Friday, December 30, 2011

                                               Оюуны байгууламж
                                                         /эсээ/
Миний амьдралдаа уран бүтээлдээ баримталж явдаг нэг зарчим байдаг бөгөөд зарчим гэхээсээ илүү мөрдлөг юм даа “сохрын газар нүдтэй,доглонгийн газар хөлтэй явахыг хүснэ би” гэж.Хүслээ бүтээх гэгчид хүслээ гүйцээх эрмэлзэл байхгүйгээр хүрэхгүй юм,хүсэхгүйгээр мөн л хүслийг тодорхойлох боломжгүй шүү дээ.Юу гэхээр миний хар багаас эдүгээ хүртлэх амьдралын оюун санааны олон өнгө төрх ухаарал сэхээрлийг ямар нэг гурвалжинтай зүйрлэх гэх аваас ямар нэг цэгээс эхлээд гурвалжин үүсгэж болох суурь нөхцөл нэгэнт тавигдсан агаад эзлэхүүнт гурвалжин болж болно гэвэл энэ нь дөнгөж үүсэх шатандаа яваа гурвалжин юм.Хүний оюун санааны амьдралыг гурвалжинтай зүйрлэлээ гэхэд хэдий чинээ эмх цэгцтэй логиктой зөв байгууламжтай байна төдий чинээ зөв өнцөгт гурвалжин үүсэх магадлалтай байна гэсэн үг.Мөн хэдий чинээ олон талт зөв өнцөгт гурвалжин байна төдий чинээ хүчрэхжиж гурвалжны оройн цэгт хүрэх олон боломжоор илүү болох юм.Энэ нь очир алмаз нягт хатуу байх тусмаа их зөв хэлбэртээ болж улмаар гялалзах чанар нь улам ч их байдагтай адилтгаж болно.Энэ нь бас зөв хэлбэртэй байх тусмаа зөв хэлбэр үүсэхгүй байж болох орон зайг шахаж гаргаж байгаа хэрэг.Оюуны амьдралыг үүнлүгээ жишил сацуу санахад надад нэг иймэрхүү дүр зураг буудаг юм.
Намайг ухаан оруулсан зүйл бол нохой.Сайн нохой тийм тийм байх ёстой гэсэн нийтийн ярьдагаас миний сайн нохой тийм байх ёстой гэсэн бодол үнэний хувьтай байсанд,байгаагүй ч байж болно.Юмсыг арай өөрөөр харах болсон одоогийн нүд маань бий болсон гэж боддог.Нийтийн үздэгээр сайн нохой бахим зузаан үс ноос ихтэй чанга хуцдаг ч гэдэг юм уу тийм нэг болхи бүдүүн баараг ойлголт байдаг.Сайн нохой хөнгөн шингэн цээж бөгс тэнцүүртэй биеийн хийц галбир гоёмсог мөч урт цовоо сэргэлэн хуцах цагтаа л хуцдаг гол нь хүний нүд рүү эгцэлж харж чаддаг гээд ямар ч байсан тухайн үед миний олж харж харьцуулан дүгнэснээр тийм байсан юм.Арван гурван настай жаал үеийнхээ хүүхдүүдтэй сумын төвийн айлуудын янданлуу чавхдаж айлын авгай нарын уур цухал хоёрыг барж явахдаа нэг удаа ээлжит айлын янданг онилж байтал нохой нь пин дээрээ гараад хэвтчихсэн над руу яг эгцэлж хараад үсрэх гэж байгаа юм шиг биеэ хурааж байх шиг харагдсан.Нэгэнт явуулсан сумыг буцаах арга байхгүйгээс хойш...нохой ч үсэрсэн.Адтай амьтан байсан даа.Сумын төвийн бүх нохойноос хамгийн ухаантай хамгийн хурдан нь тэр нохой байсан юм.Дээрх дүгнэлтийг минь баталж өгсөн хэрэг л дээ.Хүмүүс чоныг улаан нүүрлүүгээ харж чаддаггүй амьтан гэцгээдэг үгүйдээ хүмүүс өөрөө чонын нүд рүү харж чаддаггүй юм.Тэд чоноос айх айдсаа далдлах гэж тэгж ярьцгаадаг юм.Чоно хүний нүд рүү яг эгцлэн хардаг хийгээд байгалиас заяагдсан догшин ширүүн сүрдэм эр зоригоороо аль ч амьтнаас давуутай тийм онцгой гайхалтай амьтан хий хоосон хуурмаглалын олон өнгө төрхийг ичгүүртэйеэ илтгэн байдаг хүмүүсийн алга дарам улаан нүүрнээс айх ямар ч шалтгаан байхгүй байгалиас өгөгдсөн тийм хууль гэж байх ёсгүй билээ.Одоо бол нохойг нохойноос нь чоныг чоноос нь хурдан адууг хурдан адуунаас нь амьтныг амьтнаас нь ялгаж харж чаддаг болсон.Учир нь аливааг харах харааны байгууламждаа итгэх болсноос тэр.Юмсыг өөрийнхөөрөө л харж өөрийнхөө замаар явах ёстойг ухаарснаас тэр.Харин хүнийг л хүнээс нь ялгах хэцүү.Хүн бол хоёр үзүүртэй зүү хаанаас нь ч сүвлэж болдоггүй хорон.
Хожим арван жилд зургийн дугуйлангийн багш маань нийтийн ойлгодог нохойг зуруулах гээд би өөрийнхөө нохойг зурах гээд хаалгыг нь хаагаад яг гарах агшинд Аксиньяаг олж харж билээ.Учир юун гэвэл би “Дөлгөөн дон”-ыг аль эрт уншчихсан байсан юм чинь.Аксиньяа гэж тийм л бүсгүй байх ёстой гэсэн миний төсөөлж явсан сэтгэхүйн байгууламжаар энэ л яг Аксиньяа гэж дуу алдахад хүргэсэн тэр бүсгүйтэй учирсаныхаа дараа Аксиньяа гэж чихэнд нь шивнэчихэж билээ.Миний төсөөлөл үнэн байсанд би эргэлзээгүй ээ.Зохиолд нөхрийнхөө араар Аксиньяа залуухан Грогиртой учир ургуулж сүүлд нөхөртөө зодуулчихаад Грогир дээр ирэн улаан гөвдрүү болсон чилгэр мээмээ гарган эрчүүд та нар бүгд адилхан бүгд хуурамч гэж уйлдаг тэгснээ инээдэг тэгснээ учиргүй шинэ нялхамсуу хайраар жигүүрэлдэг тийм л Аксиньяа байлаа тэр.Ялгаа нь гэвэл нөхөргүй Аксиньяа байлаа тэр.
Товчхондоо Бэгтэр Бэгтэр,болж яваа үйл явцаа эрэмбэтэй өгүүлэх гээд байгаа минь одоо энэ. Өөрийн гурвалжныг зураглах гээд байгаа хэрэг.Акутагава-ын Шинэ ном уншсаны дараа Бурхан минь!Шинэ амьдрал гэж байдаг юм уу? Үнэхээр шинэ амьдрал байдаг байхнээ гэсэн сониуч эрэл цоо шинэ танин мэдэхүйн бал бурамыг амталсан олон сайхан ном уншиж гэнэн ухаанаар тунгаан зохиолын баатруудын хувь заяанд гэнэхнээр хандаж явсан арван хэдхэн насаа бодвол одоо хавьгүй хашир сууж аливаад буурьтай хандах болжээ.Номыг номоос нь зургийг зурагнаас нь ялгаж мууг нь сайнаас нь сонгодгийг нь сонгодгоос нь ялгаж хардаг болсон юм уу даа.Энд нэг их олон ном уншсан юм шиг ярьж олон зохиолч зохиолын нэр дурдах гээд яахав.Надаар хэлүүлэлтгүй мэддэг нэг нь мэдэж хэлэх нэг нь хэлнэ.Тэгэхээр би алив бүтээл тууривлаас дотоод байгууламжийг нь илүүтэй харж дүгнэх болсон агаад ер нь хэн нь хэн бэ гэдгийг ялгаж хардаг болсон.Микэланжэло Сикстиний дуганы фэско зураг Аймшигт шүүх /last judgment/ бүтээлдээ өөрийгөө арьсаа хуулуулж байгаагаар дүрсэлсэн байдаг үүгээрээ чухам юу хэлэх гэсэн болохыг би таамаглахдаа зураач хүний төгс төгөлдөр эрмэлзэл оюун санааны хүчийг бүрэн дүүрэн тодорхойлж дүрслэх аргагүй юм гэж хэлэх гэсэн санаа болов уу гэж ойлгодог.Тийм гайхамшигтай хүн өөрийгөө дүр төрхгүйгээр зурна гэдэг өөрөө оюуны хүчирхэг дотоод байгууламжаар ямар эгнэшгүй хүчирхэг болохоо харуулж байгаа юм.Өөрийгөө шальдар бульдар хүмүүсээс нэгэнт ангид дээд түвшинд очсон болохоо харуулж байгаа юм.
Гүн ухаантан Панглосыг санана уу.Бүх юм муу гэхэд,бүх юм сайн,сайн байхаар нөхцөлдсөн.Учир нь бид хамгийн дөмөг ертөнцт дээр амьдарч явна гэж алхам тутамдаа баталж явсаар бүхнийг сайнаар эргүүлдэг дээ.Жаал хошиндуу дүр ч гэлээ ямарч нөхцөлд өөрийнхөөрөө байж,мэргэн ухаан ялдагыг харуулсан байдаг.Зуун жилийн ганцаардалын Урсулаг сохорсоныг хэн ч мэддэггүй,хэнд ч мэдэгддэггүй яагаад гэвэл дотоод туршлагын хараагаараа бүх үйл хөдлөлөө хянаж чаддаг.Карамазовын хөвгүүд дээр адгын өвгөн Карамазовын ууган хүүгийн хөлд хийдэд болсон уулзалтан дээр Зосима ламтан мөргөдөг чухам ямар учраас тэгэв гэдэг нь зохиолын нэг далд шижүүр болчихдог.Флоберын “Бовари хатагтай” дээр Шарлийн эхнэр Эмма Боваригын хувь заяаг нэг муу сохор гуйланчийн дүрээр зөгнөөд хэлчихэж байх жишээний гээд зохиол доторхи ер бусын байгууламжаараа гайхаш төрүүлдэг олон жишээг олон зохиолоос шүүрдэж энд ярьж болно.”Аливаа урлаг гэдэг ов мэх байдаг.Измүүд алга болдог истүүд үхээд үхээд дуусдаг гагцхүү урлаг л үлддэг” гэж В.Нобаков хэлсэн байдаг шиг санагдана.Урлаг гэдэг маань...үлдэх нь үлддэг бизээ.Миний бодлоор хэн нь хамгийн хүчирхэг оюуны байгууламжтай нь үлддэг юм шиг санагддаг.
Энэ бүгдээс яг л Монтэн юмуу Достоевский шиг оюуны байгууламжаа цэгцтэй локиктой хүчирхэг байгуулж хурцаар сэтгэж өөрийн боломжоор өөрийнхөөрөө хашгирах ёстойг би ойлгосон юм.
Зүгээр сонгодгуудыг оюуны байгууламжаар нь хэн нь хамгийн хүчирхэг ертөнцтэй вэ гэдгээр нь зааглан харуулах гэвээс нэн түрүүн Монтэн байна өнөөг хүртэл оюун санааны хувьд тийм хүчирхэг дотоод ертөнцтэй хүн нэг ч алга л байна.Тэр хэнтэй ч зүйрлэшгүй цор ганц давтагдашгүй ертөнц.Хомер,Гёте,Шекспир,Достоевский,Толстой,Бальзак,Сервантес,Да Винчи,Мекеланжело,Флоберь,Фолкнер,Борхес,Чехов... гээд цааш үргэлжлэнэ л дээ.
Өдгөө би өөрийнхөө таньсан нохойг илүү олон талаас нь харж дүрс зохиомжийн баялаг санаа өнгө будгийн олон хэллэгтэйгээр дүрслэхийг хичээх болсон ба ямар нэгэн байгууламжаар ямар нэгэн өөр илүү нарийн байгууламжийг бүтээхийг эрмэлзэхийг хичээдэг болсон гэж хэлж болно.Энэ нь зүгээр хичээж л яваа үйл явц юм.Тэрнээс сүрхий том цамхаг босгох болоогүй байна.Тийм хүсэл эрмэлзлээ зөв өрөхийг л хичээж яваагаа л хэлээд байгаа минь энэ билээ.
Эргэн тойрон хол ойрын юмсыг тодорхой цэгцтэй байгууламжаар харах гэдэг болсноор зарим уул том уул мөн юм шиг харагдавч хэзээ мөдгүй нурж уначихмаар суурь муутай харагдах,зарим нь уул л гэж өөрийгөө боддог байх гэмээр ихэмсэг бардам уул байх.Зарим нь хэлбэр галбиргүй хий хоосон уулийн дүр эсгэж байдаг уулнууд ч байна.Толгод болоогүй байж уулын дүртэй нь  ч байна.Аятайхан хэлбэртэй толгод ч байна уул ч байна...миний толгод жижигхээн хамгийн гол нь зөв суурин дээрээс өндийхийг хүссэн...энэ л толгодын орой дээрээс нар хийгээд нарны туяа салхи хийгээд салхины чимээ,гол горхи хийгээд усны мандал,байгаль хийгээд улирлын өнгийг ажин,эргэн тойрны уул толгодын дунд дураар чөлөөтэй өөрийнхөөрөө хашгирч зогсох надад сайхан байдаг юм.

                                                                                              Хамрын хийд

                                                                                                  Хас Бэгтэр



4 comments:

  1. Ойрд нээрээ ийм сайхан вм уншсангүй ээ. Оюуны байгууламж минь ямар их тэлвээ хэхэ. Баярлаа Баяндалай.

    ReplyDelete
  2. Чиний эссэнүүдийг уншаад л байгаа. Маш зөв логик, гүн санаа, хүчирхэг дуу хоолойтой байгаа чинь заримдаа атаархал төрүүлж байгааг нуух юун? Улам ихийг бичээд байгаарай

    ReplyDelete
  3. MONTENIIG URAN BUTEELCH SETGELGEER UURTUUU YUM ULDEEJ UNSHJEE, AMJILT

    ReplyDelete
  4. Начин баярлалаа яахав ерөнхийдөө та нөхөд ч бас өөрийнхөө байгууламжтай улс
    Том баярлалаа өөрийн тань бичиж буй юмс бас аазгай хөдөлгөмөөр шүү дээ.
    Улмаа баярлалаа.Монтэнь надад юу сургасан бэ өөрөөр сэтгэхийг.

    ReplyDelete