Friday, October 28, 2011

                                                       Монгол ертөнц                 

За чухам тиймдээ гэж бодсон.Тэгж ухаж тэгж гавалдаа тунгаалаа.Залуу зураач андтайгаа ярилцахыг  хүслээ.Бид юунд хүрэх бэ? Бидний өгөгдөхүүн бидний зам бидний өөрөө өөрлүүгээ өөр бусад руу эргэх нүүдэл суудал юугаар илэрхийлэгдэх ёстой юм бэ? гэж залуу бүтээлч андаасаа би асуумаар байна.Хариултыг нь чамд үлдээе зураач анд минь.
Нүүдэлчдийн язгуур сэтгэлгээний онцлог  бол эрх чөлөөг эрхэмлэхүй юм.Ердөө л эрх чөлөө.Цэнгэг агаар цэлмэг тэнгэртэй байх гэсэн хүсэл юм.Уулын орой дээр гараад улам холыг харах гэж тэмүүлдэг тэр тэмүүлэл юм.Бэлээс тэмүүлж оройд гараад овоо босгодог тэр эрхшээн чадах гэсэн хүсэл зоригдол л биднийг бид байх, байлгах төрөлхийн өгөгдөхүүн мөөн.Үүнийг л бид умартаж үл болмой.Энэ чанар л монгол хүнээс үнэртэж байвал монгол зураачийн бүтээлээс харагдаж байвал бид урагшаа явах болно.
Өнөөдөр бид бусдын ядуувтар хуулбар үнэндээ болж үлдмээргүй байна.Үндэсний онцлог хэв маягаараа бүтээж сэтгэлгээний өөр түвшинд гарч ирэх цаг нэгэнт болсоон.Энэ нэг орон зай л монгол зураачийг дэлхийн тавцанд гаргаж ирэх ёстой юм шүү.Хөгшин европын архив ухаад даган дуурайгаад тод ялгарах нь юу л бол үнэндээ хол явахгүй.Тэд чинь оргилдоо хүрсэн.Монгол зураачийн өвөрмөц онцлогыг харуулсан бүтээл хийж явахгүй бол хаана ч хийдэг л юмыг хийгээд гарч ирэхгүй. Энэ нэг үндэсний онцлог сэтгэлгээ энэ талруугаа барьж явж байж дэлхийн урлагтай хөл нийлүүлнүү гэхээс Францад, Америкт,хойно ч,урд ч хийж байгаа юмыг энд хийгээд байвал сайн нэр зүүхгүй ядуу хуулбар болж үлдэнэ.Ер тийм л түүхтэй шүү дээ,хүн төрлөхтөн хүн төрлөхтөны урлагын түүх.Гагцхүү одоо шинэ юм.Өөр дуулдаагүй сонин сайхан ертөнцийг бид бүтээх хэрэгтэй түүний төлөө урлаг явдаг үүний төлөө л монгол зураач өнөөдөр явах хэрэгтэй.Энд гайхах сонин сэвүүн санагдах юм ердөө байхгүй.Бидний өвөг дээдсийн үлдээсэн буган хөшөө хадны сүг зураг өөр юу байдын хүннүгийн үед бүтээгдсэн хивс түүх дурсгал бусад эд өлгийн зүйл дээр дүрслэгдсэн хээ угалз ан амьтдын дүрс бүхий хадны зураг энэ тэр чинь үнэндээ гайхамшиг шүү дээ.Анзаараарай тийм өвөрмөц уртай өөрийн онцлогтой хадны сүг зураг зэрэг эртний дүрслэх урлагийн олдворууд дэлхийн бусад орнуудад тийм ч их байдаг эсэхийг би лав нэг их үзэж дуулаагүй.Тийм гэдгийг  ч урлаг судал үгүйсэгдэггүй.Нүүдэлчдийн урлагт анхлан бий болгосон “амьтны стиль” гээч юмыг онцгойлон авч үздэг нь учиртай юм. Манай буган хөшөөнүүдийн зохиомжийг аваад үзэхэд  монголчуудын аливааг хийсвэрлэх түүнээ зохицол зохист хэм хэмжээнд буулгах сэдэл сэтгэлгээ зэрэг нь үнэхээр гайхамшигтай байжээ.Зүгээр анзаарч байхад уран сэтгэмжийг бодит мэтээр хүлээн авч бодит мэдрэмжийг уран сэтгэмжээр чөлөөтэй илэрхийлж чаддаг байсан нь харагддаг юм л даа.Энэ юуг харуулаад байна гэхээр хувьсах үл хувьсах чанарыг харуулаад байгаа юм.Үл зүйрлэх үнэ цэнээр үнэндээ хосгүй гэдгээ харуулж байгаа юм.
Энэ мэт бидэнд уламжлан үлдсэн өөрийн хэв маяг сэтгэлгээний өнгө төрх үлэмж гүн дүрсийн ойллого ба хэллэгийн үндэс суурь бий юм шүү.Гагцхүү одоо лүгээ цагийн урлагийн хэм хэмжүүрт нийцсэн түүнээс цааш давсан тэмүүлсэн эрсэн олсон гайхан шагшуулсан хүлээн зөвшөөрүүлсэн бүтээл тууриваж байж л монгол зураач дэлхийн зураач болох болно.Учир нь хэн гэдгээсээ хэн байж чадсанаасаа шалтгаалж хэн бүгдийг гайхашруулсан тийм урлагийн бүтээлийг бүтээдэг бусуу.
Надад бол урлагт хувь хүн байх л сайхан.Юу хийхээ мэддэг юу хийж чаддагаа чаддаг түүнийгээ төгс төгөлдөрт хүргэх гэж зоригддог байх л сайхаан...
За тийм л юм даа гэж би өөртөө хэлсэн өөр бусдад хэлэхийг хүслээ.Тэр хэнтэй ч адилгүй хэн ч түүнийг дуурайж чадахгүй чадлаа гэхэд маш цөөхөн нь тэр цөөхөн нь ганц нэгээр л тогтоно.Тэрвээр юу хийхээ мэддэг юу хийж чаддагаа л чадна.Тэр хэнийг ч дуурайдаггүй дуурайхыг хүсдэггүй  өөртөө бүтээдэг.Тэр их өөр юмаа.Өөр гэдэгээ ч баталлаа.Түүний бүтээлүүдээс эрх чөлөө мэдрэгдэнэ.Эрх чөлөөний олон дүр төрх амилан босч ирнэ.Тэгээд аанай л бидний дундаас биднийг эрээд байх шиг санагдана.Хөнгөн гунигтай аль эсвээс омогшин бадраад ирнэ.Бидний өмнөөс цоо ширтэнэ.Ямар нэгнийг сануулна.Түүхийн их нүүдэл ачаа хөсгөн дунд яваад орчих шиг болно.Хөнгөн бодрол хошин аяз зурс гээд өнгөрнө.Амар амгалан мэдрэгдэнэ.Амар амгаланг тээсэн аясын салхи өөдөөс чинь салхилана.Түүх хөвөрнө түүх үлдэнэ.Гол нь хэний түүх хэн байх түүх...
Тэрвээр их том асуулт тавилаа...
Тэрвээрийн татсан зураас бүхэн учир утгатай зохицол зохиомжтой үг үйлдэлтэй баялаг санаатай хөдөлгөөнтэй хэлбэртэй амь амьсгалтай.Хөнгөн бийрийг чухам л хөшжээ.Бэхэн зураг хамгийн хүнд техниктэй нэг л агшны санаа сэрэгдлээ буулгаж л амжих хэрэгтэй байдаг.Тэгэхээр маш хүчирхэг дотоод ертөнцтэй хүний хийдэг ажил барьдаг бар.Тэгж чадаж байж гэмээнэ.Дүрсийг хөдөлгөөн,хөдөлгөөнөө агшин, агшинаа,амь амьсгал болгон бүтээлийг амьлуулж чаддаг.Тийм бүтээлүүд тийм зураач...
Хамгийн гол нь монгол зураач юу зурах юуны төлөө явах юу бүтээх хийгээд эрж олох цаашдаа ямар замаар явах...
”Монгол ертөнц “ хариулт нь энэ.
Үүнийг хэлсэн хүнийг маань зураач барималч Сүхбаатарын Бадрал гэдэг юм.Танд баярлалаа багшаа.

                                                                                                          

                                                                                                  Мөнх хас Н.Бэгтэр




1 comment: