Friday, February 17, 2012

                                                     
                                                              Аялгуут бүсгүй

                                    
  Тэнгэрлэг гоо чиний мөрийг би мөшгөнө.Тэнгэр мэт явнам.

                                                                                                    Хас Бэгтэр

Гоо үзэсгэлэнгийнхээ тэргүүн чимэгт эрдсэн гоёхон чиг л төрсөн Н.Отгонбаяртаа зориулмуй


Эрин үеийн минь гоо үзэсгэлэн билээ чи.Эрин үеийнхээ суу алдрын яруу титмийг зүүж өгмүү чамд би.Эрин үеийн минь дуу хоолойнууд намайг дуулж бай.Дотгош аниргүй унамуй... Тэгээд босох минь...Үг үгүүлэх минь...Хөгжим явлаа...Бийрээ дагамуй...

Сэрчээ тэр.Зүүдэн дотроо сэрчээ.Бүх зурагнуудаа дэлгэсэн байжээ тэр.Бүгдийнх нь өмнө салаавч үзүүлчихээд гарч оджээ тэр.Эргэж орж ирээд нэг зургаа сугавчлаад гарч оджээ тэр.Хаалгаа онгорхой орхисон байлаа тэр.Гудманд таарсан эхний гуйлгачинд зургаа бэлэглэчихээд явж оджээ тэр.Явж байгаад сэрчээ тэр.Замдаа сэрчээ тэр.Замынхаа голд сэрчээ тэр.Сэрчээ тэр зурж буй бүсгүйнхээ зүүдэн дотор сэрчээ.Сэрчээ тэр зурж буй бүсгүйнхээ зүүдэн дотор зурж суугаа зураачийн зүүдэн дотор зүүдэлж сэрчээ.Өөрөө өөрийнхөө зүүдэн дотор сэрчээ.Сэрчээ тэр өөрөө өөрийнх нь зүүдэн дотор зүүдэлж буй бүсгүйн зүүдэн дотор зурж суугаа зурагныхаа зүүдэн дотрох зүүдэн дотор зүүдэлсээр яваад зүүдэлсээр байгаа зүүднийхээ зүүдэн дотор солонго зогсох агшин алдалгүй солонгорон солонгорсоор сэрчээ.Зурах л гэж сэрчээ тэр.Зураач сэрчээ.Хайртай бүсгүйнхээ хар нүдэн дотор сэрчээ.Хар нүдний солонгон дотроос замхран замхарсаар замхрахдаа солонгорон солонгосоор солонгорсон зүүдэндээ солонгорч сэрчээ.Сэрчээ тэр хар нүдний хачин сайхны хачин сайхан зүүдэн дотор хачин сайхнаар хачин сайхан сэрчээ.Сэрчээ тэр хачин сайхнаар харж яваад хайртай бүсгүйнхээ хачин сайхан инээдний хачин сайхны хачин сайхан хачины хачинд зүйргүй сайхан зүйрлэмгүйн зүйргүйд зүйргүйн зүйргүй сэрчээ тэр.Сэрчээ тэр үл тэмтэрч болох юм шиг мөртөө хурууны минь инчинд үргэлж тэмтрэгдсээр байдаг яг тэмтрэя гэхэд тэмтэрч болдоггүй гэхдээ тэмтрэгдсээр л байгаа нь мэдрэгдсээр байдаг мээмнийх нь товч мэлмий зурсаар байх хайртай бүсгүйнхээ хачин нууцлагт хачин нууцлагаар сэрчээ тэр.Сэрчээ тэр зүрхнийхээ үнэн мөнийн дуун дотор сэрчээ.Зүрх минь агуу ихийн зогсоол шүү.Амжиж л буувал...Аяа бүсгүй минь чи...Эзэнгүй өртөөг эзэгнэгч минь...Бийрээ дагамуй...

Сэрчээ тэр.Зурж буй бүсгүйнхээ сайханд мэлмий шингээн зурсаар сэрчээ тэр.Бодохгүй л байж болдоггүй хар нүдний хачин чимээгүйд бодоч ч болохгүй бодохгүй ч байж болдоггүй зүүдэндээ зүүдэлч ч болдоггүй зүүдлэхгүй байж ч болдоггүй зүүдээ сэрч ч чадахгүй сэрэхгүй байж ч чадахгүй...Гэхдээ сэрчээ тэр.Сэрэхдээ сэрсэн зүүдэндээ сэрсэндээ сэрчээ тэр.Хайртай бүсгүйнхээ хайран дотор сэрвэл гэж мөрөөдсөөр л сэрчээ тэр.Мөрөөдөл минь дуус ч байна даа...Байгаль эхийн энгүй тууривал  минь...Бийрээ л дагамуй...

Сэрчээ тэр.Эрин үеийнхээ гоо үзэсгэлэнгийн зүүдэн дотор сэрчээ.Сэрчээ тэр эрин үеийнхээ зүүдэн дотор сэрчээ.Зураач сэрчээ.Зураач хамаг юмаа хүнд бэлэглэж хамгийн үнэн хүн чанараа өөртөө авч үлдсэн хүн байжээ.Зураач гудманд хонож гутал тослогчын гарт мөнгө атгуулж дээдэст дээрэнгүй доодост доромжгүй ханддаг хүн байжээ.Зураачийг зураач биш хүмүүс зүрхийг нь зүсэж ясыг нь цайруулж байжээ.Авсных нь тагыг аяархан хаах үр хүүхэд анд нөхөддөө хэлэх үгээ цээжин цаанаа нандигнаж зүрхэндээ уйлж явдаг хүн байжээ.Зураачийг үхэхэд зүрхээрээ оршуулах хүн хэд үлдсэнийг хэн ч мэдэхгүй энэ хорвоод зураач согтуу явжээ.Солиотой явжээ.Ордны найран дээр омогдож орцны найран дээр онгиролгүй олон жил уужээ.Зураач гэгээн андуудаа гунихыг зүрхээрээ мэдэрч зүрхэндээ гуниж явдаг хүн байжээ.Сэрчээ тэр замынхаа голд сэрчээ.Зураач сэрчээ.Бийрээ л дагамуй.

Сэрчээ тэр.Эрин үеийнхээ зүүдэн дотор эрин үеийнхээ гоо үзэсгэлэнг харж суужээ тэр.Хаалга нь онгорхой байжээ.Хаалгаар нь орж ирсэн эхний гуйлгачинтай чин сэтгэлээсээ ярилцаж суужээ тэр.Тэгээд огцом босоод эрин үеийн минь гоо үзэсгэлэн чамайг энд би хүлээнэ гэж хаалган дээрээ хаяг хаджээ.Тийн зүрх сэтгэлийнхээ үүдийг цэлс хийтэл нээжээ тэр.Сэрчээ тэр зүрхнийхээ үнэн мөнийн дуун дотор сэрчээ.Зурж зурж сэрчээ.Зураач сэрчээ.Сэрсэн зүүдэндээ зураач сэрүүн байжээ.Зураач сэрүүн л байжээ.Тэгээд гоо сайхан,урлагийн агуу их сүр хүчний өмнө нэгэнтэй мэхийгээд үүрд унтсан байжээ.

Оршуулган дээр нь эрин үеийнх нь гоо үзэсгэлэн уйлж зогсчээ.Тэр нулимсны орон дээр нэгэн цэцэг ургасан нь зураачийн хайрын сэтгэл байжээ.Эрин үе нь тэгж эрин үеийнхээ гоо үзэсгэлэнг олж харж эрин үе нь тэгж зураачийн хайрын сэтгэлийн хүчний өмнө тэргүүнээ мэхийжээ.

                                                                                                         Хас Бэгтэр
                                                   



1 comment:

  1. Ахархан учирлын самуунд зүрхний тоос босгосон олон эмэгтэйчүүдийн гил хар нүдэнд мянгантаа сөгдөж түмэндээ мэхийж олон сайхан бүтээл туурвиж энэ зүрхээ хайрын галаар өрдөж явмуу би.

    Тиймээс ч Агуу их Данзангийн Нямсүрэн

    Сул хөх өвсөн дотор сувд адил хөлбөрч
    Сульдсан шүлэг шиг биеийг минь таалсан
    Субашидийн бадаг мэт, урин тачаангуй хүүхнүүдэд
    Суврага шүлгийн сүм босгож нүглээ наминчалъюу би гэж бичээ бизээ.

    ReplyDelete