Friday, January 18, 2013

Яруу найрагч

Хааяа даа муу ахтайгаа гудманд таарах. Мэнд мэдээд зөөлөн гүн нүд рүү нь харах тоолондоо би өөрөөс минь өөр хэнд ч мэдэгдэхгүй юу нь ч юм тийм нэг тааж хэлэхийн аргагүй зүйлд автдаг. Тэгээд л салцгаах. Янз шог байдлын энэ хорвоо дээр яруу найрагч тэгээд л цааш алхах, булан тойртол нь араас нь харж зогсдог юм. Цэндийн Доржсэмбэ шиг тийм нэг яруухан яруу найрагч орчлонд ховор шүү. Ховорын тулд бурхан түүнд билэг авьяасыг харамгүй хүртээж, түүний билэг танхай авьяасаараа нэрсэн яруу найргаар хүмүүс умдаалж явдагийг би мэднээ. Саяхан хэвтэрт байхад минь “Бэгтэрээ чи үхэж болохгүй үхэж болдоггүй юм” гэхэд нь өөрийн эрхгүй сувдан нулимс бөмбөрүүлсэн сэн. Өчигдөрхөн надтай утсаар хорвоо нэг л уйтгартай байгаа тухай ярихад нь яагаад ч юм. Ихэд гуниж гутарсан сан би. Мэдэхгүй л дээ. Сэмбэ ах минь тийм нэг зөөлөн хүн. Тэр зөөлөн чанар нь надад их юм бодогдуулдагийг би сүүлийн үес их л анзаарах боллоо.

Түүний “Өлзийтийн суурин” унших бүртээ би уйлдаг юм. Гайхалтай шүлэг уйлахгүй байхын аргагүй тийм... Өлзийт гэж. Баян-Хонгорын төвөөс наашаа хориодхон км байх. Тэнд Цэндийн Доржсэмбийн Өлзийтийн суурин буй. Нутаг орон нааш цааш явах бүр дайрдаг юм. Өлзийтийн суурингаар. Үнэндээ Өлзийтийн суурин бол Доржсэмбэ юм. Доржсэмбэ бол Өлзийтийн суурин юм. Тэнд жинхэнэ яруу найрагч л төрсөн баймаар цаанаа л нэг өөр увьдастай нутаг шиг надад санагддаг юм. Үнэндээ Цэндийн Доржсэмбэ бол гайхалтай яруу найрагч түүний яруу найраг бол үнэндээ ертөнцийн цаад хязгаараас дуулдаж буй одоохондоо бидний мэдэж амжаагүй сонсоогүй тийм амьсгалтай тийм агаартай.тэндэхийн өвс тэндэхийн авсны бичиг шиг тийм яруу найраг шүү. Тэр хахь өөр яруу найрагч. Тэр золбин нохсын дэргэд талын чоно. Тэр холын холд дүүлсэн чоно бүлгээ.

Түүний яруу найраг үнэндээ хөгжим шиг хөгжмийн тансаг аялгуу шиг. Хэзээ хэдийд ч уншсан өөр өөр заримдаа бүр дуу алдмаар гээч. Гайхан бахадмаар гээч... Тэр шүлгээ үүрээр бичдэг шиг надад санагддаг юм. Тамхиа нэг сайн баагуулж аваад л хоромхон зуур бичиж орхидог байх. Тэгээд бичсэнээ уншин хүүхэд шиг хөөрч догдолж зөөлөн инээмсэглэдэг байх гэж надад харагдаад байдаг юм. Тэр юмыг маш сониноор ажигладаг нь шүлгүүдээс нь нэвт харагддаг тэр бол нэг бодлын гайхалтай уран зураач. Танхай зүйрлэлүүдтэй. Шүлгүүдээс нь тасдаж авч ишилж болдоггүй нь бас их сонин. Энэ бол мундаг уран чадвар шиг надад санагддаг. Тэр үгийг дархны инжаан шиг урлаж чаддаг нь шүлгүүдэд нь их зохиролтой илүү дутуугүй буусан байдгаас анзаар ч болно. Анзаарахгүй ч байсан болно тэр бол яруу найраг бичдэг яруу найрагч учраас түүнийг маш цөөхөн хүн нээж маш цөөхөн яруу найрагч түүний энд хүрнэ гэдгийг би хэлж чаднаа. Орчлонгийн жам ёсны эргүүлэг дундаа ерөөлөөр учирсан ахынхаа тухай цухас дурдахад иймсэн. Илүү арслан танхай юм дүү нь бичиж чадна л даа. Таны тухай. Цаг нь болоогүй байна. Хүүхдүүд жоохон бичиг харая. Таны энд хүрэх хүүхэд байна уу гэж. Яруу найрагчаа миний агуу их ах Цэндийн Доржсэмбээ.

Хас Бэгтэр
Үгс Үгс Үгс

Тэр цагт Бэгтэрийг юу бодож явсаныг тэр цагийн хүмүүс нь ойлгоно биз. Одоо цагт юу бодож яваагаа одоо цагийн оюун санааны сулралгүй зарим нэгэн хэсэг бүлэг зонд нь сургаалгүй сургаал айлдаадхая. Дүрмийн алдаа хамаагүй дүрэмгүйн алдаагүй хэдэн үг бөндгөрт чинь бөөрөнхийлөлгүй шудрага шулуун шулуухан шиг суулгаад өгөе.

Би бээр өчүүхэн муу өт хорхойны төрөлтөн хийгээд бас нэг муу, амьтанд муу саналгүй ялаа алж янгиа эвдэхгүй гэсэн бурханы биш сахил санаваарыг сахих гэх зантай даа заримдаа сахилыг эвдэх гэх яргуу бодол дандаа хатгаад байх биш ч гэлээ гэсэн гэлээ байгаад зарим шунахай хувалзуудыг гэдсийг нь хага яраад бэтгийг нь шахаж байх нь шудрага ёс хийгээд үнэн мөний мөрт нийцэх аваас заримдаа ялаа алж янгиа эвдэхнээ ч яадаг юм гэх бодол төрөгдөх болсоор энэ хүрээд буй болмой.

Бас сайн үйлийн тулд муу үйлийн цөвийг хийсгэн замхраах нь сайн үйлийн тулд л бол гэх бодлоос үүний учир мөрт гавжийн зиндаа бариадхая. Лүүжин тавиад луу унжилгүйхэн шиг. Жинтэйхэн шиг хоньны гулуузаар хийсэн жигнүүр дээр болж байгаа бууз шиг бузгай хэдэн үг. Үг хэдийг айлдяаа.
Орон бүхний поралтарчууд нэгдэхтүн гэсэн озоны цоорхой шиг олон юм ярихгүй ээ. Харж бай.

Аливаа сүргийг зөв мэргэн бодолтон залж чиглүүлж явдаг нь заяаны үнэн юм аа. Хүүхдүүдээ одоо хэдүүлээ жоохон зөв бодолтой зөв замаар тэгш мөсөнд тэргийг түлхэх лүгээ. Үндэсний оюун санаа хийгээд үндэсний оюун санааны дархлаагаа зузаатгах түүнлүгээ үйл мэтэст ханцуй шамлан орох цаг нь болсон шүү!!!

Хуулийн заалт зүйлтгүйгээр нийгмийн амьдралын хэв маягаас хахь өөрөөр дээд түвшинд аливааг харах боломж бүхий хүнд цаанаас өгөгдсөн эрхэм нандин зүйл бол урлаг юмаа. Урлаг утга зохиол гэж агуу зүйл байхгүй тэр нь уламжлан хөгжиж шинэчлэн сэрж цаг үеийнхээ шалгуурыг давж цагийн хожим ч шинээрээ хожмын хүмүүст ч шинээрээ агуу их оюун санаа, агуу ихийн төлөөх шидлэг бурханлаг гэгээрэлрүү хүнийг татдаггүй, агуу ихээрээ байх мөнхрөлийг олоогүй байдаг сан бол хүн төрлөхтөний амьдрал бол шог үзэгдэлрэхүү л юм байхсан.

Үүний тул цаг үеийнхээ оюун санааг тодорхойлж байдаг сэтгэгчдийг хүндлэн биширч тэдний дуулсан замаар замнах нь өөрөө моринд хөллсөн тэрэг лүгээ хүмүүн төрөлтний явдалаа.

Яван чангарахуу. Би энэ хэдэн үгээ тэнд тэнэж яваа тэнэгт зориулж хэлэх гээгүй хотгорт хонио хариулж яваа хоньчинд хэлэх гээгүй арын ууланд адуугаа адгуулж яваа адуучинд хэлэх гээгүй. Хэлэх гээд байна би. Энэ хэдэн үгээ. Ар сайхан монголдоо төрөөд авьяас билгийн хутгийг олоод адгийн шунал албан тушаалын хэнээрхлээс ангид хол анд нөхөддөө зориулж хэлэх гээд байна. Замд ургасан зангууг зайлуулж чадах зориг итгэл зорилго тэмүүлэлтэй залуу зохиолч нөхөддөө зориулж хэлэх гээд байнаа.

Одоо нөхөд та олон ноход биш нөхөд минь. Хөдлөх хэрэгтэй байна. Дашдоржийн Нацагдоржийн ганцаардаж асан. Доноворын Намдагийн хөгшин чоноо бичсэн. Бэгзийн Явуухулангийн Би хаана төрөө бэ? бисэн. Дооровийн бууж мордох хорвоог уянгалуулсан. Данзангийн Нямсүрэнгийн, Очирбатын Дашбалбарын, Сэнгийн Эрдэнийн сэтгэлийн уянгаа сийлсэн энэ монгол хэл энэ монголын утга зохиолын цаашдын хувь заяа хүссэн ч эс хүссэн ч та нарын нуруун дээр ирэх цаг нэгэнт иржээ. Одоо хөдлөх хэрэгтэй. Үгээ хэлж үзгээ шүүрэх цаг болсон. Би эхлүүлээд өглөө та нар үргэлжлүүл.

Энэ гурван давхар түрээсийн байрыг ав хөдлөгө. Юм хий. Энэ түрээсийн байрыг зорилготой мэргэжлийн байгууллага болго. Яагаад та нарт ганц өрөө олдохгүй байна. Гээд бод. Энэ нийгэмд унасан утга зохиолын нэр хүндийг өргө мандуул. Буруу хүмүүс буруу бодлоготонгуудыг зайлуулж зөв бодлого зөв хүмүүсээр удирдуулах цаг болсон шүү.

Би хэнээр ч заалгаагүй заалгахгүй энэ хэдэн үгийг хэлж байгаа юм. Би гагцхүү монголын уран зохиолын цаашдын ирээдүйг гэрэл гэгээтэй байгаасаа гэж хүссэндээ энэ хэдэн үгийг хэлж байгаа юм. Удирдагчийн үг ямагт товчхон байдагчлан. Пүрэвхүүгийн Батхуягаа. Би танд шинэ цагийн утга зохиолын орд цагаан өргөөний эзэн байгаад шинэ цагийн монголын утга зохиолын уяан дээр дүүхэлзэн байгаа билэг танхай оюунлаг зохиолч нөхдийн минь зам мөртөө ханьсан агуу их монголын утга зохиолын шинэ үеийг удирдан залах эрхийг өгөхөд бэлэн байна гэдгээ тэргүүн өчие. Тийн бүхийгээс. Үзэл санаа хийгээд муу үйлийн хандалаас хамгаалан жагсаалын жаа хийгээд ард чинь архираад зогсож байхад ч бэлэн байгаагаа хоёрдугаар өчсүгээ. Гүйцээ.

Зохиосон юмгүй Хас Бэгтэр.
Заан

Урт хушуутай. Уужим ташаатай. Удаан явдалтай, халуун орны сэрүүн орны биш амьтан гээ л яривал ярина ш тээ. Эвтэй дөрвөн амьтаны нэг гээ л эвтэйхэн эвлүүлээ л бас яривал ярина ш тээ. Улсын наадамд долоо давсан бөхөд олгодог морины биш бөхийн цол гээ л нэмээд яривал ярина ш тээ. Ярия л даа. Чүү. Толин хулын төвөргөөнд торгон жолоо өргөсөн монголооо.

Ай сайхан Бурмаа аргагүй сайхан Бурмаа..., бурам шиг сайхан, амалгаа сайтай гаанс ч юм шиг сэтгүүртээ ухууртай уянгатай салхи савиртай үнэгэн шогшоотой. Үйлийн үртэй, үйлийн үргүй сайхан, гадаа гаргаад тохцон амрагын минь торгон доошинзны тод ялдам хээ шиг хээний шаглаас шиг. Шаглааны утас шиг утасны зүү шиг, зүүны сүлбээр шиг, тэр сүлбээрний нүхээр усанд орж буй нүцгэн эмэгтэй харах шиг. Хараад л баймаар шиг хачин сайхааан. Онцгой нэгэн охинд хаядсан шиг онцгой нэгэн дурлалын тухай, тэр дууны гуниг нь ч шиг тэр дууны гэгээлэг сайхан ч шиг юм бүхэн хуран бүрдээд цогцлыг олон цогцлон бүрдсэн нь сэтгэлийн хэц дээр гаргаж өлгөсөн яруу сайхны, яруу сайхан дуу...

Энэ хүүхдийг энэ чигээрээ задгай авьяас, торгон мэдрэмж ухааны цараар нэн тод дуулж чадаад ахиад ах дээрээ алий гэсэн хэдэн сайхан ном боогоод ирвэл. Ах нь чамайг монголын яруу найрагт аргагүй төрсөн заан мөн байна гэж хашгирмаар байна. Начаан.

Хас Бэгтэр.
Илжиг

Нэгэнт төгс төгөлдөрөөрөө бүтээгдсэн юмнаас төгс төгөлдөрөөр дутуу чанараараа. Хүн бол дутуу төрсөн амьтан мөөн гэж. Баабар нэг ярьж байхыг би сонссон юм. Түүний зөв л дөө. Илжиг бол оногдсон өвсөө иднэ. Байгалийн хууль үржил силиекц цаанаас яаж бүтээсэн түүгээрээ л явна. Илжигний хувьд төгс төгөлдөр нь энэ. Харин хүн бол нэг талын антомын нарийн бүтэц бүхий бие махьбодь, бусад амьтдын л адил.Үржинэ хорогдоно. Өтлөнө үхнэ. Нөгөө талын оюун ухаантай сэтгэх чадвар бүхий уураг тархитай амьтан юм. Үүгээрээ л илжигнээс төгс төгөлдөрөөр дутуу төрсөн амьтан юм л даа. Тэр л дутуу чанараараа оюун ухааны хувьд илжиг шиг төгс төгөлдөрт хүрсэн хүмүүс их байх юм даа. Базарваань.
Хороо

Манай хороонд малын нүд сүүмийсэн хавар ирсэн ч ойрын хэдэн жилдээ. Цэлмэг зуныг үзсэнгүй. Сүүмийсэн хавраараа байгаад байдагт би дургүй хүрдэг юм. Онд орох орохгүй нь мэдэгдэхгүй сэнсэрсэн төлөг шиг болцонд би дургүй хүрдэг юм.Яахав нэг хавтгайгаас нөгөө хавтгайр уу шилжсэн нийгмийн оюун санааны шилжилтээс хойш би ярих гээд байна л даа. Албагүй л дээ. Нийгмийн шилжилтээр хороо хороо болох боломж их байлаа. Даан ч болоогүй. Үүний учир шалтгааныг надаар хэлүүлэлтгүй мэдэх нэг нь мэдэх биз.

Манай хороо гунжин шахуу үнээтэй болсон ч сүүл сааль өгөлгүй. Тэгсгээд өнгөрөв бололтой. Одоо манай хороонд гоё юм болно доо. Манай хорооныхон хэсэг хэсгээрээ тус тусын мөрийн хөтөлбөр бодлого зорилтоо дэвшүүлж байгаад хорооны овгороо шалгаруулах юм. Би боддог юм. Бурхан минь. Сүүмийсэн хавраараа баймааргүй байна. Сүү муутай том үнээтэй баймааргүй байна. Арай гайгүй овгортой болмоор байна гэж.

Одоо алийн болгон хамтралын үеийн чулуун хороогоороо байх вэ. Энэ хороогоо эрүүл саруул зөв зохион байгуулалттай зөв бодлоготой зөв хүмүүсээр дахин шинээр бариулах цаг ирсэн шүү. Үүний тул залуу үеийнхэн хүчээ өгөх цаг ирсэн шүү. Одоо л эс бол хожимдоно. Хожимдоно гэдэг нь. Хороо маань ёстой. Хоньны хороо болно гэсэн үг.

Хас Бэгтэр

Monday, January 14, 2013

Би

Эрхэмсэг байхыг хүснэ би. Хамраа сөхөхийг хүснэ би. Хямсгар
байхыг хүснэ би. Ганган чамин хувцас өмсөж, үнэтэй утас барьж, жийп хөлөглөж, нүүрэндээ үстэй адгуусаар зугаа цэнгэл хийж, тансаг хаусанд амьдарч, өөр зуураа бэл бэнчингээрээ гайхуулж, бусдын дээрээс шүлс хаяж, ядарсан зүдэрсэн улсад дээрэнгүй, сувсан сувдаг баячууд эрх ямбатангуудын өмнө, дохилзож долгинож явахыг хүснэ би гэж. Хэлэх юм шиг. Би харагдаад байна уу?

Тэгдэггүй юм. Би эрхэмсэг явна. Хамраа сөхөхийг хүсэхгүй би. Хямсгар байхыг хүсэхгүй би. Өөрийнхөө боломжоор өөрийнхөөрөө шудрага шулуун амьдрахыг хүснэ би. Үнэтэй зугаа цэнгэлээс үүрд хол явахыг би хүснэ. Ядуу зүдүүст тусалж, шудрага бусаар хөлжигч, шудрага бусаар эрх ямбанд залрагсадын өмнөөс салаавч тавьсаар байна би. Орцны найранд онгиролгүй ордны найранд агсам тавьдагаараа тавьсаар л байна би.

Эрхэмсэг явах болно би. Үнэн явах болно. Гайхал тэнэгүүдийн дунд галзуу солиотны дүрээр гайхуулж гайхшруулж явах болно би. Би хүн чанараа хэзээ ч гээхгүй явах болно. Хүн чанараараа ядмаг амьтасын дэргэд хүн шиг явах болно би. Зүүдэлж амжаагүй зүүд шиг чинь явах болно. Зүүдэлж ч амжихгүй зүүд чинь би байна.

Эрхэмсэг байсаар байна би. Би гагцхүү оюун санаа хийгээд түүнлүгээ жул амьтас түүнлүгээ мунхаг мундар явдалтангууд хий сүр юмсын дэргэд эрхэмсэг байх болно. Би гагцхүү оюун санаа хийгээд түүнлүгээ асар дээд хүмүүнээ ухааныг арсаж тэмүүлж тэмцэж явах болно.

Би гагцхүү оюун санаагаараа эрхэмсэг бардам омог бадрангуй явах болно.

Тиймээс би. Салаавч тавих газраа тавьсаар л явах болно. Хүсвэл би ордон дүүрэн үзэгчдийн өмнөөс ч яг л Бахман шиг...

Хас Бэгтэр
Морьд

Биеэ угаадаггүй бэлгэвч хэрэглэдэггүй /шудрага шулуун гэдгээр нь ухаараарай таминь/ бэлэг танхай монгол билээ би. Би халхын хавтгай дээр ханаа дугуйлсан хаан /халхын хавтгайн хаан нь ч эзэн нь/ монгол билээ.Билээ би Бэгтэр. Хэдэн үг. Үг хэдийг сүнгнүүлээдхэе. Цохон дундуур чинь. Аяа налгар монгол сайхан эх орондоо нартын жамыг элээж л явна даа. Жилийн дөрвөн улиралдаа жинхэнэ монгол би тааваараа аж төрнөм зээ. Чүү. Эрүү боруу харцаганээ шигүүрхэндээ хүчтэй дээ.

Эр хүний хийморь болсон эрмэг сайхан хүлэг морьдынхоо талаар хүүрнэе л дээ. Ай хө уяач хүний жаргалыг уургаггүй та нар яаж мэднэм. Уудам сайхан монгол хэлээрээ цээл уужуухан гүйлгээд чахалзуураар чинь уранхан хуйвдаад. Гавлын чинь амыг нааш нь эргүүлээд өгөе.

Зээ хө. Миний хэдэн морьд болбоос газар газраас цус сэлбэсэн. Унаарт эцэхгүй уяанд нухлууртай уралдаанд хурдтай нь даанч бахтайсан. Би бээр цагийн хөх салхинд гандаа нь үгүй хэдэн жил морь уяахдаа. Айраг түрүү олныг түүж отон метаал олныг цуглуулсанаа тоочиж яааж барна. Тоочиж барая даа би. Тоочмуй.

Халхын хавтгайн өнцөг булан, булан өнцөгөөс цуглуулсан хүлэг морьдынхоо өнгө зүс айль аяга, төрх байцаас нь овоо хэдэн жил морь шинжсэн хүн шиг ярия л даа. Амгай зуузайг аманд чинь хийж байгаад ангайлгаж байгаад нас шүдэнд чинь тохирууланхан.

Ай хө морь уяна гэдэг чинь монгол философь. Филсофь байхгүй юу философь. Өглөө сүргэлж гарахаас авхуулаа л. Жилийн дөрвөн улирал туж дэргэд нь байж, хариулга маллагааг нь тохируулж байж, наадам наргианд давхих эсэх нь хурдан удаан байх зэрэг цөм нэгэн жилийн арга ажиллагааны нарийн нандин философь ухаан, гүн учиг дээрээс зүйн тохируулахаас хамаарчихам. За ингэж байгаам. Нар цухуйвуу үгүй юу. Дээлээ хөөргөж бүсэлж авангуутаа л. Унийн толгойноос цаг тооны цаглабараа шүүрч аваад баруун гарын долоовор хуруугаа түй норгож аваад төдөн оны төдөний өдөр тийм буулттай /лусын буулт/ г.м тийм тийм өдөр /хурьцахуй, хүртэхүй/ бас гэхэм. Нартай, бороотой, салхитай шуургатай, өвстэй, идэштэй, сөлтэй, сөлгүй, өнтэй, өнгүй, мөн тэхэм. Нарийн шүү дээ. Хаагуур хаагуур адгуулахуу? Хаагуур хаагуур бэлчээрлээд хаана оруулж хаана хонуулах уу? гээд асуудлын нарийн нандин ажиллагааг зохирууланхан цохицууланхан...

Бодож бясалгаж, чөдөртэй, чөдөргүй, тушаатай,тушаагүй,аргамжаатай, аргамжаагүй, уяж хоносон, хоноогүй гадаа байгаа хантрайтай мориндоо эмээл юугаа тохон дөрөө юугаа жийн ганзага юугаа цацрууланхан...Туулын хөндийн сугаар баруун зүүн, зүүн баруун, хойно, урд, булан толгой, толгой талгүй давхиад гурав, хоёр, гурав, нэгээр цуглуулж явсаар бүгдийг зүс царай явдал төрхөөр нь мэтгэн бүртгээд нар ташилан алдахын хяраатайд бага тойруугын бэлээд туун “Тулга” уулын горхиноо сэнгүр, боргио, хараа, ерөө аль дуртай умдаагаар нь умдаалж аваад бултаар нь бөөгнүүлэн хурааж аван орхиод авгай хүүхэддээ яаранхан замд ганц нэг айл таарвал бууж морьдоод харьдаг адуучин би чинь жаргаж явнаа.

За цааш нь зэл сунгаж уяа уртсагасан шиг ярия л даа. Тэр жил нэг овооны наадам болдог юм. Тэрэн дээр морь шинжин явж байтал. Нэг давжаа хээр морь жижиг биетэй юм аа. Бага залуу насандаа жоохон гашуун нясуун өвснөөс болоод оёгдсон юм уу гэхээр арай биш ер аятайхан харагдаад болдоггүй. Гэм нь үүдэн хоёр шүд нь орсгой жоохон алцан алхаатай, шүдийг нь болиё гэхэд алхааг нь засаж болмоор санагдаад болдоггүй. Аятайхан оролдвол жороо ч сурчмаар юм шиг. Аа асуулаа удам сударыг нь судаллаа. Овоо юм дуулдаж байна. Хурдны угшилтай нутгийн үрээ байна аа. Төв дэлгэр нутгийн. Уаа наймаа хөөрөө тохирч нөгөө муу үрээгээ ч ногтоллоо. Одоо хүртэл миний нэг итгэлт морь байгаам надтайгаа л адилхан хөгширч явна даа. Сайхан ч жороолно. Жороо морьдын уралдаанд дээгүүр өнгөөр халамцуухан л давхиж ирдэг агтдаа. За тэхэм манай баруун аймгийн угшилтай уг гарал нь Увс нь аймгийн Зүүньговхон сумынх. Хоёр үрээ. Улаан хүрэн, нүүртэй одоо цогтой дэл ихтэй тэрийгээ байнга сэгсэрч явамхай. Ороонго өвсөнд дуртай амьтан таарчихам, өмнөөс бас толгой өргөмтгэй хазаарт сэвгэр нохойгоорсон бол овоо цор цор дуутай баригадын наадам сумын наадам гээд хэдэн хэдэн түрүүтэй тэрэндээ бардам. Хүнээрсэн бол хоёр үгний холбоо таван үгний таацаантай тийм нэг бас л миний хайртай адгуус л даа. Нөгөө нь гэвэл болбоос уу нүд дүүрэн биетэй шинж дүрэмдэн буулгаваас бага залуу наснаас баал цэх хянуур явдалт хий багатай газрын орны тавилттай нам намба алхаатай тэрэндээ хийдэл тун бага шар хонгор зүсмийн. Хянуур давхиатай гараа сайтай бариа тааруу гэхдээ ганц хоёр овоолгоны наадамд түрүүтэй сүрхий амьтаан. Би уяач хүний хувиар одоо бодохом. Алийн болгон дов дошин дээрээ уралдахав. Юм үзэж нүд тайлаад ирэг гээд хойд зүгийн Чита мужруу танил орос уяачдаа жоохон давхил оруулаадах гээд өнгөрсөн намар явуулсан юм.За мөн л чиг шугам яваад байгаа ш тээ.

Уяач миний уг нутгийн гарвалтай сүргийн дундаа харвалзай сүр дүр ихтэй сэвхийсэн сайхан шарга морь нэг бий дээ. Удам угсаа сайтай яалтгүй л хурдан адуу. Уяа сойлго унаа уналганд би байнга л унахам л итгэлт хүлэг минь байгаам. Урд баруун хөлөндөө удмын хурдтай тэрүүгээрээ газар тамгалсан байх мөрт нь мөн ч уранхансан. Хүнээрсэн бол тийм уран гартай тэрүүгээрээ уран зураг зурдаг ч гэх юм уу. Түүгээр нь би сүргийнхээ мөрийг даран олно шүү дээ. Адуун адуун дундаа агтын дээд гэж бий. Тийм агт морьдын минь яалт ч гүй мөөн.

Тэгжихүй надад гурван гайгүй шүдлэн үрээ бий. Хардаг юм. Соёолон суугаад буруу сор суучихгүй бол гайгүй нүүр улайлгачмааргүй хөөрхий нялх амьтас даа. Нутаг холдохгүй Хөтөлийнх нүүртэй сартай нэг хар хүрэн үрээ би их хайртай. Алсдаа яггүй юм дуулгана гэж боддог. Боддог учраас олон үгээр яахав. Олон үгээр яаахуу. Аа бужигнаантай бужигнаан дээрээ будаантай хөөрхөн амьтан. Энэ туул голынх. Нарийн сайхан янцгаана...

Туулийн хөндийх л дөө. Халиун морь байна хачин сэтгэхүйтэй. Харин унаж унан харихуйяа бас л сэтгэлийн минь утсыг хөндөгч уудам саруул санаат заяаны ухаант хүлэг буюу. Бас л нэг хөндийнх үлэмжийн сайхан янзцгаалттай. Үнэхээр сайн үүлэн ягаан мориндоо ташуур нэгэнтэй өгвөл ч өвөлгүй зун зунгүй намар намаргүй хавраар нааш цааш галигуулах би дуртай.

Орхон аймгаас олж ирсэн онгодтой бор шүдлэн минь хязааландаа онгодтой соёолондоо согоотой хавчигтай хавчигдалгүй их насандаа ирэн золгохын ерөөл бодон сайныг санаж явнам л. Энэ л аймгийн хангалын голоос гарвалтай хангал сайхан хүлэг нэг байнаа. Байлгүй яахам. Уян зөөлөн. Усан махбодийн шинжит буй. Сэтгэлийн ороноор нь шинжвэл зүрх сэтгэл сайтай нь тэр нь нүдний тунгалгаас харагдана. Давхар уяанд түүртэхгүй. Даанч сайхан хүний нөхөр хүлэг эрдэнэ минь ээ.

Ар өврөөс нь эхэлхүү. Өврөөс нь эхлэе хангайгаас. Гурван сайхан амьтан байна. Эртний Хархорумын тууриас тэр жил хоёр үрээ авсан юм. Хээр алаг зүсмийн давжаа биетэй. Дөрвөн мөчиндөө тэнцүү хурдтай. Ойрын зайд муу. Алсдаа яалт ч гүй хурдан тийм нэг хүлэг морь байна. Есөн ердэнийн эх орондоо эртний сайхан ерөөлөөр учирсансан. Удаахь нь халтар зүсмийн хайрч тангарах гэх зантай ч цаанаа уян зөөлөн уналганд сайн хөлдөө хийтэй хүзүүндээ бяртай нь хоёр. Дагуух нь Бат-Өлзийнх улаан хонгор зүсмийн уужим сайхан явдалтай урд насандаа лам юм уу гэрийн үнэнч нохой байсан болов уу гэж би боддог юм.Ялгаагүй л бас миний хол ойрдоо эрэл суралд унадаг эрдүү сайхан эрэмгий тэмүүлэмгий хүлэгээ.

Ар сайхан хангайгаас л гэхэд ээ миний уургийн морь, цээж өндөр толгой сэвгэр нарийн улаан хээр морь уранхан амьтан даа. Согсоо нь гурван жилийн хур өвс мэт. Гурван овооны уулзах дээрээс харан шинжвээс өвөл зунгүй оноотой орно унаган махаа алдахгүй салтаа уужим тэр нь бөгсөндөө бяртай өгсүүр замд сайн гэсэн үг.Азрагасан бол нилээд гүймхээ азрага байх байсан даа.Ээ бас уурга юүгээ заланхан унаж явахад биед түшүүртэй ханилгаа сайтай хал үзэж халуун чулуу долоосон хүлэг минү зээ. Минү зээ. Тав зургаан жил дэл сүүлийг нь аваагүй юм. Бүдэн буурал зүсмийн бас л жүүжүү мөнгөн дөрөө даранхан хатируулж явахад жаргалтайн дэлгэр монголын жаргалын сайхаан.Тийн буй хур дэлтэй сүмбэн зээрд морь. Сүрхий давхилтай зээрийн шинжит зэгзийсэн хурдан нь гуниггүй баярын ерөөл буй заа.

Хөвсгөл их далайн зүгээс бас буй.Тарган хонгор морь таатай амьтан даа. Илүү дутуу муу зангүй байгаараа л сайхан буянтай амьтан сан. Сүргийн дундаа намба заасан нь сүрхий ихийг үгүүлэх мэт мэлхий язгуурт буй. Тэр нь аливаад ухаалаг хашир ханддагаас харагдана. Алсын барианд аргагүй л айрагдах армаг юм. Бас л барьцгүй бухах захгүй зантай. Зантай захгүй эрэмгий эр хонгор явдалтай. Явдал дундаа будилаантай. Будилаан дундаа хулжаатай. Хулжаан дундаа хурдтай. Зүсийг нь тогтоон харах хэцүү жилийн дөрвөн улиралдаа жир бусаар хувиладаг нэг амьтан бий шүү надад. Мөн болбаасуу таван цагаан зүсмийн биеийн хийц нь дунд гарын мөнгөн аяга шиг. Зүрх муутайн шинжүү алив наадамд их л хөөрүү. Уяа нь орчвол ч бас л адтай дамшигдаа. Бас нэгэн буй. Адайр ааштай. Ая эвийг нь олох ч бас хэцүү хэцүү. Наанаа тийм ч цаанаа холын бодолтой дор намба суудалтай бидэрт хүлэгийнхээ авьяаст билэг хурданд аргагүй сайхан итгэдэг дээ. Бас л нэгэн буй хадган цэнхэр судалтай дайвар бор үрээг дажгүй харайх боловуу гэж хоёр нүдний дурангаа хол ойрд тусгадаг л.

Хар зүсмийн хоёр сайхан морио яааж магтахгүй байж чадна би. Хоер бүдүүн амьтан бие хаа томтой. Бэлчээр ч томтой. Хар алаг нь Төв аймгийн Батширээтийнх уужим сайхан ташаатай хамар сартгар цээж томтой гүзээ цүдгэр зан сайтай зах дөрвөөр орж яваа зантай хар алагаа өргөмж сэрэхүйд иймсэн.Сэрэн өрөмжлөхүйд сүрдэм бараат гил хар минь Алтайн их уулсын унага бөлгөө. Амгай зуузайндаа дөмөнг хүлхсэн шиг армаг минь жинхэнэ монгол морины шинжийг өвчсөн адгуус даа. Алсдаа андуу эндүүгүй холын холд дүүлэх болтугай. Гил харын минь зүг нэг. Хоёр хүлэг байна. Хүрэн алаг зүсмийн арилжаа сайтай. Хазаар дарам тэмүүлэхдээ хатирч жороо ч юм шиг явдалтай. Яван сайжирах сайжиран чангарах. Их уулсын бага хурд минь. Их уулсын их хурд болох тавилан оноо бий билээ. Тийм байжихуй зассан шагай шиг. Засаагүй шагай ч шиг. Амалгай сайтай гаанс ч юм шиг сортой хүрэндээ би бас хайртайм л. Сүргийн дундаа өвчин эмгэгтэй нэгнээ өөд уруу нь болгож байдаг нь харах нүднээ хүнээрсэн бол хүний их эмч гэмээр л юм даа.

Жаахан шарга дуу шиг баахан шарга Сэлэнгэ мөрний сэргэлэн унагаа гэж. Бур бур дуутай бумбын орны хийморьтой сэр сэр дуутай Сэлэнгэ мөрний долгиотой цалгиатай цангинасан сайхан амьтаан.

Хутагт хувилгаадын шиншигтэй. Хувилгаан шинжийн төрхтэй үс ихт цөс ихт нэг морь бий. Үс зүсийг нь засчвал Болор цомоос боорцог хүртэхгүй болчих бий гэж эмээнэ. Алсаас харсан хүнд бол сүрэг дундаа азрага нь энэ үү гэж хүн андуурмаар. Хүн андуурмааргүй хүнлэг сайхан дэлт хүрэндээ. Янжинлхамын ерөөл айлтгая даа. Тэгсэн цаанаа л нэг жааны хүлгийн хуйхтай хүний унаа жагссан бядтай бидэрт хээр мориороо басгад сэвгэрүүдийн гадаа буух би дуртай. Бас л байнам. Ясан толгойтой янхигар хоньны бор хээр морь нэг байна. Тэр нэг жил тэр нэг эгчийг хаашаа ч юм явчихыг мэдээгүй хөөрөөд л байсан тэр намар нэг уясан юм. Гэтэл би бас л унаган хурдтай морио хонинд унаж байдаг хойлог ухаантай хохимой хоёр нүдээ юм хардаггүй туучы байна даа гэж өөрийн эрхгүй бодож байлаав шүү. Энэчлэн тоочихуйд дээд тэнгэрээс онгодтой дэргэд олондоо тустай.

Дэв сэвийг минь үргээчих. Бөө цамнаан бүргэдийн ханшаарт бүргэд хүрэндээ мордон явахад ч урамтайхан шүү.

Барин бататган өчихөд ганцаараа юм зайлуу л. Дорноговийн догшин буурал морь минь. Дотор ухаалаг шинжээрээ доглууланхан догшуурланхан байдаг л билээ намайг.

Ийн цухас буулгахад иймэрхүү дүр зурагны байх даа. Зарим зөндөөн унага даага бий.Гэм нь таниж мэдэх шагай шиг хэдэн адуу минь хааяадаа агь ганга чихэр өвс зээргэнэ зэтүү идчих гээд байдаг гэмтэй гэхдээ зүгээрээ гараанаас гарсан хүлэг морьд өөр өөрийн давхилаар давхих болмой. Бас өөр өөрийнхөөрөө газын хөрсыг онхи тамгалах болмой. Утга зохиолын идэр залуу морьд уяан дээрээ дүүхэлзэнэ. Урт холын замаа анирдан сэрэн зогсцгоож байна.

Та бүгдийн тухай хурдан хүлгийн шинжийн наян нэгэн шинжээр гадаад дотоодгүй тайлж тайлбарлахуйд оньсого шиг юм болчоод ойлгож ухах хүн нэг их байхгүй болчихоно. За таминь энэ бүгд зүгээр ил цагаан нөхөрсөг шог төдий юм шүү. Дараа таараад ийм тийм гээд барьж авч балбачих гээд байв даа.

Ацалбал өвөл зун хавар намаргүй хачиг салдаггүй даахирсан шар үснээсээ салдаггүй нэг муу бүүдэн саарал морь. Адуу адууны хойноос дэгэнцэн догонцон бараа нөмөрлөн явах адгийн муу адгуус байх бөлгөө. Тэр нь би юм.

Тэр нь тэгээд ядахад шөрмөсөө тавьдаггүй хүлгийн зангаа хаа ч гээдэггүй чонон саарал байгаад. Илт үзэхүй дүрээр ядмаг ч. Илт ухахуй ухаандаа. Унага даага хээлтэй хээлгүй гүү байдас гээд юу байна цөмийг хураан хумиад хээрийн араатан дайснаас хамгаалж явдаг арслан танхай азрага чинь байна гэвэл та нар яах вэ? Ялгаагүй л янцгаах байх даа? За ингээд богдынх нь боорцог дууслаа.

Хас Бэгтэр