Saturday, December 3, 2011

Нэг зүүдээр есөн зүүдийг нээхүй

Есөн зүүднээсээ сэрмүү.Сэрмэгц анир алдрах ертөнцийн хаалгыг зөөлөн хаалаа би.Тэртээ дээр алсын алсад шувуу ниснэ.Саях миний зүүдний бүсгүйн зүүд рүү миний зүүдийг хүргэж өгөхөөр нисч яваа шувуу мөн буй за тэр.
Есдөхь зүүдэндээ чамайг оргүй хоосноос эрмүй.Чи үл олдох аниргүй.Анир үгүйн дотроос анир үүсгэх гэж би чамайг дуудан хашгирлаа.Хариу үгүй чимээ гэдэг яасан хоосон.Хоосон чимээг үлдэн хөөх гэж тогтоол ус руу чулуу шидмүй.Ус гэдэг яасан чимээгүй тэнгэр л иймсэн ширтдэгсэн.Тогтоол ус руу тэнгэрийн гүн лүү тогтоол усан дахь тэнгэр лүү тэнгэр доторхи тогтоол ус руу тэр тэнгэр доторхи тэнгэр тэр усан доторхи ус руу харан энд би чамайг хүлээн удаан суунаа есөн зүүдний бүсгүй ээ...
Наймдахь зүүдэндээ.Нүдийг чинь би зүүдэллээ.Байгалийг ингэж нээдэг юм байна.Чиний сэтгэлийн байгалийг би нээж олж харахсан.Нүдэн доторхи нүд байгаль доторхи байгалийг нээн тэнд удаан амьдрахсан удах л юмсан цаг гэдэг яасан хурдан.Сэрэхгүй юмсан тэнд л сэрэх юмсан тэр байгалийн гоо сайхан дотор.Наймдахь зүүдний нүд минь.
Долоодохь зүүдэндээ чиний үс,үсний чинь үнэрийг зүүдэлмүү.Миний зүг хийсэн ирмүй тэр гайхам үнэрт их үсэн.Урьд насандаа түүж явсан нэгэн цэцэгний үнэр яг мөнсөн үйлийн үргүй долоодохь зүүд минь.Долоон мянган жил ч марталгүй санах ганцаараа сайхан чиний үнэр.
Зургаадахь зүүдэндээ чиний инээдийг би зүүдэлмой.Тэгээд тэнгэрийн дор амьд яваа минь тийм сайхан.Зургаадахь зураг шиг зүүдээ үргээхгүй хэзээ ч бүү сарниасаа гэхдээ өлмийн дээрээ чимээгүй алхан өнгөрөөлөө үүрдийн инээмсэглэлт минь.
Тавдахь зүүдэндээ чиний гарыг зүүдэлвэй.Тийм хуруунуудаар тэнгэр минь та юу хийлгэх вэ.Тавдахь зүүдний минь эгшгийг чи уран хуруугаараа хөгжимдөөч намайг хөг оруулаач тэгээ л гарыг чинь дэрлэн үүрд нойрссон ч харамсах юмгүй таван зуун жил болсон ч өвс болсон ч өвсний зүүдэндээ ч санасаар байхсан.
Дөрөвдөх зүүдэндээ уруулыг чинь би зүүдэлж авай.Тэр уруул дээр үнсэж чадахгүй минь үнэн үү худлаа л байгаасаа дөрөвдөх зүүдний бурхан минь.
Гуравдахь зүүдэндээ гуниггүй сайхан чамтай гудманд зөрлөө гэж зүүдэллээ.Гурван мянган жил уулзахгүй юм шиг санагдаад гуравдахь зүүдэндээ ихэд шаналалаа.
Хоёрдахь зүүдэндээ зүүдэлсээн хосгүй сайхан чамтай хорвоо дээр учир ч байна аа гэж...
Нэгдэх зүүдээ харин чамд үлдээе чи та даа нэмж хэлэх үгийг минь ч бас...
Ж.Г-д
                                                                                     Зураач Мөнх хас Н.Бэгтэр

3 comments:

  1. Би хүүхнүүдэд хэлдэг юм
    Бид та нарыг магтан дуулах гэж уран зохиол, үг, үгсийн санг бүтээсээн гэж.
    Тэд ойлгохгүй ээ
    Эс ойлгох тусмаа эс ойлгогдом
    Яруу сайхан
    ТЭД

    ReplyDelete
  2. 10 n jiliin angiinhaa aldraihan oxiniig martaj chadaxgui yavdiimaadaa ene bichileg deeree Ж.Г-д гэчихсэн чинь нэг их нууцлаад байх зүйл лав бишээ хөгшөөн. Түрүүгийн бичлэгтээ Ж.Ганцэцэгийн яруу гээд бичлэг оруулчихаад хаха

    ReplyDelete
  3. Энэ олон "мүй", "мүү" л илүү юм шиг санагдлаа. Сайхан бичлэг болжээ.

    ReplyDelete