Sunday, September 18, 2011

                                                       Алтантуяа
                                                             
                                                            1.

 Дүрст лагшнаа махан бодийн ахуу хүлээснээс  чөлөөлж оюун сэтгэлэгийн ахууд шүтэх нэгэн зураач хотын захад төдий л аж ахуй ч бусаар төвхнүүлсэн хээнцэр бус урландаа өөрийн нь хөрөнгө зөөр болох будаг бийр,бийрийн эвлүүр, зотон даавуу,нийлүүр,үлдэл будгын шаар шавах сав,будаг шингэлэх бодис, хуйлаатай даавуу,энэ тэнд хөглөрөх цаас, хөнгөн таталган зурсан үүдэл санаан дүрс бүхий таталбар зургууд, тосон усан төрөл бүрийн урлангын бүтээл, хана адарт нь өлгөөтэй байх хөнгөн тоногт хүрээ рам жаазнаас, за даа өөр өв зөөрөөр барагтай бөгөөд  түүндээ ч сэтгэл ханамжтай туурвин суух бүлгээ.
Санаваас мэргэн хүн аж төрөхүйн ёс горимоо хоёр хязгаар лүгээ хагацсанд  тогтоон барьж илүүгүй дутуугүй нөхөцлийг үүтгэн сэтгэлийн таалалт орчинд бүтээн тууривах гэдэг нь ер санаандгүй хэрэг бус бүтээхүйн нарийн зохицлогот урлахуйн цардуулаа бат нут байлгах гэсэндээ тэр амой.Тэр ёсоор суунам билээ сайх зураач.Чингээд ертөнцийн хүмүүсийн үйл мэтсэд заримдаа ихэд гутах авч сэтгэл юугаа  зогоож тэтгэх учрыг нарийн ухаант мэргэдийн ном судар  үйл хэргээс олж харан сэтгэлээ төвшитгөн засах нь даан ч бахтай сан санж.                                                                          
                                                               2.

Алив юмсын дүүрэн утгад нэвтэрсэн туйлын эрдэм гүн, онч суртаалт цаг хугацаа хэмээгчтэй, зураач  урландаа хүүрнэлдэх нь салхивчын зайцаар исгэрэн саринажихуй ийн хэлцэх:
-Урлаг нийтийн үзмэр байж болдоггүйд л ихээхэн учир жанцан буй юм.Хэрэв тиймгүйсэн бол хохимой толгойтон бүхэн өөрийн таалалд нийцүүлэн урлагийн бүтээлийг үнэгүйдүүлж орхихсон.
-Урлаг үнэтэй  үнэ цэнэ нь хосгүй байдаг, хосгүй байхыг шаарддаг учраас цөөн хүн бүтээж тэр хэрээр нийтийн таашаалаас ангид хол байдаг юм. Зүйрлэн хэлвээс үнэний зорилгод илэрхий ерөндөг бологч худал хуурмагыг хэр мадагтай эсэхийг тунгаан шүүхтэй төст юм. Нутлагдсан худал хуурмаг гэдэг нутлагдсан үнэний л сүүдэр байх шүү дээ,өөрөөр байх учиргүй нь мадаггүй үнэнийг эрхэмлэх шалтгааныг үүтгэж байгаа хэрэг.
-Нийтийн таашаал урлагийн их зорилгод нийцдэг нийцдэггүйн учир энэ мэт ажуу .Тийн урлаг  ч бас туйлийн шаардлагаас ангид байж үл болох билээ.Туйлын гоо сайхнаас ангид байж үл болох ажаам.Үүнийг батлан өгүүлэх гэхээ яаран түвдсэнгүй билээ.
Хэмээн нэн ултай бодол саналагын улмаас ухаан сийлэн өгүүлэх зураачын өчлийн дагууд:
Cэтгэлийн уртай цаг хугацаа бээр:Орчлон ертөнцийн төгөлдөржөөгүйн тухайтад сэтгэлэг жаал гутуу байх авч бас чиг энэ талаар  санаа бага чилээхээ мэддэгээ, баахан бухимдуу өчихийн сацууд:
-Бөмбөрцөгийн зүйг зэрвэс толидоход алив хөнөөлт амьтан өөр нэг хөнөөлт амьтандаа төрөлссөн дөмөг тушаа болсон дүрэм дэг тотоон боорлох ичгүүр сонжуургүйн замаар замнах юм даа.
Гүй ээ тэгээд адилгүйн адил төсгүйн төст бөмбөрцөг болмуй энэ одоо.Тэгж ухах нь зөвийн буруу,буруун зөв ч биз.
-Тийм биш гэх болбоос мөн юуны лаа ариун явдалын тухай шүүн ярих шалтгаан үүдлээ гэж мэтгэцгээх билээ дээ одоо чухам.Гэхнээ хором зуур санаашран цэгнээд,зураачын урлаж буй хөрөг зүг ширтэнгээ:
-Урлаг ариун байх учиртай, ариун үнэн гоо сайхны туйлыг урлаг хүмүүнд харуулах түүгээр дамжуулан ухамсарт хүмүүнийг бурханлаг оршихуйд хөтлөн аваачих гүүр байх ёстой.
-Өөрийн гүн ухаанаас өөр бурхан бүтээгч хүмүүнд байдаггүй юм.
-Урлаг дахь цорын ганц аврал гарц энэ.Түүнд хүрэх бүтээгчийн мөрт зам өөрийн оюун бодлыг заран хүрэх тэр сац гэрэлт бүтээл тууривах явдал юм.
-Гэрэл гэгээнд тэмүүлэх хүний төрмөл хүслийн жигүүр урлагаар дамжин сөдлөх бөлгөө хэмээжихүй.
Тэдбээр дүрслэхүй ба хийсвэрлэхүйн ухаан зохиролт тавилантын ухаан гэх  мэт гүн сэтгэлэгт сэдвээр  уран үгээ уудлан зүүргүй үгээ зүүн саналага юугаа мэдэлцсэний хойно.
Зураач бээр асууруун,цаг хугацаа үгийн хариуд өчсөн нь:       
         -Уран зурагт тиг гортиг гэж бийсэн боловуу?
         -Бий нэг дүрсээс нөгөөд хүрэх аргыг заасан зам юм.
         -Арга гэж юу вэ?
         -Нууцыг бүтээх хэлбэрийн ил буй хэлбэр
        -Аргыг яаж бүтээх түүнээ ил ч бус далд ч бус үзүүлж  болох зүй тогтол байна уу ?
        -Эрсэн санааг тодорхой дүрст онох, оносноо өөр нэг санаанд нуух,саях нуусан санаагаа мөн саях оносон дүрстээ нуухыг хэлэх ажаам.
        -Ахуй ертөнцийн тэргүүн бөлөгт тэмдэглэгдэн үлдсэн бүтээлүүд чухам ийм замаар бүтээгдсэндээ л үнэ цэнээр хосгүй байдаг юмдаа.
       -Оюуны хараа гэж юуг хэлнэм бэ?
       -Өөрийн гүн ухаанаа уудлан харахуй юм.Ухаа нь дүрслэн бодсоны эв зүй олдох цэг түүнээс төрөгдсөн оюун мандалын их орон зайд төлжсөн хий ухвар саналга сэтгэлийн тарчлаанаас бүтэн бүрэлдсэнийг  харж сурах урлаг гэвээ.    
       -Өнгө найрсахуйн тухай юу үгүүлнэм билээ?
       - Солонго,солонго татах агшин...
       -Гоо сайхан...?
       -Тэрхүү солонго адил агшин зуурын гоо үзэсгэлэнг...
Ийн өгүүлэхийг зураач нэгэнтэйгүүр гайхан нөгөөтэйгүүр бишрэн сонсов.
Чингэн зураач, аливааг танин цэлмээгээд  ариг суухын оршоолд бататжсан цаг хугацаатай хүүрнэлдэжихүй.
Зурж буй бүсгүйн хөргийн өмнө нэгэнтэй шийдвэртэй очин бүсгүйн царайд  солонго татах мэт тод найрсалт өнгөөр  уран бийрийг хөшжихүй...Бүсгүй инээмсэглэж  байлаа.Тэрхүү солонго адил агшин зуурын гоо үзэсгэлэн...
                                                                
                                                            3.

Гоо сайхан бол бэлэг тэмдэг түүнийг байгаль бүтээх бүлгөө.Байгалийн бэлэг тэмдэгийг олж харж мэдэрсэн гоц гойд билгийн нүдтэн бүтээгч хүмүүн бас тэрхүү гоо сайхныг урлан тууривах буюу.Тийм их гоо үзэмж ховор,ховорын тулд олох хэцүү ,хэцүү учраас алдах гээхийн шаналан бүр ч бэрх,бэрх болоод эрэхийн эрэл мухар.
Ай алив бүхнээс чамайг эрмүй би.Хэмээн зураач өнөөх хөрөгийн өмнүүр татсан хөшгийг нээжихүй...                                                                          
                                                               4.

Гол зурмаар шаналант минь, цэцэгсийн гэгээ адил хиргүй тунгалаг  үзэмжит гэрэлт  амуй чи, өнгө дуртмал үзэсгэлэн төгөлдөр билээ чи,ээлт наран чам дээр л хамгийн тодоор туснам зээ Алтантуяа,ус нэгэн агшинд урсах лугаа шинж дүрэмдэн долгиотох гэлмэгт хар үснэрээ анхилжихуйд сэтгэлийн сэвийг дарах мансуурам шидтэй ажгуу, чиний гантиг лүгээ гүймэг ягаан туяат анхилхан цагаан уран цээжний үнэрс, түүнээ зохицлын дээдийг илтгэн товойх бумбын хясаан дээрх усан үзэмүй голт болохын өнгөт эрдэнийн хоёр товчит бүлгээ чи, байгаль эхийн эгнэшгүй санаа энгүй тууривал,сац бишрэл төрөгдөх тод  хоёр нүд цээжнээс тань намайг ширтэхийг үзнэм билээ би,салхины бүжиг торгон элснээ хөлбөржихүйн илбэ,тэнгэрийн гүн цээлийн уудам,далайн төв мэт ер буй бүхний эрчист шидэт тарнийн зурлага буюу чиний хүйсийн дугираг, оршин буйн үнэн чанарт минь нэгээхэн гялбаа болжихуй зүйргүй мишээлтсэн чи,яруу дуурсгалт аялгууг соёрхох чин үгээ мэргэн бодол саналалгад зохируулан тун чиг цогтой хэлээр үнэн үг үгүүлдэгсэн чи,тийм бөгөөтөл гүнзгий бодох сэдлийг надад өдөөн өгөхийг би хишиг хүртэхүйн хувиар оршоон тунгаасан минь төдий олонгүй байсан минь одоо төдий их халаглалыг үгтээх аж мунхаг ухаан сэтгэлэгт минь,чухам тэр учраас ертөмцийн явдалын наана цаадтайг ухах болюу би,чухамхүү тэр л учраас ертөмцийн өнгө зохицлын нарийн ухаанд гүнзгий автагдахын баяр баяслыг эдэлнэм билээ би,байгаль эхийн уран гоо туурвил минь.


                                                                                                     Мөнх хас Н.Бэгтэр

3 comments:

  1. 4-р хэсэг аргагүй зураач хүний зураглаг зураглал юм

    ReplyDelete
  2. dalii setgegchiin garaar huutei alchuur buu bariul

    zotongiin uudus, arhinii deej bariul...

    ReplyDelete