Wednesday, January 11, 2012






                                                   ГҮН УХААНЫ ЧОНО

Дуурьсах бие минь чонын авиртай
Дэрвэлзэх туг минь чонын толгойтой
Хасагын яруу найрагч Сюуинбай
                                                              
Энэхэн замбутивийн наран дор энэхэн яваа насандаа би чоно шиг агуу амьтныг үзсэнгүй ээ.Чоно шиг омог бардам гал мэт дүүлж амьдрахуйн хүсэл намайг яс,мах,цуснаас минь хатган зовооном.Би чоно бүлгээ.

Үүнийг тэрлэгчийн зүүдэнд хар багаас нь хаа нэгтээ нэгэн чоно зүс тод үзэгдэх амуу.Тэр тухайд учрыг тэнгэрлэг хүүрнэнэ.Тэнгэрлэг андынхаа тухай тэнгэрт нь хүүрнэнэ.

Зүүдний чоно хэмээх тэнгэрлэг учирлал.

Учир ану.Зүүд ингэж үзэгддэг юм.Элчилгүй ээрэм талын дүрээр босч ирмүү тэр чоно.Намайг хатган зовооном.Цог шиг хурц харцаар намайг нэвт ширтэн дагжин чичрүүлнэм.Би айдсын агуу их дүр төрхийг олж харнам.Агуу том чоно.

Ай чоноо чиний харцнаас  хүн төрлөхтөний айдсыг харнам.Чамаас хүн төрлөхтөн цагийн цагт айн дагжиж ирсэнийг харцнаас чинь би олж харнам.Ай чиний мах,цус,яснаас бүтсэн халуун ис халуун омог хагацаан ухашгүй ухааны чинь учиг,зангарага эргэсэн энэ харц ямар хурц юм бэ?

Зүүдний чоноос би асуунам.Ай чоноо чиний ингэж үзэгдэх учир юун бэ? Чи намайг юунд ингэж ширтнэм надад юу өгүүлнэм бэ? Дуугүй л ширтсээр байх уу?...Гагцхүү ширтсээр л байх ажээ.Гагцхүү дуугүй л байна гэдэг ямар ихийг үгүүлнэм бэ.Ай зүүдний чоноо чи надад ямар ихийг өгүүлнэм бэ.Чи тэнгэрлэг бай чи тэнгэр бай...Чонын харц ингэж үгүүлэх ажгуу.

Ай чоноо чи надад ямар ёр билгийн тохиолоор үзэгднэм бэ? Чи надад хааяахан үзэгдэхдээ яагаад гэнэтхэн гарч ирдэг юм бэ? Яагаад заавал талын гүнээс босч ирдэг юм бэ?...Чи тал шиг бай чи талынхаа эзэн нь бай.Чонын харц надад ингэж үгүүлэх буюу.

Ай чоноо чи надад хэний сүнсний дүрээр босч ирнэм бэ? Чи надад хэний үгийг дамжуулах гэж ийн дуугүй ширтсээр байдаг юм бэ?...Чи эцэг шигээ бай чи агуу их ухаант өвөг дээдэс шигээ бай чи ухаантай бай.Чонын харц надад ингэж хэлэх бөлгөө.

Миний зүүдний чоно ингэж хэлээд дүүлэн давхиж оддог юм.Агуу чоноо би чамайг таньсаан.Би чамайг танихын хэрээр чонын дүрээ өөрөөсөө олж хармой.Чи миний эцэг бүлгөө.Би чоно бүлгөө.Чи миний яс,цус,мах, ухаан бүтэн бүрэлдэж ирсэний эхлэл юм.Агуу их түүх юм.Агуу том чоно.

Зүүдний чоно хааяа үзэгдсэний дараа би тэнгэрт хандан хашгирч явдаг хэмээх омог бардам учирлал.

Намайг яанам бэ? Би чоно бөлгөө.Би ульнам намайг сонс.Би чоно бөлгөө.Урьд шөнө ирсэн зүүдний чоно миний дотор орж ирэн дотроос минь архирнам.Галзуу Равжаагын галзуурч явсан энэ нутгийн энэхэн нэг толгод дээр би тэнгэрт хандан хашгирч зогсном.Намайг яанам бэ?...Тэнгэр минь чи юунд үргэлж магнайн дээрээс минь уяатай явдаг юм бэ? Юунд надад мэлмийн чанад тунгалага оршихуйн утгыг заанам бэ? Тэнгэр минь чи надад юунд өөр шигээ байхыг заанам бэ?Би хаана хараа алдрах вэ? Би хааш одох вэ?...Чи дуугүй л байхуу? ...Би хашгирсаар л байхуу?...Би чоно бүлгөө.Өа тэнгэрээ би чиний агуу ихийн доор чоно шиг явахыг хүснэм.Чоноосоо агуу их дүүлэхийг хүснэ...Намайг яанам бэ?...

Галзуу дарсыг ядам хуруугаараа сэржимдэн тэнгэрт сацал сацан зогсохуйд чоно шиг андаа сангалзан гэнэ сэрэхүй хэмээх учирлал.

Миний анд чоно бүлгөө.Миний анд чоно шиг явдалт бүлгөө.Миний анд чоноосоо агуу ихээр архирч явах бүлгөө.Миний анд чонон авирт бүлгөө.Би чонон андаасаа айнам бүлгөө.Би чонон андаараа бахдах бүлгөө.Миний анд чоно бүлгөө.Миний анд нохсын эринийг зайдагнасан чоно бүлгөө.Миний анд чонын заяанд ховорхон төрдөг азарган чоно бүлгөө.Миний анд сүрэг сүрэг чонын өмнө дүүлж явдаг чоно бүлгөө.Миний анд чоноосоо ухаантай чоно бүлгөө.Миний андын,яс цус,мах чонынх бүлгээ.Миний анд агуу их чонын түүхийн үргэлжлэл бүлгөө.Миний анд том чоно бүлгөө.Миний андын ухаан чоных бүлгөө.Миний андын үг чонынх бүлгөө.Миний анд ижил тэнгэртэйд хааяа нэг үзэгддэг чоно бүлгөө.Миний анд илүү тэнгэртэйд нь илүү үзэгддэг чоно бүлгөө.Миний анд хэн ч авлаж чадахгүй агуу аргат чоно бүлгөө.Миний анд тэнгэргүйд үзэгддэгч үгүй үзэе гэсэн ч холын холд дүүлсэн чоно бүлгөө.Миний анд тэнгэрийн чоно бүлгөө.Миний андын сэтгэл чонынх бүлгөө.Миний анд чоно шиг ханилгаат бүлгөө.Миний анд согтуу чоно бүлгөө.Миний анд галзуу чоно бүлгөө.Миний анд улаан чоно бүлгөө.Миний анд гэрэлт чоно бүлгөө.Миний андын харц чонынх бүлгөө.Миний анд миний хайртай чоно бүлгөө.

Чонон андыгаа чонон ухаанаар нээхүй хэмээх чонон учирлал.

Дотроос минь гижигддэг чоно бүлгөө миний анд.Миний анд яруу найрагч чоно бүлгөө.

Үл тайлагдах хуучин судар мэт

Үлэмж нууцлаг хотын байгаль

Зүрхний хөндүүрийг зөнгөөр уусгах

Зүггүй хөгжмийн нүсэр хэмнэл



Энд шувуу жиргэх, цас будрах нь

Эгэл бус санагдах болсон цагаас

Энд шуурга тавих, нохой боргох нь

Эртний танил шиг санагдах болсон цагаас

Би шинэ ертөнцийг нээсэн


Хана хэрэм мэт хүмүүс дунд

Хааны бунхан мэт амьдарч сурсан

Хий бахдалаас гоо сайхныг нээж

Хийсгэлэн зан минь хийсэн арилсан


Сүрт жагсаал, дуут гудам дунд

Сүүн тэжээлтэн хэвээр үлдсэн

Сүслэж, энэ л үгийг үүднээ өлгөх минь:

"Сүүлчийн нүүдэлчин энд амьдардаг".

Миний анд ийм бардам чоно бүлгөө.Миний анд хааны бунхан мэт амьдарч сурсан чоно бүлгөө.Миний анд сүүлчийн нүүдэлчингүй болсон ч сүүлчийн “нүүдэлчин” хэвээр үлдэх сүүлчийн чоно бүлгөө.Миний андын сэтгэл тийм их сэтгэл билээ.Чонынх билээ.Миний анд нүүдэлчин чоно билээ.Миний андын яруу найраг нүүдэлчнийх билээ.Миний андын шүлэгнээс эрх чөлөө мэдрэгддэг билээ.Миний андын шүлэг омог бардмын дуулал билээ.Миний анд омог бардам чоно бүлгөө.

Урь гэнэлийн энэ хавар
Урин сэрлийн нэр нь “Хавар”
Хоо тоос зөрөлдсөн хуурай тэнгэрийн
Хос дөл үнсэлцэх, нойтон хөнжилд
Үр гунигийн нахиа бүлтэгнэх
Үй олон, үй олон хавар.

 Миний анд ингэж гайхалтай хардаг чоно бүлгөө.Ингэж тааж мэдэшгүйг тааж мэддэг мэргэн чоно бүлгөө.Мэдэрч баршгүй яруу найрагч билээ.Үгээр хэлж болдоггүй үйлийн сэрэл өдөөгч миний чонон анд билээ.

Эцгийнхээ харцнаас тасдаж
Цээжний галаа асаанам
Эмсийн хөлд талхлагдаж
Үнсээр хийсэн алдсан
Эргүү мансуурлын давалгаанд
Эрхэм чанараа урсгасан
Энэ харанхуй цээжнээ
Нэгэн гал асаанам.


Эцгийнхээ харцнаас тасарсан энэ чоно буюу.Эцгийнхээ харцнаас цээжиндээ гэрэлтэй явахыг харагч чоно буюу.Эцэг шигээ чоно буюу.Эндүүрлийг гэмийг гэтэлгэгч чоно буюу.Энгүй үнэн бичдэг энэ чоно буюу.Миний анд чоно бүлгөө.

 Чин үзэсгэлэнт охин чиний

Чихийг тас хазаад өгье

Улаан хормойгоо дэрвүүлэхэд чинь

Улангассан бух байна би.


Янагийн хэмээр лугшсан халуун цуст чиний

Ялдам гоо хүзүүнд соёогоо шигтгэе

Хүсэмжит үнэрээ ертөнцөд нэл цацсанаас

Хүрч дэргэд чинь ирсэн ороолон байна би.


Эмзэг турьхан эм чиний

Эгмийг тас хазаад өгье

Эрмэг алхаа чинь тамын өрхийг сөхсөнөөс

Энд оргож ирсэн албин байна би.


Орон хотын хаа нэгтээ

Орь залуу цогцосноо хүсэн тачаахад

Оюун санаанаас ад зэтгэрийн түмэн дүр ургаад

Олж чамайг бүчин даганам.


Таашаан хүртсэн бүхэнд чинь тэд шингэж

Там руу, над руу чамайг хөтөлнөм

Угтах замд чинь гэрэл эс тусваас

Угтаа тэр миний тачаалын сүүдэр гэнэм.


Чонын авир буюу.Ингэжбичиж дургүй хүргэдэг миний анд чоно буюу.Тамруу хөтөлж ч мэдэх тачаалт буюу.Тачаадан чадагч чоно буюу.Миний анд чоно бүлгөө.

Орос хүрэмтэй хүний дүрстэй шавар баримлаар дүүрэн
Орчин цагийн Улаанбаатарын жирийн нэгэн иргэн
Шүүмжлэлт реализмын гүнзгий нөлөөн дор
Шүүрс алдан олон олон шүлэг тэрлэжээ.
Жаазаар дүүрсэн давчуу буландаа
Жаргалтай хүний дүр эсгэн сууж
Тоос дарсан ширээний чийлэн шигээ
Тортог суусан зүрхнийхээ угаас дуулжээ.
Адгуусал, мансуурал, тачаадал сэлт
Алив нүглийн галаар замаа гэрэлтүүлж
Тэр гэрэлд тодорсон юмсын тухай
Тэмүүлэл дүүрэн шүлэг бичжээ.
Тэр хорин жил харж, хайрлаж, инээмсэглэжээ
Тэр хорин жил харж, хайрлаж, инээмсэглэсэн
Тэр л янзаараа нэг л өдөр инээмсэглэн орж ирээд
Мэнд усгүй хөлөө ачин суужээ.

Миний анд чоно буюу.Чоноосоо ухаантай чоно буюу.Миний анд харж хайрлаж инээмсэглэж тэмцэж тэнүүчилж ядарч задарч,охидод дурлаж орцонд хонож ордонд уригдаж ууж идэж уушиг зүрхээ дэлбэлж,явдаг чоно буюу.Улаан галзуу чоно бүлгөө.Урдуур нь орж болдоггүй улаан чоно бүлгөө.Миний андын тэмцэж ирсэн зам яруу найрагчынх бүлгөө.Миний андын тэмцэх зам яруу найрагчынх бүлгөө.Миний анд жинхэнэ яруу найрагч чинь би байна гэж агсам тавьдаг ардаг чоно бүлгөө.Миний анд миний мэдэх жинхэнэ чоно бүлгөө.Яруу найрагч бүлгөө.Миний анд чоно бүлгөө.Миний хайртай чоно бүлгөө.

Гүн ухааны чоно хэмээх гүйцэт учирлал.

Чоно шиг золбоотой чоно шиг бардам үнэн амьдрахыг хичээнэм.Би чоно бүлгээ.Миний анд чоно бүлгөө.Миний дотроос нэгэн чоно сэрмүү.Миний андын дотроос нэгэн чоно сэрмүү.Хүн бүрийн дотроос нэгэн чоно сэрмүү.Тэр чоно түүхийн эхлэлээс бидэнлүү үсэрсэн яс,мах,цус,ухаан.Биднээр дамжин цааш үргэлжлэх цус,мах,яс,гүн ухаан...газар шороо минь...газар дээр амьд явахуйн бардамнал бахархал минь...ЧОНО...МОНГОЛ ЧОНО...ГҮН УХААНЫ ЧОНО...ЧОНО...

                                                                   Хамрийн хийд-Улаанбаатар-Бага Тойруу-Тулга.
                                                                                    Хашгиран байж бичив.

                                                                                               Хас Бэгтэр

2 comments:

  1. Шинэ цагийн чоно... "ЧОНО"... Уйлан дуулахыг нь олонтаа сонсож дээ.

    ReplyDelete
  2. Хашгирахад чинь бодуул нэг чоно чиний биенээс дүүлээ биз дээ. Тэр дүүлсэн нөхөр хаашаа вэ?

    ReplyDelete