Sunday, October 2, 2011

                     Алдагдсан цагийн эрэлд мордохуй буюу

                               

                                       Пабло Пикассо

                                                                                          
Сократ “Өөрийгөө танин мэд”гэсэн байдаг.Энэ л үгэнд бид ухамсартай болон ухамсаргүйгээр захирагддаг. Өөрийгөө танихгүйгээр бусдыг танихгүй бусдыг танихгүйгээр өөрийгөө танихгүй шүү дээ.Эцсийн эцэст ер нь бүх юм гэдэг чи өөрөө юм.Чи өөрөө гэдэг чинь бүх юм гэсэн гаргалгаа дээрх үгэнд буй юм.Урлаг, урлагийн мөн чанар ч үүн лүгээ төслүү ажгуу.
Урлагийн үүрэг зориулалт нь ер нь юунд чиглэгдэх ёстой вэ? гэсэн асуулт.
Шашны номлолыг түгээхэд үү,ёс суртахууны хэм хэмжүүрийг тогтооход уу,сайн сайханд хөтөлж гэгээрүүлэхэд үү,аль эсвээс зугаацуулж цэнгүүлэх үүрэгтэй юу гээд олон асуулттай тулгарч байдаг тулгарсаар ирсэн.Сонгодог зуун,дундад зуун, сэргэн мандлын зуун гээд урлагийн түүх ямар замаар явж ирвэй.
Ерөнхийдөө реализм /биет,бодит/ ХV зуунаас эхтэй, тогтсон онолтой хүчирхэг урсгал чиг хандлага ерөнхий давамгайлж ХVII зууны сүүлчээс ХIХ зууны эхэн хүртэл ноёрхсон классицизм /нэгдүгээр зэргийн/ үлгэр жишээ сонгодог хэв маяг,академизм /цэвэр урлаг/ -р илэрхийлэгдэн явж ирж байв.Калассицим нь эклектизм/шилмэл,сонгомол/ нийтийн соёлыг эрхэмлэхүйгээс үүдсэн нь ихэс дээдсийн тухайн цаг үеийн урлагийн хэм хэмжүүрийг илтэгсэн бүтээлүүдийг таашаан үзэх үзлээс бий болжээ гэж үзэж болох.Жишээ нь ихэс дээдэс хөрөнгөтөнүүдийн захиалгаар бүтээх тэдний хэлсэнээр зурах гэх мэт хувь уран бүтээлч өөрийн үзэл бодлоо бүтээлд тусгах боломжыг хязгаарлаж байсан зэргийг авч үзэж болно.Тэрнээс тусдаа бүтээгчийн хүсэл зоригыг илтгэсэн урсгал чиглэл бус бусдын хүсэл таашаалаар бүтээгддэг урлагийн сонгомол стилийг классицизм гэж ерөнхийлөн нэрлэсэн болов уу гэсэн учир шалтгааны олон талын асуудал байгаа юм гэж хувьдаа үзэж байна.
Неоклассицизм ХIХ эхэн үед /классицизмын шинэлэг хэлбэр/үүссэн шинэ хэлбэр агуулгаар баяжин гарч ирсэн урсгал тодруулбал эрх дарх цөөнхийн үзэл санаатай холбоотой байсан урлаг маань нийтийн үзэл санааны илэрхийлэл болон хувьсгалч шинжтэйгээр гарч иржээ гэж хэлж болно.Үлгэр домгийн баатрууд бус эрэн үеийнхээ баатрууд тэдний баатарлаг үйл хэрэг хүсэл зоригыг тод томруунаар дүрслэн харуулах болжээ.
1820 оны үеэс романтизм /мөрөөдөмтгий/мөрөөдлийн болон бодит амьдарлыг хослуулан дүрслэх, бий болж неоклассицизмыг залган гарч ирсэн.Романтизмчууд классицизмыг эрс эсэргүүцэж онцгой тохиолдолд л оршин буй хүний дүр үйл явдалыг харуулахад үзэл санаа нь чиглэгдэж иржээ.
1830 аад оноос шинэчлэгдсэн реализм,реалист чиглэлийн зураачид Курьбе,Домье нарын зураачид өөрсдийн үзэл бодолдоо тууштай байсан юм.Реализм нь бодитой оршигч эд юмсыг дүрсэлдэг барьцтай урлаг.Бодитойг буй болгож буй физик хэллэгийг бүтээлдээ илүүтэй тусгадаг.Реалистчууд материалист үзэл санаа бүхий шинжлэх ухааны ухааны үндэстэй бүтээл тууривахыг эрмэлздэгээрээ ихээхэн онцлогтой.Тэд үзэхдээ хийсвэр урлагийг үгүйсгэн хийсвэр зүйлс нүдэнд ил харагддаггүй учраас уран зурагт хамаагүй гэж үздэг байсан ч тэд шинийг эрэлхийлсээр байсан нь уран зурагт шинэчлэл хийсэн импрессионизм,модерн зэрэг орчин үеийн урлагийг бий болох эхлэлийг тавьсаар иржээ хэмээсэн өнгөрсөн зуунуудын урлагийн хөгжил дэвшилийг багцлан авч товчхон өгүүлэхэд ийм буюу.

Чухамхүү аль ч тохиолдолд өмнөх уламжлал 200-300 жилээр тогтож ирсэн хатуу дэг жаяг тэг гортигоосоо дүрслэх урлаг тэгтлээ гажиж ирсэнгүй.Гэсэн ч сонгодог уламжлалаа хадгалсан шинэлэг хэлбэр эрэл бий болсоор байсан юм.Харин өнгөрсөн зуунуудын /уран зурагт аливааг тогтсон дэгээр дүрслэх,нэг сэдэвээр дагнах,үлгэр домгийн сэдэв зонхилох, шашны сэдэвт бүтээлүүд гэх мэт зонхилж байв/хөшгийг хуу татаж урлагийн ертөнцөд цоо шинэ урсгал чиглэл шинийг эрэлхийлсэн өөрчлөлт шинэчлэлтийн зуун бол ХIХ сүүлч ХХ зуун.Зүйрлэвээс олборлох гүн нь ихсэх тусам олдох эрдэнэс нь үнэтэй байдгын адил лугаа бид өөр урлагийг бүтээх болсон билээ.
Оногдохуй хүн-хүн оногдохуй ,урлагийн язгуур зарчим үүн дээр тогтдог байж ч болох.Гол нь энэ зуунд уран зургийн хувьд хүнээсээ холдсон байсан урлагийг эргээд хүн рүү нь сэтгэн бодохуй руу нь,өөрөөр сэтгэхүй рүү нь, өөрөө өөрийгөө танихад нь чиглэгдэж ирсэн гэж үзэж болох юм.
 Урлагийн зорилго эцэстэй хүн, хувь бодьгал руу чиглэгдсэн байдаг шүү дээ дүр төрх ухамсар бүхий оюун ухаант хүнд  л зориулагдах бөлгөө.Аль ч зуунуудаас илүүтэйгээр энэ зуунд урлагийн асар олон өөрчлөлт шинэчлэлт бий болсоныг урлаг судлаачид баталдаг.Агуулага гэхээсээ хэлбэр зохиомжийн шинэчлэл илүүтэй давамгайлж байв.
Уран зурагт бодит юмсыг яг л /реализм/ байгаагаар нь дүрсэлж уг зүйд нь нийцүүлэн гайхалтай зурдаг байсныг гэрэл зураг орлох болов.Одоо хаашаа явах вэ? гэсэн асуулт гарч ирнэ эндээс л эрэл хайгуул эхлэнэ.
Үүнийг анхлан шийдсэн Клод Моне тэргүүтэн / импрессионизм-сэтгэгдэл/гол төлөөлөгчид нь Эдуард Мане,Эдгар Дега,О.Ренуар,К.Писсарро,Ж.Уистлер,баримлын төрөлд О.Роден нар тэд уран зурагт гайхамшигыг авчирсан юм.Хожимын /орчин үеийн/бүх урсгалууд импрессионизмээс эхтэй билээ.Тэд уран зурагт реализм ер өмнөх урсгалуудаас юугаараа ялгаатай юуг шийдэж өгсөн нь сонин байж болох ерөөс уран зургийн хавтгайд өнгө гэрэл агаарын асуудлыг бүрэн шийдэж илүү олон хэллэгийг нэгэн цогцоор хавтгайд багтааж  болох ,болохыг батлан харуулж өгсөн юм.Энэ тухай өмнө нь дурдсан болно.Импрессионистуудыг залгамжлан неоимпрессионизм нь /дивизионизм-тусгаар саланги,пуантализм-хурц үзүүр,цэг/аргаар бүтээгчдыг ингэж нэрлэж байв.Гол төлөөлөгчид Ж.Сёра,П.Синьяк,А.Кросс,тэд хором зуурын сэтгэгдлээс илүүтэй зохиомжийн зохицол,нэгдэлд илүүтэй анхаарч бүтээлийг уламч гэрэлтэй агаартай болгожээ.Жорж Сёрагын “Наран шарлагын газар” хэмээх бүтээлийг уран зургийн дундрашгүй сэдэв болсон гэж үзэх нь бас бий.
Постимпрессионизм/дараа хожуу / тэд бас л шуугиан тарьсан юм.Гол төлөөлөгчид Поль Сезанн,В.Ван Гог,П.Гоген,А.Тулуз-Лотрек энэ тухай тусгайлан бичсэн болно.Зөвхөн уран зураг төдийгүй хөгжим уран зохиолд ч бас энэ шинэчлэлт явагдсан хөгжимд Арнольд Шёнберг,Клод Дебюсси,Франц Шуберт “Дуусаагүй симфонь” уран зохиолд Эдгар Алан По “Алтан цох”бүтээл нь ихэд алдартай Артюр Рембо,Шарль Бодлер,Стефан Малларме францын яруу найрагч тэднийг залган Жеймс Жойс,”Улисс”сэтгэлийн алдуурал “поток сознания”ХХ зууны гол романуудын нэг утга зохиолд шинэ үзэгдэл болсон юм.Семюэл Бэккет “Годог хүлээхүй”авсурд театрын сонгодог бүтээл гэх мэт цааш залгамжлан хөгжсөн байдаг.
Символизм/дүрс тэмдэг,таних шинж/зөн билгийн урсгал гээд ойлгочиход болохгүй юмгүй л дээ.Гол төлөөлөгчид А.Бёклин,Ф.Штук,П.Шаванн,Г.Моро,О.Редон,Н.К.Рерих уран баримлын төлөөлөлд А.Бурдель,А.Майоль,К.Клодель нар юм.Символистууд хэлбэр бус хэлбэрийн цаад агуулга руу нэвтэрч далд зүй тогтол бэлэгдлийг дүрс тэмдэгээр харуулах гэсэн зорилготой байв.
Модерн /орчин үеийн шинэлэг/стиль символизмийн гоо сайхны Ф.Ницще-гийн “амьдралын философ”-ийн үзэл баримтлалыг хөгжүүлсэн гэж үздэг.Ялангуяа уран барилга,дизайнерт гол төлөв тусгалаа олж байв.Чөлөөт хэв загвар бүхий гол нь хүний хэрэгцээнд нийцсэн өнгө хослолын шинжтэй гоёмсог засал чимэглэлийг урлагийн хэллэгт оруулан өөрчилж байлаа.Уран зургийн гол төлөөлөгчид Г.Климт,”Үнсэлт”зураг нь алдартай Ф.Ходлер,Э.Мунк “Хашгираан”М.А.Врубель “Сууж буй чөтгөр”зэрэг болно.Энэ чиглэлийн зураачидын бүтээлүүд уйтгар гуниг хар бараан зүйлийг ихэвчлэн дүрсэлдэг байв.
За тэгээд энэ л үеүдээс дээрх урсгалуудын үргэлжлэл болсон абстракционизм,сюрреализм,футуризм,примитивизм,кубизм,абсурд,авангард, модернист,аа бүр орчин үелүүгээ ороод ирэхээр рейди- мейд,ленд-арт,видео арт,ассемблеж,инсттоляци,пирформанс гэх мэт дуу авиа хөдөлгөөнтэй нэгэн цогц байх гэсэн дүрслэх урлагийн урсгал чиглэлүүд бий болсоор байна.Энэ орчин үеийн урсгалуудыг маань манай монгол хэлэнд абстракт буюу хийсвэр урлаг гэж нэрлэж байгаа юм.За энэ хийсвэр энэ тэртээгээ нийлээд ерөнхийд нь модернизм гээд  нэрэлчихэж байгаа юм л даа.Модернизм гэж тустай тийм ийм гэсэн урсгал чиглэл байхгүй/орчин үеийн шинэлэг/ ХХ зууны эхний хагасыг хамарч байсан тухайн цаг үеийн урлагийн урсгал чиглэлүүдийн ерөнхий нэр байжээ гэж үзэж болно.Нэмж хэлэхэд энэ бүх хийсвэр урлаг маань бодитойг үгүйсгэж шинийг эрэлхийсэний үр дүнд бий болсон ч натуралистуудын баталсаныг ор үгүйсгээгүй юм.Тэгэх ч үндэсгүй тэгэх нь урлагийн бүрэн зорилго биш юм.Урлаг батлахад бус харуулахад байдаг гэдэг шүү дээ.
За тэгээд модернизмоос эхтэй орчин үеийн урлаг маань постмодернизмоор дамжин өдгөө контемпраризм түүхэн хөгжилийнхөө 100 хол гаран жилийг ардаа орхижээ.Энэ зуу гаруй жилийн хөгжил дэвшилд манай уран бүтээлчид манай урлаг хаахнан нь явав гэсэн асуулт өөрөөр хэлвэл модернизмоос өнөөх хүртэлх урлагт.Бидэнд сонгодог урлагийн арвин туршлага байхгүй л дээ манай дүрслэх урлаг хагас зуун жилийн түүхтэй сонгодог урлагийн жишгээр авч үзвэл.Ер хаа ч бас урлаг жам ёсоороо яваагүй юм.Феодализм,коммунизм,аскетизм,фашизм гэх юм уу улс төр,шашин  үзэл сурталын бай болж байсан жишээ үй түм энэ балгыг эс тооцвол энэ зуун жил манай урлагийн ертөнцөд цагаанаараа үлджээ.Хорь гучин жилийн өмнөөс л бид чөлөөтэй зурж бичдэг болсон. Хорвоо дээр Ван Гог,Дали,Моне,Пиккассо,Моделяан кубизм,сюрреализм,абстракционизм байдгийг мэдэж.Кафка,Жеймс Жойс,Фолкнер,Набоков,Борхес,Павичийг уншиж эхэлсэн билээ.Гэхдээ бидэнд оюуны асар их өндөрлөг байгаа гэж боддог бид тэнд хүрэх болно.Өнөөдөр монголын дүрслэх урлагийг дэлхий сонирхож байна.Сонирхохоос ч өөр арга байхгүй бид чинь цагтаа амьтаны стиль гээч юмыг анх дүрслэх урлагт бий болгосон ард түмэнсэн.

Гэх мэтчилэнг гэх мэтчилэнгээр гэх мэтчилэн өгүүлсэний учир болбоос Суут зураач Пабло Пикассогын тухай өгүүлэх гэсэн юм.Дээрх бүх учирлалаар түүнийг ямар нэг хэмжээгээр тодорхойлох гэсэнгүй.Ерөнхий яахав кубизм ер яаж яваад энэ урсгал чиглэл бий болов цаг хугацааны хувьд хаашаа юм энэ тэрийг л тодруулах гэсэн хэрэг шүү дээ.Түүний бүтээл тууривалын талаар дор хүүрнэнэ.

Кубизмыг 1907 оны үеэр үүссэн гэж үздэг.Кубизмын эхлэлд зүйрлэшгүй нөлөө үзүүлсэн хүн бол П.Сезанн юм.Уран зурагт орчин үеийн урлагын эцэг нь Сезанныг гэж үздэг үнэхээр ч тэгж үзэх үндэс бий.Тэр цэвэр уран зургийн хэллэгт анхаарч бүтээх шинэ арга барилыг эрж байсан юм. Сезанн үзэсгэлэнгээ Парист гаргасан нь ихэд шуугиан тарьжээ.Энэ үзэсгэлэнг залуу зураач Пикассо үзэж яваад өөрийн уран зургийн хэллэг болох кубизмыг бий болгох эхлэлээ тавьсан гэдэг энэ тухайгаа Сезанны нөлөө байсан гэдэгийг Пиккасо тэмдэглэн өгүүлдэг байжээ.Кубистууд постимпрессионизмчуудын өнгө будгын хурц тод хэллэгийг авч гүний мэдрэмж орон зайг олон төрлийн зохиомжин дунд эмх цэгцтэй дүрслэн харуулахыг зоригдсон байдаг юм.Элдэв бусын дүрс зохиомжийн бөөгнөрлийн дунд хүний харааны мэдрэхүйн хязгаарыг тодорхой нэг дүрсын хязгаарт оноон бодох бясалгах эрэх олох гэсэн сониучирхалыг /олон дүрсийн зохиомжин дунд нууж/ өдөөж өгөх шинжтэй бодрол бясалгалын урсгал болон уран зурагт бий болжихуй.Энэ нь Гётегийн уран зурагт контрапиунк/цэгийн эсрэг,цэг/боловсруулахыг зөвлөдөг байсны адил дүрсийн эсрэг дүрсийг бий болгож ирсэн гэж бодном.Пикассогийн бүтээлүүд хэлбэр, дүрсүүдийг олон хэсэгчлэн геометрын дүрсүүдээр янз бүрийн зохиомжинд хуваан дүрсэлсэн байдаг ч бүтээлд нь эмх цэгцгүй байдал огтхон ч байдаггүй нь зураачын агуу их авъяас ухааны цар хүрээг илтгэдэг юм.Тэрээр салангид янз бүрийн дүрсүүдээр зургийн хавтгайд орон зайтай эзлэхүйнтэй жишвээс тоо бодох адил хүнээс их ухаан шаардсан бүтээл тууривдаг байсан нь ажиглагддаг.Кубистууд үзэгчдээс нэгэн төрлийн оюуны тоглоомд оролцохыг бүтээлүүдээрээ уриалж байв.
Үзэгчдэд таалагдах албагүй ч зураач чухам юуг хэлж вэ гэж харах хэрэг тэдний бүтээлүүдийг сонирхоход хүргэж байжээ гэж бодогддог юм.Тэд аливааг илүү олон талаас нь харж дүрслэх боломж бололцоог хожмын үед нээж өгсөн билээ.Илүү гүн гүнзгий орон зай гүний мэдрэмж санааг нуух үзэгчдэд нарийн төвөгтэй арга замаар юу өгүүлсэнээ харуулах гэх мэт асуудлыг хожим хойчын  зураачидад үлдээсэн гэж ойлгож болно.Бидний үед энэ нь туйлын хамаатай асуудал мөн хэмээн  сэтгэнэм билээ.Кубизмыг жинхэнэ утгаар нь харуулсан хүн бол Пикассо бөлгөө.Тэрвээр уран зурагт мөнхийн асуудал болох дүрийн тод томруун байдал орон зайн гүнийг хавтгай дээр далд нууц тэгэхдээ хэн бүхнийг гайхашруулаж хүний сонирхолыг өөрийн эрхгүй төрүүлэх явдлыг /кубистууд/ шийдвэрлэж ирсэн ч бас бүрэн төгс шийдээгүй магадгүй энэ мөнхийн асуудал мөнхийнх ч байж магадгүй.Уран зургийг хэзээ ч бүрэн дүүрэн бат нут тайлбарлах аргагүй тийм  боломж ч байдаггүй бүлгөө.Тэр бол уудалж баршгүй гүн урлаг билээ.
За энэ хэсгийг энд нь дуусгаад дараагийн хэсэг рүү ороё.

Пикассо амьдралынхаа 91 жилийн турш олон арван зуун зураг зурсаны бараг ихэнх нь бусдын анхааралыг татаж шуугиан тарьсан гэдэг.Сонирхуулахад  1947 онд зурсан түүний энхтайвны бэлэгдэл болсон цагаан тагтаа нь чухам л энхтайвны бэлэг тэмдэг болсон юм.
Тэрвээр маш этгээд зан авир оюуны асар өндөр чадвахитай бас чиг хормой хотны явдалд муугүй шаалуу явдалтай нэгэн байсан зэрэг нь түүний намтар сэлтэд нь тодорхой буйг азная учир нь намтар бол намтар билээ.

Тэрвээрийн алдартай хоёр бүтээлийн талаар товч ярилцая.
Түүний уран бүтээл тууривлыг  1901-1904 он цэнхэр үе/ энэ үе нь зураачын хараахан өөрийн хэлбэрийг олж амжаагүй бусдын нөлөө бүтээлд нь байсан үе гэж үзэж байна / 1905- 1907 он сарнайн үе /бүтээл тууривлынхаа хэлбэр өнгө төрх чухам өөрийнхөө урлан бүтээхийн арга барилыг олсон үе гэж  хэлж болох байх/ 1908-1909 он африкын нөлөөнд байсан үе/эртний дүрс бэлэг тэмдэгт анхаарлаа хандуулж бүтээл тууривалдаа тусгаж байсан үе болов уу/ 1909-1912 аналитик кубизмын үе,1912-1919 он синтетик кубизмын үе,түүнээс хойшихыг нь харын үе гэж ангилан нэрлэж  байв.Энэ харын үе гэдэг нь би хувьдаа бодохдоо зураачын илүү гүн ухаанлаг гүн шийдэл бүхий бүтээл тууриваж эхэлсэн үе нь байх гэж үздэг ингэж үзэх магадлал бий билээ.

1907 онд зурсан зураачын өөрийн нэрэлсэнээр “Янхны газар” сүүлд урлаг судлаач Андре Салмон “Авиньоны залуу охид”гэж нэрлсэнээр түүхэнд энэ нэрээр үлдсэн.Чухам энэ бүтээл үнэхээр дуулиан тарьсан юм.Энэ бүтээлийн талаар хоёр зуун дамжин ярилцаж байна.Хойшид хүн гэж байгаад урлаг гэж байсан цагт яригдсаар л байх биз.Энэ олон шүүмжлэл маргаан дүгнэлтүүд  дундаас урлаг судлаач Уильям Рубинсын бүтээлийг задлан тайлбарласаныг урлаг судлаачидын зарим нь магадтай байж болох гэж  үздэг.Үгүй ч байж болох энэ барьцгүй юм.Чухам Пикассогийн  зиндаанд очиж байж хүн төрлөхтөн цаад санаа гүн ухаан нууцыг нь тайлах ч юм билүү.Үнэхээр тайлагдашгүй оньсого мэт бүтээл.
Уильям Рубинс үзэхдээ “Авиньоны залуу охид бол Пикассогийн аминч үзэл эрх чөлөөний төлөө юуг ч золиослож мэдэх анархи байдал,өвчин эмгэгээс айх айдас,хатуу харгис зан чанарынх нь илэрхийлэл” гэж үзсэн байдаг.
Харин нэрт урлаг судлаач Лео Штейнберг уг бүтээлийн тухайд энэ бол эцсийн бөлөгт гүн ухааны бүтээл гэж үзсэнээ “Гүн ухааны Янхны газар”нэртэй судалгааны томоохон ажил хийсэн аж.Энэ гүн ухааны бүтээл гэдэг дээр орчин үеийн урлаг судлаачид тугаа зоочихоод байгаа ч бас элдэв янзын таамаг дэвшүүлсээр байгаа ажгуу.Энэ бүтээлийн тухайд шүү дээ.
Өөр нэг алдартай бүтээл болох  дайныг эсэргүүцсэн “Герника” нэрт зураг нь дэлхийн нэгдүгээр дайны үе1936-1939 он Испаны иргэний дайны сэдэвтэй бүтээл юм.
 Герника хэмээх жижигхэн хотыг фашистууд шөнөөр бөмбөгдсөн гэдэг чухам энэ үйл явдлыг уран сайханы аргаар эмгэнэлтэй байдлаар дүрсэлсэн нь тухайн үед Пикассог нэрд гарахад ихэд нөлөөлсөн юм.Дайны уршиг гай гамшгийг түүн шиг өвөрмөц хэлбэрээр зурсан зураач урьд өмнө ч хойшид ч гараагүй гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй.

Ингээд энэ хоёр бүтээлийг бүтээсэн зүй тогтол гайхам гүн санаа далд өгүүлэмжийн талаар өөрсдийнхөөрөө авч үзэе л дээ хүүрнэлдэе.
“Авиньоны залуу охид” зураач энэ бүтээлдээ Барселоны Авиньо гудамжны янхны газрын таван дууч эмийг дүрсэлсэн гэдэг чухам үүгээрээ алдарт зураач маань юуг хэлэх гэвэй.Ямар нууц байгаа болоод гайхан шагшуулахад хүрвэй.
Зургийн зохиомжид этгээд хэлбэр бүхий таван бүсгүй хэн хүний анхаарлыг татхуйцаар байрласан байна.Тэд зургийн хоёр захаар харагдаж буй хөшгийг яран цаанаас гарч ирж байна уу аль эсвэл наанаас хөшгийг цааш татаж байна уу гэдэг нь тодорхой бус харагдавч энэ нь хувьсах үл хувьсахуйг ямар нэг байдлаар харуулсан мэт санагдана.
Дүрүүдийн царай тодорхой нүүрний хувиралгүй баг мэт харагдаж болох ч дотоод амь амьсгал нууц  далд сэжим үл мэдэгдэх сэтгэхүйн утсаар холбогдсон болох нь бүтээлийг харах тусам мэдрэгддэг.
Энэ бүтээлд үзэгч дүрүүдийн далд өгүүлэмжтэй холбогдож зургийг удаан харах тусам улам ихээр татагдаж өөрөө тэр зургийн нэг хэсэг болсон мэт сэтгэгдэл үзэгчидэд төрнө.Амьд мэдрэмж амьд бүтээл.Үүнийг л мэдэрсэн үзэгч бүтээлтэй ярилцаж  эхлэнэ.Үзэгч өөрийнхөө мөн чанар нүцгэн үнэнийг бүтээлээс харах болно.Айна ичнэ өөрөө өөрөөсөө жигшин зэвүүцэнэ ичгүүр сонжуураа барна хэн нэгнээс аврал эрэн хашгарана.
Зурагт хөшиг нэгэнт нээгдсэн болох нь шууд харагддаг. Хөшигний цаадах хөшгийг ахиад нээхэд цаана нь нуугдсан үнэн дүр төрх ил гарч ирэх ажээ.Зохиомжийн зүүн талд хөшиг татан зогсож байгаа дүр бол цаад дөрвөн дүрийн өмнөх хөшгийг татаж байгаа мэт санагддаг.Гэтэл цаана нь байгаа дүр төрхүүд  юу өгүүлнэ вэ?
Зохиомжийн голд байгаа хоёр дүрийн наана байгаа нь ичгүүр шонжуургүйн сонжсон харцаар ширтэх аж, цаана дүрслэгдсэн нь өөрийн байгаа байдалдаа нэгэнт дассан мэт хүлцэнгүй дорой харцтай, баруун талд  дүрслэгдсэн нь үнэн байдлыг нь харуулахад  өшсөн хорссон мэт хөшиг татагч руу үзэн ядсан харцаар харж байна царай нь аймшигтай харагдана.Хөшиг татагч энэ байдлыг үл хайхарсан байх ажээ. Ер энэ дүр төрхүүдийн сэтгэлийн өнгийг  үл тоосон байдалтай урагш харан цэх зогссон байдалтайгаар зохиомжлогджээ.Энэ дүр хүн ер нь өөрийнхөө л үнэн төрхийг харж цэгнэж  ухаардаг гэсэн санааг илэрхийлж байх шиг. Зохиомжийн баруун доод буланд сууж буй дүрийн царайд дуу алдан гайхсан байдал илрэнэ нүүр нь  зэрэмдэглүүлсэн мэт байх аж бас нэг нүдэнд нь айсан нөгөөд нь ихэд гайхсан харц байгааг сайн ажиглаж хараарай.Харин зургийн голд наана дүрслэгдсэн жимснүүдээр юу өгүүлнэ вэ? Муу муухай олиггүй бүхэн бусдад хүртэл муугаар яаж нөлөөлдөг байж болохыг муудаж хатсан жимснүүдээр зүйрлэн харуулсан болов уу.Хүний мөн чанарын тухай зураачын үзэл бодол нэвт шингэсэн бүтээл чухам энэ мөн бүлгөө.
Пикассо зүгээр нэг янхны газрын таван бүсгүйг зураагүй юм.
Янхны газрын таван дууч бүсгүйн дүрээр Пикассо хүн төрлөхтөний хуурмаг багыг хуу татаж харуулсан юм.Пикассо хүмүүс амьдрал дээр ямагт худлаа жүжиглэж үнэн төрхөө нууж амьдардаг гэдэгийг энэ зургаараа илэрхийлсэн билээ.Үнэхээр гүн сэтгэлгээ филисофтой бүтээл.Асар олон зүйлийг үзэгчидэд өгүүлэнэ.Үнэн дүр төрхөө тэд эндээс харж болно.
Энэ учраас л судлаачид өгүүлж баршгүй гүн санаа бүхий алдарт зураачын энэхүү бүтээлийг “Гүн ухааны Янхны газар”, гүн ухааны бүтээл юм гэж эцэстээ үзэх болсон болов уу гэж санадаг даа.

“Герника” болж буй үйл явдал их давчуу орон зайд өрнөж байна.Үхэл амьдын тулд тэмцэж буй энэ байдлыг зураач эмгэнэлтэйгээр дүрсэлж дүрүүдийн онцлог шинжийг уран сэтгэмжээр холбож үйл явдлын өрнөлийг нэгэн цогцоор харуулж чадсан нь онцгой сонин байдаг.Юун тухай бүтээл болохыг сайн нягталж мэдэрч байж энэ зургийг ойлгоно уу болохоос зүгээр зэрвэс хараад ийм тийм гэж хэлэхэд үнэхээр хэцүү бүтээл л дээ.Их мэдрэмж хараа шаардана.Энд дайн болсон гэх шинж тэмдэг юу байна аа нурж сүйдсэн юм утаа униар байна уу гэж харж болох.Зохиомжийн цаана гал гарч буй хэсгээс өөр дайны ул мөр гэх юм алга гэж жирийн үзэгч хэлэх байх гэтэл наана бөөн зөрчил тэмцэл ширүүн үйл явдлууд бие биенээс хамааралтайгаар өрнөж байгаа юм.Зохиомжийн дүрүүдэд бие даасан байдал ер байдаггүй юм.Сүйрэл мөхлийн байдлыг тасар татуулсан морины хөдөлгөөн,энэ бүхэнтэй үл эвлэрэх мэт дэн барьсан эмэгтэйн арга ядсан байдал,цаана амь алдсан үрээ тэврэн учиргүй ихээр гашуудан орилох эх мориноос шидэгдэж буй хүн,морины хөл  дор амь тавьж буй эрийн ангайсан ам үхэлтэйгээ үл эвлэрэх мэт айж балмагдсан байдал духан дээр нь гарч ирсэн хааш яааш болсон хоёр нүд аврал эрэн хашгирч байгаа зэрэг нь үнэхээр айдас төрмөөр ажээ.Үнэхээр эмгэнэлтэй үйл явдал энд болж байна.Үүнийг мэдэрсэн үзэгч дайн эзлэн түрэмгийлэгчдыг өөрийн эрхгүй үзэн ядаж тэдний эсрэг тэмцэх хүсэл эрмэлзэл төрнө.Зураач үүнийг л мэдрүүлж сайн сайхан цаг ирнэ гэдэгийг зохиомжийн дээрээс тусах чийдэнгийн гэрэлээр харуулж ч байх жишээний гүн өгүүлэмжтэй бүтээл билээ.Зохиомжид эзлэн түрэмгийлэгчийг бухаар төлөөлүүлэн дүрсэлсэн байна.Энэ бүх үхэл сүйрэл эмгэнэлт байдлыг үл тоосон байдалтай бух хөл доорхи бүхнээ ер хайхарсан шинжгүй байгааг үзэгч рүү харсан нүдний харц зэргээс харж болно. Бүхнийг няц даран алхах бух бол юуг ч нухчин дарахад бэлэн байгаа фашизмын түрэмгийлэлийг харуулж байх аж.Пикассо  “Герника” хэмээх энэ бүтээлээрээ чухам дайны хор уршиг гол нь хүний зовлон гачаалын хашгарааныг нүдэнд харагдтал дүрсэлсэн нь хожмын хойчид ч гэсэн нэгэн төрлийн сануулга болсоор байх бизээ.

Энэ мэт Пикассогын олон бүтээлүүд үнэхээр гайхамшигтай ур ухаанаас бүтэж тэр хэрээрээ алдар сууг олсон билээ.Дээрх хоёр бүтээлийн тухай өөрийнхөө харж мэдэрсэнээ товчоор өгүүлэхэд нэг ийм байна.Өөрийн бодол өөртөө зөвийг өөр дээрээ туршсан минь энэ л дээ.
Аливаа урлаг өөрт өгөгдсөн өгөгдөхүүн өөрийн хэл, арга хэрэгсэл, өөрийн замаараа явж байж оргилд хүрдэг.Энэ оргилд хүрсэн цөөн зураачидын нэг гарцаагүй Пикассо мөн болой.

“Бүгд л урлагийг ойлгохыг хүсэх юм.Яагаад шувуудын жиргээнийг ойлгох гэж оролддоггүй юм бэ?” гэж Пикассо хэлсэн байдаг.Түүний зөв тэр шувуудын жиргээнийг гоц гойдоор өөртөө нээсэн юм.Тэр гоц гойдоор нээж чадсандаа ер бусын зургуудаа зурсан.Тэгвэл яагаад бид Пикассог ойлгож тэр шувуудын гайхалтай жиргээнийг бүтээлүүдээс нь олж харж өөртөө нээж болохгүй гэж бусдад хэлэхийг чин сэтгэлээсээ би хүсдэг юм.
Ертөнцийн зураачидын тэргүүн бүлэгт Пабло Пикассо гэж нэр алтан үсгээр бичээстэй буй.Түүний бүтээлүүд хүмүүсийн дунд амьдарсаар байсан цагт тэр ч бас амьдарсаар байх болноо.Агуу их Пикассо.                          

                                                                                                      Мөнх хас Н.Бэгтэр

 

                                                             “Авиньоны залуу охид”  
                      1907он. 243.х233.7 см. Зотон,тос Нью-Йоркийн Модерн арт музей


                                                               “Герника”  1937 он 8м х3,5м.Зотон,тос





No comments:

Post a Comment