан яруу найрагч орчлонд ховор шүү. Ховорын тулд бурхан түүнд билэг авьяасыг харамгүй хүртээж, түүний билэг танхай авьяасаараа нэрсэн яруу найргаар хүмүүс умдаалж явдагийг би мэднээ. Саяхан хэвтэрт байхад минь “Бэгтэрээ чи үхэж болохгүй үхэж болдоггүй юм” гэхэд нь өөрийн эрхгүй сувдан нулимс бөмбөрүүлсэн сэн. Өчигдөрхөн надтай утсаар хорвоо нэг л уйтгартай байгаа тухай ярихад нь яагаад ч юм. Ихэд гуниж гутарсан сан би. Мэдэхгүй л дээ. Сэмбэ ах минь тийм нэг зөөлөн хүн. Тэр зөөлөн чанар нь надад их юм бодогдуулдагийг би сүүлийн үес их л анзаарах боллоо.

Түүний “Өлзийтийн суурин” унших бүртээ би уйлдаг юм. Гайхалтай шүлэг уйлахгүй байхын аргагүй тийм... Өлзийт гэж. Баян-Хонгорын төвөөс наашаа хориодхон км байх. Тэнд Цэндийн Доржсэмбийн Өлзийтийн суурин буй. Нутаг орон нааш цааш явах бүр дайрдаг юм. Өлзийтийн суурингаар. Үнэндээ Өлзийтийн суурин бол Доржсэмбэ юм. Доржсэмбэ бол Өлзийтийн суурин юм. Тэнд жинхэнэ яруу найрагч л төрсөн баймаар цаанаа л нэг өөр увьдастай нутаг шиг надад санагддаг юм. Үнэндээ Цэндийн Доржсэмбэ бол гайхалтай яруу найрагч түүний яруу найраг бол үнэндээ ертөнцийн цаад хязгаараас дуулдаж буй одоохондоо бидний мэдэж амжаагүй сонсоогүй тийм амьсгалтай тийм агаартай.тэндэхийн өвс тэндэхийн авсны бичиг шиг тийм яруу найраг шүү. Тэр хахь өөр яруу найрагч. Тэр золбин нохсын дэргэд талын чоно. Тэр холын холд дүүлсэн чоно бүлгээ.

Түүний яруу найраг үнэндээ хөгжим шиг хөгжмийн тансаг аялгуу шиг. Хэзээ хэдийд ч уншсан өөр өөр заримдаа бүр дуу алдмаар гээч. Гайхан бахадмаар гээч... Тэр шүлгээ үүрээр бичдэг шиг надад санагддаг юм. Тамхиа нэг сайн баагуулж аваад л хоромхон зуур бичиж орхидог байх. Тэгээд бичсэнээ уншин хүүхэд шиг хөөрч догдолж зөөлөн инээмсэглэдэг байх гэж надад харагдаад байдаг юм. Тэр юмыг маш сониноор ажигладаг нь шүлгүүдээс нь нэвт харагддаг тэр бол нэг бодлын гайхалтай уран зураач. Танхай зүйрлэлүүдтэй. Шүлгүүдээс нь тасдаж авч ишилж болдоггүй нь бас их сонин. Энэ бол мундаг уран чадвар шиг надад санагддаг. Тэр үгийг дархны инжаан шиг урлаж чаддаг нь шүлгүүдэд нь их зохиролтой илүү дутуугүй буусан байдгаас анзаар ч болно. Анзаарахгүй ч байсан болно тэр бол яруу найраг бичдэг яруу найрагч учраас түүнийг маш цөөхөн хүн нээж маш цөөхөн яруу найрагч түүний энд хүрнэ гэдгийг би хэлж чаднаа. Орчлонгийн жам ёсны эргүүлэг дундаа ерөөлөөр учирсан ахынхаа тухай цухас дурдахад иймсэн. Илүү арслан танхай юм дүү нь бичиж чадна л даа. Таны тухай. Цаг нь болоогүй байна. Хүүхдүүд жоохон бичиг харая. Таны энд хүрэх хүүхэд байна уу гэж. Яруу найрагчаа миний агуу их ах Цэндийн Доржсэмбээ.

Хас Бэгтэр
Үгс Үгс Үгс

Тэр цагт Бэгтэрийг юу бодож явсаныг тэр цагийн хүмүүс нь ойлгоно биз. Одоо цагт юу бодож яваагаа одоо цагийн оюун санааны сулралгүй зарим нэгэн хэсэг бүлэг зонд нь сургаалгүй сургаал айлдаадхая. Дүрмийн алдаа хамаагүй дүрэмгүйн алдаагүй хэдэн үг бөндгөрт чинь бөөрөнхийлөлгүй шудрага шулуун шулуухан шиг суулгаад өгөе.

Би бээр өчүүхэн муу өт хорхойны төрөлтөн хийгээд бас нэг муу, амьтанд муу саналгүй ялаа алж янгиа эвдэхгүй гэсэн бурханы биш сахил санаваарыг сахих гэх зантай даа заримдаа сахилыг эвдэх гэх яргуу бодол дандаа хатгаад байх биш ч гэлээ гэсэн гэлээ байгаад зарим шунахай хувалзуудыг гэдсийг нь хага яраад бэтгийг нь шахаж байх нь шудрага ёс хийгээд үнэн мөний мөрт нийцэх аваас заримдаа ялаа алж янгиа эвдэхнээ ч яадаг юм гэх бодол төрөгдөх болсоор энэ хүрээд буй болмой.

Бас сайн үйлийн тулд муу үйлийн цөвийг хийсгэн замхраах нь сайн үйлийн тулд л бол гэх бодлоос үүний учир мөрт гавжийн зиндаа бариадхая. Лүүжин тавиад луу унжилгүйхэн шиг. Жинтэйхэн шиг хоньны гулуузаар хийсэн жигнүүр дээр болж байгаа бууз шиг бузгай хэдэн үг. Үг хэдийг айлдяаа.
Орон бүхний поралтарчууд нэгдэхтүн гэсэн озоны цоорхой шиг олон юм ярихгүй ээ. Харж бай.

Аливаа сүргийг зөв мэргэн бодолтон залж чиглүүлж явдаг нь заяаны үнэн юм аа. Хүүхдүүдээ одоо хэдүүлээ жоохон зөв бодолтой зөв замаар тэгш мөсөнд тэргийг түлхэх лүгээ. Үндэсний оюун санаа хийгээд үндэсний оюун санааны дархлаагаа зузаатгах түүнлүгээ үйл мэтэст ханцуй шамлан орох цаг нь болсон шүү!!!

Хуулийн заалт зүйлтгүйгээр нийгмийн амьдралын хэв маягаас хахь өөрөөр дээд түвшинд аливааг харах боломж бүхий хүнд цаанаас өгөгдсөн эрхэм нандин зүйл бол урлаг юмаа. Урлаг утга зохиол гэж агуу зүйл байхгүй тэр нь уламжлан хөгжиж шинэчлэн сэрж цаг үеийнхээ шалгуурыг давж цагийн хожим ч шинээрээ хожмын хүмүүст ч шинээрээ агуу их оюун санаа, агуу ихийн төлөөх шидлэг бурханлаг гэгээрэлрүү хүнийг татдаггүй, агуу ихээрээ байх мөнхрөлийг олоогүй байдаг сан бол хүн төрлөхтөний амьдрал бол шог үзэгдэлрэхүү л юм байхсан.

Үүний тул цаг үеийнхээ оюун санааг тодорхойлж байдаг сэтгэгчдийг хүндлэн биширч тэдний дуулсан замаар замнах нь өөрөө моринд хөллсөн тэрэг лүгээ хүмүүн төрөлтний явдалаа.

Яван чангарахуу. Би энэ хэдэн үгээ тэнд тэнэж яваа тэнэгт зориулж хэлэх гээгүй хотгорт хонио хариулж яваа хоньчинд хэлэх гээгүй арын ууланд адуугаа адгуулж яваа адуучинд хэлэх гээгүй. Хэлэх гээд байна би. Энэ хэдэн үгээ. Ар сайхан монголдоо төрөөд авьяас билгийн хутгийг олоод адгийн шунал албан тушаалын хэнээрхлээс ангид хол анд нөхөддөө зориулж хэлэх гээд байна. Замд ургасан зангууг зайлуулж чадах зориг итгэл зорилго тэмүүлэлтэй залуу зохиолч нөхөддөө зориулж хэлэх гээд байнаа.

Одоо нөхөд та олон ноход биш нөхөд минь. Хөдлөх хэрэгтэй байна. Дашдоржийн Нацагдоржийн ганцаардаж асан. Доноворын Намдагийн хөгшин чоноо бичсэн. Бэгзийн Явуухулангийн Би хаана төрөө бэ? бисэн. Дооровийн бууж мордох хорвоог уянгалуулсан. Данзангийн Нямсүрэнгийн, Очирбатын Дашбалбарын, Сэнгийн Эрдэнийн сэтгэлийн уянгаа сийлсэн энэ монгол хэл энэ монголын утга зохиолын цаашдын хувь заяа хүссэн ч эс хүссэн ч та нарын нуруун дээр ирэх цаг нэгэнт иржээ. Одоо хөдлөх хэрэгтэй. Үгээ хэлж үзгээ шүүрэх цаг болсон. Би эхлүүлээд өглөө та нар үргэлжлүүл.

Энэ гурван давхар түрээсийн байрыг ав хөдлөгө. Юм хий. Энэ түрээсийн байрыг зорилготой мэргэжлийн байгууллага болго. Яагаад та нарт ганц өрөө олдохгүй байна. Гээд бод. Энэ нийгэмд унасан утга зохиолын нэр хүндийг өргө мандуул. Буруу хүмүүс буруу бодлоготонгуудыг зайлуулж зөв бодлого зөв хүмүүсээр удирдуулах цаг болсон шүү.

Би хэнээр ч заалгаагүй заалгахгүй энэ хэдэн үгийг хэлж байгаа юм. Би гагцхүү монголын уран зохиолын цаашдын ирээдүйг гэрэл гэгээтэй байгаасаа гэж хүссэндээ энэ хэдэн үгийг хэлж байгаа юм. Удирдагчийн үг ямагт товчхон байдагчлан. Пүрэвхүүгийн Батхуягаа. Би танд шинэ цагийн утга зохиолын орд цагаан өргөөний эзэн байгаад шинэ цагийн монголын утга зохиолын уяан дээр дүүхэлзэн байгаа билэг танхай оюунлаг зохиолч нөхдийн минь зам мөртөө ханьсан агуу их монголын утга зохиолын шинэ үеийг удирдан залах эрхийг өгөхөд бэлэн байна гэдгээ тэргүүн өчие. Тийн бүхийгээс. Үзэл санаа хийгээд муу үйлийн хандалаас хамгаалан жагсаалын жаа хийгээд ард чинь архираад зогсож байхад ч бэлэн байгаагаа хоёрдугаар өчсүгээ. Гүйцээ.

Зохиосон юмгүй Хас Бэгтэр.
Заан

Урт хушуутай. Уужим ташаатай. Удаан явдалтай, халуун орны сэрүүн орны биш амьтан гээ л яривал ярина ш тээ. Эвтэй дөрвөн амьтаны нэг гээ л эвтэйхэн эвлүүлээ л бас яривал ярина ш тээ. Улсын наадамд долоо давсан бөхөд олгодог морины биш бөхийн цол гээ л нэмээд яривал ярина ш тээ. Ярия л даа. Чүү. Толин хулын төвөргөөнд торгон жолоо өргөсөн монголооо.

Ай сайхан Бурмаа аргагүй сайхан Бурмаа..., бурам шиг сайхан, амалгаа сайтай гаанс ч юм шиг сэтгүүртээ ухууртай уянгатай салхи савиртай үнэгэн шогшоотой. Үйлийн үртэй, үйлийн үргүй сайхан, гадаа гаргаад тохцон амрагын минь торгон доошинзны тод ялдам хээ шиг хээний шаглаас шиг. Шаглааны утас шиг утасны зүү шиг, зүүны сүлбээр шиг, тэр сүлбээрний нүхээр усанд орж буй нүцгэн эмэгтэй харах шиг. Хараад л баймаар шиг хачин сайхааан. Онцгой нэгэн охинд хаядсан шиг онцгой нэгэн дурлалын тухай, тэр дууны гуниг нь ч шиг тэр дууны гэгээлэг сайхан ч шиг юм бүхэн хуран бүрдээд цогцлыг олон цогцлон бүрдсэн нь сэтгэлийн хэц дээр гаргаж өлгөсөн яруу сайхны, яруу сайхан дуу...

Энэ хүүхдийг энэ чигээрээ задгай авьяас, торгон мэдрэмж ухааны цараар нэн тод дуулж чадаад ахиад ах дээрээ алий гэсэн хэдэн сайхан ном боогоод ирвэл. Ах нь чамайг монголын яруу найрагт аргагүй төрсөн заан мөн байна гэж хашгирмаар байна. Начаан.

Хас Бэгтэр.
Илжиг

Нэгэнт төгс төгөлдөрөөрөө бүтээгдсэн юмнаас төгс төгөлдөрөөр дутуу чанараараа. Хүн бол дутуу төрсөн амьтан мөөн гэж. Баабар нэг ярьж байхыг би сонссон юм. Түүний зөв л дөө. Илжиг бол оногдсон өвсөө иднэ. Байгалийн хууль үржил силиекц цаанаас яаж бүтээсэн түүгээрээ л явна. Илжигний хувьд төгс төгөлдөр нь энэ. Харин хүн бол нэг талын антомын нарийн бүтэц бүхий бие махьбодь, бусад амьтдын л адил.Үржинэ хорогдоно. Өтлөнө үхнэ. Нөгөө талын оюун ухаантай сэтгэх чадвар бүхий уураг тархитай амьтан юм. Үүгээрээ л илжигнээс төгс төгөлдөрөөр дутуу төрсөн амьтан юм л даа. Тэр л дутуу чанараараа оюун ухааны хувьд илжиг шиг төгс төгөлдөрт хүрсэн хүмүүс их байх юм даа. Базарваань.
Хороо

Манай хороонд малын нүд сүүмийсэн хавар ирсэн ч ойрын хэдэн жилдээ. Цэлмэг зуныг үзсэнгүй. Сүүмийсэн хавраараа байгаад байдагт би дургүй хүрдэг юм. Онд орох орохгүй нь мэдэгдэхгүй сэнсэрсэн төлөг шиг болцонд би дургүй хүрдэг юм.Яахав нэг хавтгайгаас нөгөө хавтгайр уу шилжсэн нийгмийн оюун санааны шилжилтээс хойш би ярих гээд байна л даа. Албагүй л дээ. Нийгмийн шилжилтээр хороо хороо болох боломж их байлаа. Даан ч болоогүй. Үүний учир шалтгааныг надаар хэлүүлэлтгүй мэдэх нэг нь мэдэх биз.

Манай хороо гунжин шахуу үнээтэй болсон ч сүүл сааль өгөлгүй. Тэгсгээд өнгөрөв бололтой. Одоо манай хороонд гоё юм болно доо. Манай хорооныхон хэсэг хэсгээрээ тус тусын мөрийн хөтөлбөр бодлого зорилтоо дэвшүүлж байгаад хорооны овгороо шалгаруулах юм. Би боддог юм. Бурхан минь. Сүүмийсэн хавраараа баймааргүй байна. Сүү муутай том үнээтэй баймааргүй байна. Арай гайгүй овгортой болмоор байна гэж.

Одоо алийн болгон хамтралын үеийн чулуун хороогоороо байх вэ. Энэ хороогоо эрүүл саруул зөв зохион байгуулалттай зөв бодлоготой зөв хүмүүсээр дахин шинээр бариулах цаг ирсэн шүү. Үүний тул залуу үеийнхэн хүчээ өгөх цаг ирсэн шүү. Одоо л эс бол хожимдоно. Хожимдоно гэдэг нь. Хороо маань ёстой. Хоньны хороо болно гэсэн үг.

Хас Бэгтэр

Monday, January 14, 2013

Би

Эрхэмсэг байхыг хүснэ би. Хамраа сөхөхийг хүснэ би. Хямсгар
байхыг хүснэ би. Ганган чамин хувцас өмсөж, үнэтэй утас барьж, жийп хөлөглөж, нүүрэндээ үстэй адгуусаар зугаа цэнгэл хийж, тансаг хаусанд амьдарч, өөр зуураа бэл бэнчингээрээ гайхуулж, бусдын дээрээс шүлс хаяж, ядарсан зүдэрсэн улсад дээрэнгүй, сувсан сувдаг баячууд эрх ямбатангуудын өмнө, дохилзож долгинож явахыг хүснэ би гэж. Хэлэх юм шиг. Би харагдаад байна уу?

Тэгдэггүй юм. Би эрхэмсэг явна. Хамраа сөхөхийг хүсэхгүй би. Хямсгар байхыг хүсэхгүй би. Өөрийнхөө боломжоор өөрийнхөөрөө шудрага шулуун амьдрахыг хүснэ би. Үнэтэй зугаа цэнгэлээс үүрд хол явахыг би хүснэ. Ядуу зүдүүст тусалж, шудрага бусаар хөлжигч, шудрага бусаар эрх ямбанд залрагсадын өмнөөс салаавч тавьсаар байна би. Орцны найранд онгиролгүй ордны найранд агсам тавьдагаараа тавьсаар л байна би.

Эрхэмсэг явах болно би. Үнэн явах болно. Гайхал тэнэгүүдийн дунд галзуу солиотны дүрээр гайхуулж гайхшруулж явах болно би. Би хүн чанараа хэзээ ч гээхгүй явах болно. Хүн чанараараа ядмаг амьтасын дэргэд хүн шиг явах болно би. Зүүдэлж амжаагүй зүүд шиг чинь явах болно. Зүүдэлж ч амжихгүй зүүд чинь би байна.

Эрхэмсэг байсаар байна би. Би гагцхүү оюун санаа хийгээд түүнлүгээ жул амьтас түүнлүгээ мунхаг мундар явдалтангууд хий сүр юмсын дэргэд эрхэмсэг байх болно. Би гагцхүү оюун санаа хийгээд түүнлүгээ асар дээд хүмүүнээ ухааныг арсаж тэмүүлж тэмцэж явах болно.

Би гагцхүү оюун санаагаараа эрхэмсэг бардам омог бадрангуй явах болно.

Тиймээс би. Салаавч тавих газраа тавьсаар л явах болно. Хүсвэл би ордон дүүрэн үзэгчдийн өмнөөс ч яг л Бахман шиг...

Хас Бэгтэр