Friday, January 18, 2013

Яруу найрагч

Хааяа даа муу ахтайгаа гудманд таарах. Мэнд мэдээд зөөлөн гүн нүд рүү нь харах тоолондоо би өөрөөс минь өөр хэнд ч мэдэгдэхгүй юу нь ч юм тийм нэг тааж хэлэхийн аргагүй зүйлд автдаг. Тэгээд л салцгаах. Янз шог байдлын энэ хорвоо дээр яруу найрагч тэгээд л цааш алхах, булан тойртол нь араас нь харж зогсдог юм. Цэндийн Доржсэмбэ шиг тийм нэг яруухан яруу найрагч орчлонд ховор шүү. Ховорын тулд бурхан түүнд билэг авьяасыг харамгүй хүртээж, түүний билэг танхай авьяасаараа нэрсэн яруу найргаар хүмүүс умдаалж явдагийг би мэднээ. Саяхан хэвтэрт байхад минь “Бэгтэрээ чи үхэж болохгүй үхэж болдоггүй юм” гэхэд нь өөрийн эрхгүй сувдан нулимс бөмбөрүүлсэн сэн. Өчигдөрхөн надтай утсаар хорвоо нэг л уйтгартай байгаа тухай ярихад нь яагаад ч юм. Ихэд гуниж гутарсан сан би. Мэдэхгүй л дээ. Сэмбэ ах минь тийм нэг зөөлөн хүн. Тэр зөөлөн чанар нь надад их юм бодогдуулдагийг би сүүлийн үес их л анзаарах боллоо.

Түүний “Өлзийтийн суурин” унших бүртээ би уйлдаг юм. Гайхалтай шүлэг уйлахгүй байхын аргагүй тийм... Өлзийт гэж. Баян-Хонгорын төвөөс наашаа хориодхон км байх. Тэнд Цэндийн Доржсэмбийн Өлзийтийн суурин буй. Нутаг орон нааш цааш явах бүр дайрдаг юм. Өлзийтийн суурингаар. Үнэндээ Өлзийтийн суурин бол Доржсэмбэ юм. Доржсэмбэ бол Өлзийтийн суурин юм. Тэнд жинхэнэ яруу найрагч л төрсөн баймаар цаанаа л нэг өөр увьдастай нутаг шиг надад санагддаг юм. Үнэндээ Цэндийн Доржсэмбэ бол гайхалтай яруу найрагч түүний яруу найраг бол үнэндээ ертөнцийн цаад хязгаараас дуулдаж буй одоохондоо бидний мэдэж амжаагүй сонсоогүй тийм амьсгалтай тийм агаартай.тэндэхийн өвс тэндэхийн авсны бичиг шиг тийм яруу найраг шүү. Тэр хахь өөр яруу найрагч. Тэр золбин нохсын дэргэд талын чоно. Тэр холын холд дүүлсэн чоно бүлгээ.

Түүний яруу найраг үнэндээ хөгжим шиг хөгжмийн тансаг аялгуу шиг. Хэзээ хэдийд ч уншсан өөр өөр заримдаа бүр дуу алдмаар гээч. Гайхан бахадмаар гээч... Тэр шүлгээ үүрээр бичдэг шиг надад санагддаг юм. Тамхиа нэг сайн баагуулж аваад л хоромхон зуур бичиж орхидог байх. Тэгээд бичсэнээ уншин хүүхэд шиг хөөрч догдолж зөөлөн инээмсэглэдэг байх гэж надад харагдаад байдаг юм. Тэр юмыг маш сониноор ажигладаг нь шүлгүүдээс нь нэвт харагддаг тэр бол нэг бодлын гайхалтай уран зураач. Танхай зүйрлэлүүдтэй. Шүлгүүдээс нь тасдаж авч ишилж болдоггүй нь бас их сонин. Энэ бол мундаг уран чадвар шиг надад санагддаг. Тэр үгийг дархны инжаан шиг урлаж чаддаг нь шүлгүүдэд нь их зохиролтой илүү дутуугүй буусан байдгаас анзаар ч болно. Анзаарахгүй ч байсан болно тэр бол яруу найраг бичдэг яруу найрагч учраас түүнийг маш цөөхөн хүн нээж маш цөөхөн яруу найрагч түүний энд хүрнэ гэдгийг би хэлж чаднаа. Орчлонгийн жам ёсны эргүүлэг дундаа ерөөлөөр учирсан ахынхаа тухай цухас дурдахад иймсэн. Илүү арслан танхай юм дүү нь бичиж чадна л даа. Таны тухай. Цаг нь болоогүй байна. Хүүхдүүд жоохон бичиг харая. Таны энд хүрэх хүүхэд байна уу гэж. Яруу найрагчаа миний агуу их ах Цэндийн Доржсэмбээ.

Хас Бэгтэр

No comments:

Post a Comment