Sunday, September 25, 2011


         Чонон сүлдийн тухай хэдэн үг


 Чонын авд мордох бэлтрэг суйлах зэрэгт бишгүй л оролцож билээ.
Нутгийн анчид тэдний үлгэр домог болсон яриа хөөрөө нь нэг л ер бусын ертөнцөд очсон мэт сэтгэгдэл төрүүлдэгсэн.Тэдний ан амьтанаа авлах үйл түүндээ хандаж байгаа нарийн нягт ухаан зэрэг нь цөм байгалийн бүтэн бүрэлдэх үйл явцаас суралцсан байдаг юм.Хавх зүүх занга тавих зэрэг нь тоо бодох мэт нарийн үйл явцаас бүтнэ.

Үйлдэл ээ ч нууж санаагаа ч нууж байж ан агнана уу болохоос тийм амар ажил бишийг оготоны хамараас цус гаргаж үзсэн хүн гадарлах л даа.

Нэг ийм явдал санаанаас ер гардаггүй юм.Нутгийн нэрт анч Мөнхбал гуай нэг удаа чонын ав хомрого зохион байгуулсан юм.Ойр тойрны айл саахалтын эрчүүд  цуглар ч яг л Намдаг гуайн “хөгшин чоно ульсан нь” дээр гардаг шиг. Манайхаас ах бид хоёр би аавын хурдан сааралыг ах уургын хээрээ унаж мөнөөх авд гарцгааж билээ.Намарын сүүлч дээр шиг  санагдана.Винтов буу агссан ахыгаа даган ойр зуурын аяганы хийц энэ тэрээ даалинд хийж ганзага даруулсан хурдан сааралынхаа нуруун дээр бөг бөг шогшуулж явсан минь нэг л хөөрсөн ямар нэгэн зүйлд догдолж яарч байсан тэр л өглөөний өнгө төрхөөрөө сэтгэлд минь дурайн үлдэж дээ.

Бал өвгөний /өвгөнийг ийн авгайлна/уяан дээрээс арван хэдэн морьтон  мөн хошоод нохой хөдөлжихүй.Ахимаг насны  хүмүүс нь урд нь явж хаагуур яаж явах энэ тэрээ хэлцэх мэт нь энэтээ ч нэг тэнчээ ч нэг  чихны үзүүр шүргэх төдий сонсдох.Тэдний араас том том ах нар жиг жуг гэлцэн энэ тэрийг ярилцан инээлдэж  хөгшчүүлээс нуун тамхи баагуулцгаасан шиг явна.Бодвол Урнаа эгчийн тухай ч юм уу ус нутгийн сайхан эгч нарын минь тухай л ярьж явцгаасан болов уу хар барамууд.
Бүүр хойно өвгөний отгон хүү Отгонбаатар бид хоёр их л амин хувийн юм ярьж явсансан.Гантулга ахын Насандэлгэрийн тухай бас энэ ав хомрого ямаршуухан болох бол гэхдээ тэгдэг гэсэн ингэдэг гэсэн гээд л бие биедээ амьхандаа дуулж мэдсэнээ сонин болгож ярина.Насандэлгэр дээр л бид хоёр жаахан яриа нийлэхгүй дээ.Насаа гэж салаа хоёр гэзэгтэй түүндээ цэцэг мэт улаан тууз зүүсэн нь улам ч хөөрхөн харагдуулна. Улаахан хацартай тэр охин андын минь шүлэглэсэн шиг ” элбэгхэн дээлтэй тэр охин ээжийн минь багын дүртэй адилхан”санагдах тэр охин бид гурав хар багаасаа л тоглож өссөн юм.Томрох тусмаа өнөөх охиноосоо ичингүйрч цуг тоглохоо ч больж тэднийд очихсон харахсан гэсэн хүсэл их байв ч цаанаа л нэг зориг хүрэхгүй сэтгэлийг шаналгаадагсан.Отгоо найзад минь ч хүртэл тийм байсан буй за.Яг надад төрдөг байсан тэр мэдрэмж.Тиймээс  бид хоёр өөр бусад ярианаас Насандэлгэр лүү шилжихэд хэн хэн нь сонин болж орхино.Насаа юу...Насаа хөөрхөн охин шүү... гэх мэт  худлаа цаана өгүүлсэнээ өөр сэдэв рүү  бушуухан шилжэцгээнэ.Хожим бүүр том болцгоосон хойноо бид энэ бүгдээ ярилцан учиргүй инээлдэцгээж билээ.Та хоёр хоёулаа надад сайн байсан гэж үү гэх  Насаагийн маань адтай айлгүй инээд цангинах нь  анд бид хоёрыг учиргүй  дооглох мэт л... Одоо тэд маань гэрийн эзэн айлын бэр болцгоож дээ.

Анчид Шар ширэг өгсөн Хадатын эхээр зүүн зүглэн гатлаад Тэмээн чулууны талруу орохын алдад нар дээр гарч  хярын бэлд хүрэхэд жаргав.Өвгөн өнөө шөнө эндээ хоноглоно гэвэй.Бүрэнхий ч болж ах нар морь малаа тавилцгаасны хойно.Бүх хүмүүс аяганы хийцээ гарган ил гал тойрон сууцгаана.Хээрийн цай  даргилан буцалж хооллож умдаалцгаасны дараа.Өвгөн маргааш яаж хэн хэн ямар замаар явах хаана отох хаанаас үргээх хааш нь хөөх зэргийг зааварлан хүн бүрт үүрэг өгөн эртхэн амраад өглөө эрт босохыг үүрэгдээд ямар нэгнийг сэтгэлдээ болгоон байх мэт уртаар санаа алдаж билээ.

Эр хүний жаргал эзгүй хээр тохом юугаа дэвсэн эмээл юугаа дэрлэн хөдсөн дээлийг хөдрөн тэнгэр ширтэн хэвтэх даан ч нэг сайханыг жинхэнэ эрчүүд мэднэ дээ.Тэр шөнө элдэвийг бодон нойр хулжиж билээ маргааш яах бол юу болдог бол гэхээс л хурдхан үүр цайгаасаа гэж хүснэ.
Яагаад ч юм нэг л тэнгэрлэг мэдрэмж  төрөөд тэр нь үлгэр домогын ч юм шиг зүүд нойрны зураглал ч юм шиг санагдаж оддын зүг нүд бэлчээн өнө эртийн бодолд  дарагдахуй...
Босоорой гэх дуу гарч. Отгоо бид хоёр огцом өндийтөл хүмүүс  аль хэдийн хөдлөхөд бэлэн болцгоосон байлаа.

Ингээд манайхан таван  хэсэг болж аваа эхэлсэн юм. Хэдэн хүн бэлдээ үлдэж бусад нь нь уулын ташлангаар цааш давж хоёр хуваагдаж хөндийн энгэр зүйн өгсөж үлдсэн нь тэнгэр овооны энгэрээр ташин цаад араар ороон чоныг нааш нь үргээн гаргаж ирэх тэгээд хөндий рүү оруулчихвал хоёр талын отоонд байгаа морьтнууд буудаж, болохгүй бол бэл рүү оруулахад тэнд амдаж буй морьтнууд тосож аваад тал руу хөөн эцээж намнах л гэсэн зорилготой юм л даа.

Чингэж бид таван чоныг тэнгэрийн ёсонд таацуулаад эргэсний нэг нь манайд ноогдсоныг ах бид хоёр ганзаглан авчирч билээ.Тэгээд өвчсөн арьсыг нь унинд өлгөн нар салхинд хатаахаар пингийн орой дээр өлгөснийг харахад нэг л сүрдмээр бахархмаар санагддаг байж билээ.

 Түүнээс хойш өвгөн ахин анд яваагүй ээ насаараа ан хийсэн хавх энэ тэрээ хаданд аваачиж нуусан гэдэг. Үлдэх л улсаа  муу үйл бүү хийгээсээ хийлгэхгүй  гэсэндээ тэр.Хуучин муу винтов буу нь одоо хүүгийнд нь байдаг юм.
  
Өвгөн хааяадаа улаа бутруулан" эрүү боруу харцага нь ээ" гэж цаана хүнгэнүүлсээр уяанд буух.  Ээжийн өгсөн нэрмэлийг нааш цааш болгонгоо аавтай минь сонин сайхан юм ярилцаж уртын дуу дуулцгаах нь нэг л ер бусын санагддагсан.Тэгээд өвгөн аавд минь. За миний дүү ахыгаа өнхрөөд өгөхөөр энэ дээд хайрханы бэлд л хаячихаараа тэнд л очиж би өрөө төлж сүнс минь ч амар амгалан болох учиртай юм шүү .Энэ авгай хүүхэд юм мэдэхгүй шүү, үгэнд орохгүй шүү гэж байн байн захидаг байсныг би олонтаа сонссоон.

Өвгөний хүслээр болгосон.Тэр газар нь манай нутгийн хийморь шингэсэн чонын гүйдэл заавал дайрдаг газар байсан юм.Хожим аав минь ч бас тэнд тавихыг гэрээслэн хэлдэг байсныг мөнх тэнгэрийн ёсоор болгосон доо.

Энэ бүхнийг одоо бодоход самсаа шархирч зүрх хөндүүрлэдэг юм.Бид чинь одоо ямархан агуу ухаантай өвгөдтэй байж вэ? гэж. Тэд маань өнөөдөр газар шороогоо сэндийчүүлж монгол нь монголоо алдахыг лав үзэж төвдөхгүй байсан даа.

Ус нутаг минь очих бүрт минь уйлганасан бороотой аль эсвээс нэвсгэр цасан будраа л... Яагаад юм цаанаа нэг л гунигтай ч юм шиг ямар нэгнийг хүүрнээд ч байх шиг санагдан аньсага чийгтэх.

Тэнд утас гэрэл интэрнэт гээд орчин үеийн бүхий л аж төрөхүйн дэвшилээр хангагджээ.Үүний буруу гэж юу байхав.Хүмүүс сайхан л амьдар ч байна захын айлд ороход  антин телевиз гаднаа хоёр гурван машин тав зургаан хоёр дугуйт сойчихсон дуртай цагтаа зайдлан давхицгаах л тэд.

Тэнд хүмүүс өнгө мөнгө ярьцгааж тэд өнгө мөнгөнд нүд чихээ өгдөг болж. Тэд аажмаар мөхөж байна.Олон ангит солонгос киноны дараагын ангийг үзэх нь тэдний амьдралынх утга учир мэт болчихсон байна.

Тэнд газар нутгаа онгичин эрүүл газаргүй болтлоо шунал хүсэлийнхээ цаламд идэгдэж байна.Хүмүүсийн харц аймшигтай араатан лугаа болсон байна.Тэд шар алт харахаараа инээдэг олохоороо инээдэг бусад үед хүн шиг инээж наргихаа больсон байна.Тэд биесээ хардан тагнаж хэн хаана ямар алт олов алттай газар хаана байна гэсэн яриа л хүн болгоны ярьдаг ганц яриа хийдэг ажил нь болсон байна.Хүмүүс хоорондоо бурзайж байна уу гэж мэндэлж байна.Хүмүүс шинэ газар байна уу хө гэж мэндэлдэг болсон байна.

Алт олж л байвал амьдарчих юм шиг санах залуус төрсөн нутагаа өөрсдын гараар сүйдэлж байна.Энэ бол эмгэнэл энэ бол харуусал юм даа.

Тэнд  адуу малаа эдэлдэг ганц ч хүн алга хээр бэлчиж яваа хонь морьтой хүн харвал үргэн цугтаадаг, хоёр дугуйт харвал наашаа эргэдэг болсон байна.Тэнд эмээл хазаараа өөд уруу нь татах адуу малаа дэллэн шанхалж эмнэг ороог нь сурган унадаг гэсэн тийм үг үйлдэл мартагджээ.Тэнд сувсан баячууд үнэтэй хурдан морьдоо өөр зуураа уралдуулан баясаж хол ойрын наадамд машинаар ачин давхицгаадаг болж.

Тэнд  монгол гэх ёс заншил өвгөдын захиас сургаал мартагдсан байна. Нутгийн минь сайхан байгаль цаанаа л нэг гандаж гунджээ. Ухаант өвгөд минь энэ бүгдийг харалгүй  ийм цаг үе ирсэнийг үзэлгүй тэнгэрт одоцгоосон нь магадгүй тэнгэрийн таалал байсан буй за.

Энэ бүхэн ер нь хэнд хамаатай гэж болох л доо.Гэхдээ сэтгэл эмзэглэх юм их л байх.Бид чинь өвгөдынхөө үлдээсэн хүн ч  чанар хүний  мөс аливааг оносон тэр агуу гүн ухааныг ядаж цөөхөн нь ч болтугай авч үлдэх ёстой юм болов уу даа.

Сүүлд аавыгаа бодон нутгийн өвгөчүүлээ бодон Тэнгэр овоон дээр чонын дүрс бүхий дарцаг аравнайлуулан хийсгэсэнийг ташруулан овооны бэлээс нэгэн чоно боссонд өвгөдийн минь сүнс болгоолоо гэж гүн сүсэлсэндээ би...

Дээрхийг өгүүлсний учир санамсаргүй хэрэг биш л дээ.Зен Руны “Чонон сүлд” роман. Хөдөө төрж  хөдсөн дээл хөдөрч  хүлгийн нуруунд хийсч  явсан мань мэтэд  тийм гоц гойд нь юу ч юм санагдах.Гэхдээ зохиогч маань гайхалтай ажигч түүнээ өөрийнхөө өнцгөөс харж  тун ч сэтгэл хөдөлмөөр тайлан өгүүлсэн нь олзуурхууштай санагдана.
Дөрвөн хананы дундаас  гарч үзээгүй суурьшмал тариачин соёл иргэншилтэнүүдэд энэ нь цоо шинэ зүйл л дээ.Шуугих нь зүй.
Зохиогчын чоныг үзэх үзэл нь гайхалтай нарийн аргагүй билгийн нүдтэн болох нь мэдэгддэг.

Чонын амьдрал гэдэг ерөөсөө л тэмцэл мөнхийн тэмцэл юм гэдэгийг бэлтрэг харуулж байна. Нүүдэлчдийн язгуур сэтгэлгээний сүлд шүтээн нь чоно буюу.Үүнийг л зохиогч харуулахыг зорьсон нь романы гол зангилаа цаад гүн ухаан нь юм даа.

Билэг өвгөн шиг ухаант хөгшид  одоо тал нутагт минь бараг үлдсэнгүй дээ.Бүгд тэнгэрийн таалалд нийцэн одоцгоожээ.Одоо  ч нам хувьсгал ярьсан хэнхэг хөгшид байх л.Тэд чухам юу ярьж юуг үлгэрлэн үзүүлдэг юм бүү мэд .Чухам жинхэнэ  монгол улаан дээлт өвгөд минь цөөн үлджээ.

Роман ерөнхийдөө чоно хэмээх амьтныг хомроглон устгаад зогсохгүй сүлд шүтээн лүгээ тэрсвэл ямархуу хувь заяа хүлээж буйг сэрэмжлүүлж аливаа юмсын зүй тогтол гэдэг ямар эмзэг нарийн далдын холбоосоор холбогдож өөр нэгний оршин буйгаар өөр бусад нь тэтгэгдэж байдгыг уран зохиолын аргаар уудлан өгүүлсэн нь яруу чимэгтэй  болсон ажгуу.

Олонбулагын талын хувь заяа өдгөө манай тал нутагт аль хэдийн танил дүр зураг болсоон.Хурдан жийп мэргэн буу барьсан эрх мэдэлтэнүүд элдэв бусын алаачин талаачингууд хийморь сүлдээ үзэх нэрийдлээр хичнээнийг ч устгав даа бид.Тэнгэрийн нохойгоо.
  
Чонон ухаанаас минь өөр монгол талын чонын давтагдашгүй геныг авар ч үлдэх юм өөр юу байх билээ дээ бидэнд одоо.

Тэнгэрийн таалал ивгээх болтугай.



                                                                                                         Мөнх хас Н.Бэгтэр



                                 

                           Баавгай





 Нобелийн утга зохиолын шагналт  Уильям  Фолкнерын  “Баавгай” тууж бол эхний өгүүлбэрээс сүүлчийн өгүүлбэр хүртлээ ямар нэгэн далд сэжим язгуур залгамжит чанараар холбогдож  амь халуун лугших судас лүгээ найрсан цохилох мэт нь могойн гүрвэлзээ элснээ дурайх адил дүр  бүхэнээр дамжин гарч ирэх бахтай сайхан бөгөөд энэ ч бас аргагүй уран чадвартан инжааны нарийн урлал  болох нь мэдрэгддэг.

Туужийн бүхий л дүр төрх үзэл санааг холбодог нууцлаг гүн ер бусын амь амьсгал,хүнд сэтгүүртэй гол нь цөхрөлтгүй эрэл дунд уншигчыг өөрийн эрхгүй татах увьдастай мэт санагддаг юм.

Энэ бол бэлэгдэлийн зүйл.Энэ нь нэгэн отог бүлэг хүмүүс анчид , нэгэн жаалхүү ,нэгэн баавгайн түүх, тэдгээрийн тойрон эргэх үйл явдал зөрчил тэмцлийн түүх  огт бус. Энэ бол ерөөс байгаль ан амьтан, хүн тэдбээрийн оршин байхуй жам ёсны цаад тойргын тухай хөндсөн эгэлгүй сайхан тууривал юм.

Тууж ердийн нэгэн баавгай агнаж байгаа мэт боловч үнэндээ дийлдэшгүй хэн ч агнаж чадамгүй амьтан мэтээр жаалхүүд санагдана.Энэ нь  ч жаалхүү өсч томрон ухаан суух явцдаа улам бүр ойлгож ухаарах тэр ухааралынх нь мадаггүй учир шалтгааны үнэн дүр төрх байсныг хожим ойлгоно.

 Ойн зах дахь отогт өвөлжиж байгаа анчдын жирийн нэг өглөөгүүр баавгайн ан эхэлж буй мэт болов ч өнөөх баавгайг агнасан хүн, ноцсон нохой хожим Арслан,анч Бун хоёроос өөр одоохондоо нэг ч  алга л байна.Хөгшин баавгайн тухай үлгэр домог мэт яриа тэрбээрийн оршин буйг хэн бүхэнд илчилж  анчдыг баавгай агнах хүсэлд урин дуудах ажаам.Тэд юуны тулд баавгайг агнах гэв тэгэх ямар шалтгаан байсан болоод  байх ёстой байдаг болоод тэд үхэл амьдралын тулд тэмцнэм  билээ.

Үнэндээ энэ бүхэн аль  балар эрт  үе өөрсдынх нь  анхны өвөг болох чулуун бялт,сүх, жад саваа мод барьсан  бидэн явагч асан  өвөг дээдсээс  нь эхтэй тэмцэл болохыг ойлгох ажээ жаалхүү.Энэ бүхэн хавьгүй эрт эхэлснийг ухаарах аж.
 Буу шийдэм агсаж дүрээ хувиргасан мөнөөх өвөг дээдсийнх нь үргэлжлэл одоо ч тэмцсээр л байна хожим жаалхүү ,жаалхүүгээс хойш бас яаж дүрээ хувирган тэмцсээр байхыг бурхан л мэдэх хэрэг.

...зүгээр л нэг хөгшин баавгай өөрийн гэсэн нэр алдрыг олоод авчихсан.түүгээр ч үл барам өнгөрсөн түүхийнх нь дурсгал бэлэгдэл болчихсон тийм ойн хязгаарт бие биеэ ч сайн таньдаггүй,тоо томшгүй нэр усгүй хүмүүс мөнөөх хуучин амьдралынх нь эргэн тойронд зэвүү хүрч айн ширвээдмээр шавааралдан бөөгнөрөөд сүхээ даялаж,эгээ л нойрссон зааны өлмийд бужигнах одойчууд шиг аяглах тэр үзэгдэл болой.Хөгшин баавгай орь ганцаар,дийлдэшгүй,үр хүүхэд ч үгүй гоонь атлаа үхэлд автталаа нэн хол,хамаг хөвгүүд хатан гүнжээ алдсан өтөл Приам болон үзэгдэх бүлгээ...


Жаалхүүд  хөгшин баавгай  өөрийнх  нь оршин буй нь жам ёсных гэдэгийг ойлгуулж байна.Гагцхүү тэр жам ёсны амьдралынх нь зүй тогтлыг эвдэх гэж арсах хүн гэг ч яг л нойрссон зааны өлмийд бужигнах  одойчууд мэт санагдах.Баавгай өчнөөн олон бэрхшээл үй олон саадыг даван туулсаар байгааг жаалхүү анд оролцох явцдаа харсаар л.
Гэсэн ч баавгай өтлөнө үхнэ хүч тамираа барна тэглээ гээд  өөрийнх нь жам ёсны үхэл мөхлийг нь үгүйсгэж  өөрсдын зорилгын тулд зэвсэг баригчдын хариуд тэмцсээр л байх ажээ.
Хөгшин Бены араас хөөсөн нохдын нэгийг нь жаалхүү баавгайн савраас авч хоцорсоны дараа Сэм айн чичирсэн нохойг илбэнгээ баавгайд арай л жулдах юм бидэнд илүү сайн нохой хэрэгтэй гэж жаалхүүд ч үү өөртөө ч үү хэлнэ.

-Нэгэн цагт хэн нэг нь үүнийг дуусгах л болно доо...

-Тиймээ.Бидний хэн нэг нь.Гэхдээ тэр өөрөө энэ бүхнийг дуусаасай гэж хүссэн тэр цагт л...Жаалхүү өөртөө ингэж хэлнэ.

Нэг хавар генерал Компсоны гүүний  унагыг  хээрийн амьтан барьжээ.Ирвэс үү аль эсвэл өөр араатан уу өнөөх хөгшин Бен үү....чухам юу барив гэцгээв гэдэг дээр анчид хэлцэх авч тийм амьтан барьсан гэх шинж тэмдэг олж харсангүй ганцхүү Сэм л юу болохыг нь мэдэж байгааг жаалхүү түүний харцнаас таамгалчаад.

“Тэр баярлаж байна.Үр хүүхэд ч үгүй, өөрийнх нь цусны ард түмэн ч үгүй,түүнд одоо хэн ч үлдээгүй.Одоо бүх юмны төгсгөл дөхөж буйд өвгөн баярлаж байна”гэж хүү өөртөө хэлдэг.


Унагагыг чухам юу барьсныг мэдэх гэж ноходоор мөр үнэртүүлэвч ноход буцаж эзэдрүүгээ харан гайхацгаах... энэ бүхний эцэст Сэм энэ нь өнөөх арслан нэрт нохойн үйлдсэн хэрэг болохыг бүгдэд тодорхой баримтаар үзүүлсний дараа бусдын дургүйцлийг үл тоон баавгайн эсрэг тэмцэхэд нохойг сургаж эхэлдэг.
Сүүлд яагаад ч юм Сэм баавгайг агнах” бурханы  гэсгээл ч” юм уу үеэр шархдаа ч үгүй зүв зүгээр байсан мөртөө өвчин олсон мэт хэвтэрт байсаар нас бардаг. Тэр үл ойлгогдох хэлээр  нэг л зүйлийг хэлэх гэсээр байлаа.
Баавгайг ноцож чадах арслан гэгч  чухам ямар нохой байв.

...Есөн шидийн үүлдэр угсаа холилдсон нь илт сэрвээгээрээ гуч гаруй ямх өндөр,жин нь бараг ерөн фунт,зэвүүн харцат шар нүдтэй энэ нохойн өсгөлүүн саарал биений ар голоор тас хар судал үзэгдэнэ...


Энэ аюумшигт нохой бусад бүх нохойг захирах болой. Тэр харцаараа л бусад нохойг  захирна.
”Удирдагчын үг ямагт товчхон”  байдагчлан.
Түүний үйл хөдлөл бүхнийг сүрдүүлж тэр байтугай анчид ч өөрөө сүрдэх нохойд бусдын сургасан харгис хэрцгий зан нь улам лавширсаар байвал юу ч зогсоож чадахгүй гэдэг нь аймшигтай санагдах.
Энэ бүхний эцэст  баавгай ч үхэж арслан ч үхэж отог буусны хойно.Бүгд харьцгааж жаалхүү Сэмийн шарилыг эргэж явахдаа энэ бүхэн нэг л юм.Энэ нь мөнхийн тойрог юм гэдэгийг ойлгоно.Мөнхийнх гэдгийг .

Фолкнер энэ туужаараа орчин үеийн техникжсэн эрэн үед  байгалийг бид ямар ихээр сүйтгэж зүй тогтлыг нь алдагдуулж байгааг харуулж байгаа юм.Үнэндээ Баавгай бол байгаль өөрөө юм.Түүнийг мөхөл сүйрэлд хүргэж буй хүний бүтээсэн тэр арслан нэрт нохой бол үнэндээ нохой бус бидний иргэншлийн ололт болох техник техенлиогыг хэлж буй ч юм уу гэх жишээний асар нарын бэлэгдлийн шинжтэй гүн гүнзгийг нь уудалж барамгүй гүн сэтгэлгээний зохиол юм.

Аливаа юмсын төлөөс түүнээс үүдэн гарах тэмцэл зөрчил үр дагаварын тухай хөгшин Бен хэмээх баавгайгаар харуулж  түүнийг тойрон эргэх үй олон үйл явдлын зохист зохист бус харьцааг дэнсэлсэн зохиол болжихуй.

 Байгаль дээрх ан амьтан эд баялаг алив юмст хүйтэн савраа дүрсэн хүний  ёс  бус үйлдэл нь эцэстээ   ан амьтнаа зөвхөн амьтны хүрээлэнгээс харж онгон дагшин байгаль дурсамж төдий үлдэх хутаг заяатай нүүр тулах хэрэг бидэнд  гарах вий вий  гэсэн болгоомжлол сануулага юм.Зохиолын гол санаа болдог эл зовинол бидний цаг  үед ямар их магадтай болж ирж байгааг хүн төрлөхтөн өнөөдөр харж байна.

 Аливаа шаардлага зорилгын тулд тэмцэх хүн,аливаа зорилго тэмцлийн эсрэг зогссон байгальтай  эцсийн бөлөгт яаж учраа олох л тухай хүн төрлөхтөний өмнөөс  гүн сэтгэлэгээр сүлжин бичсэн  хувьсахуй ба үл хувьсахуйн язгуур зарчим түүнээ тогтсон аврага том дүр төрхрүү ертөмций дээрх оршихуй эс оршихуй, үл хувьсахуй  хувьсахуй мөнхийн тойрогын  тухай гайхамшигт өгүүлэмж бүлгөө.

Жаалхүү бол танин мэдэхүй юм.Жаалхүү бол зөв танин мэдэлд хүрэх,байгалийг зөвөөр танин мэдэх ёстойг  харуулсан дүр юм.Жаалхүү бол ирээдүй юм.
Хожим онгон дагшин  байгалийн сүүлчийн дүр төрх хүмүүнээ ой тойноос эгүүрд арчигдан одох буй за гэсэн  жаалхүү рүү хандсан хүн төрлөхтөний хойч руу хандсан  эмзэглэл сэтгэлийн тарчлаан шаналаан юм.

 Бид байгаль эхдээ хүн ёсоор хүүгийн ёсоор хандсаны хариуд  мөн тийм л хариуг авах учиртайг хөгшин баавгай сануулмуй.Фолкнерын баавгай



                                                                                                   Мөнх хас Н.Бэгтэр

1 comment: