Tuesday, November 1, 2011

                                                        Сайхан...


Сайхан юм амьдралд дэндүү олон нар мандах жаргахыг харна гэдэг өөрөө их сайхан, салхи хүүгэх өвсний толгой үл ялиг ганхахыг харах сайхан, мөс хагарч цөн түрэх сайхан,цөн түрэх чимээг сонсох сайхан, тэр чимээ нь дэргэдийн бол бүр ч сайхан, гол ус намуухан урсах сайхан,урс ч л байвал сайхан,гоо охид дэргэдүүр минь зөрөх сайхан,гял цал болсон хувцасных нь цаанаас цээж түрэн товойх хоёр мээмнийх нь гэгээ мэлмий зуран өнгөрөх сайхан, харж чадах л юм бол харагдаггүй сайхан гэж хаа ч байхгүй.

Саргүй шөнө одод тоолон зогсох сайхан,сар хаана гэж бодох шөнын тэнгэр ширтэх сайхан,сайхан сайхан учирлаа сэтгэл дэнслэн дурсах сайхан, мэдэрч чадах л юм бол мэдрэгддэггүй сайхан юм хаа ч байхгүй.

Нэлийсэн тал дээгүүр сүрэг сүргээр адуу гилэн давхих сайхан,тал л юм шигээр санасан амьдралаа муу санааны мухаргүй бодох сайхан,уяанд буух сайхан,нохой хориулж монгол гэрийн хойморт залрах сайхан, тооноор туссан нар жин үдээр заан хоймрын хоёр авдрын арслан дээр тод буусан нь харагдах сайхан,тооноор тэнгэр ширтэх сайхан, тэр тэнгэрийн дор хөөрөг зөрүүлж холч гүн яриа үүтгэж суух сайхан,уяанаас мордох сайхан, уртын дуу сайхан “уяхан замбу тивийн нар”гайхмаар сайхан,улс монголын минь зураг л юм даа,шузага юугаа бараадуулан эмээлээ эвхэж тавьсан байх, цаана даваадуулан уурга юугаа хатгасан байх сайхан хэлхгэр халхгар харчууд гэзэг тавласан жаалхан хөвгүүд өөд уруу нь татаж харагдах нь бүүр ч сайхан,адуу үүрсэх амгай шархирах сайхан,адуу манах сайхан,аавыгаа бодох аав болох сайхан,өндөр л уулын оройд алсыг харан суух сайхан,өвгөдийнхөө захиас үг ухааны учгыг дэнслэх сайхан өвөг л монголын минь хутаг заяа өндөр гэдэгт итгэх сайхан итгүүлэх сайхан итгэхгүй байхын аргагүй байх нь бас сайхаан.Мартахгүй л гэж санавал мартагдаггүй сайхан юм мартаж боломгүй сайхан юм гэж их бий.

Муу саналага санаж сэтгэлэг сэтгэж муу үйл хийхгүй л гэж явах сайхан,сайхан анд нарын гэгээнд дарс хүртэн суух сайхан,давар ч хүртэхгүй байхаа мэддэг байх сайхан,чимэгтэй үг хэлцэж үйл мэтгэх шалгарсан анд нөхөдтэй байх сайхан,том мөн чанартай амьдрах сайхан,том мөн чанартай амьдар ч явсныг минь гэрчлэх анд нөхөдтэй байх сайхан гэж бодох хуудуугүй сайхан,хүн чанартай байх сайхан,зорисоноо зовлонгүй хийж чаддаг байх сайхан,зовлон жаргалаа хуваалцах сайхан,зоргоор дурын л гэж санамгүй зуурдын энэ амьдралтай эр хүн шиг нүүр тулах сайхан,мэргэдийн мэргэн оюунтад толгой бөхийх сайхан,мунхгын мундартангуудтай учраа олж чаддаг байх чинь бас их сайханд тооцогдох нь өөрөө сайхан,найдваргүй нөхцөлд сэлэм зөрүүлчих зориг зүрхтэй байх сайхан,талын монголын хөвгүүдийн нэр дэлхийн энгээр цуурайтах сайхан,цуурайтуулах сайхан,үүний тул зоригдон зүтгэх бас их сайхан,төрөө төвшин байлгах сайхан,төвшин төртэй байхыг хүсдэг байх сайхан,байлгаж чаддаг байвал бүр ч сайхан,монголын төрийг монгол нь мэддэг байвал хамгийн сайхан,бодох л хэрэгтэй сайхан гэж бий,бий учраас бий байхын шалтгаан нь ч хүртэл гэгээн тодорхой сайхан гэж бодох сайхны сайхан л.

Энэ бүх сайхны тулд андын хэлдэг амьд явах сайхан амьдрах сайхан,амьдрах сайхныг олж харах минь хүртэл сайхны сайхаан...

“Цэнгүүн дорнын элбэг шүлэгч” В. Батбаяр ахын ийм нэг шүлгийн мөр “Хөөрхий муу ижий минь бүс сулартал санагдлаа”гэж гайхам сайхан,өөр үгээр орлуулж хэлэх боломжгүй мэт хэлсэн нь уран тансаг сайхан,өөр үг зүйргүй нь үнэн сайхан,ижий минь самсаа шархиртал санагдлаа гэсэнгүй ижий минь элэг эмтэртэл санагдлаа гэсэнгүй зүгээр л бүс сулартал санагдах нь сайхан,тэгж мэдэрч бичнэ гэдэг агуу сайхны сайхан,тийм ээж минь дэргэд байгаа минь надад бурхны хишиг мэт сайхан,хамгийн сайхан,ээжийнхээ чанасан цай хийсэн хоолыг идэх ээжтэйгээ хол ойрын юм ярин суух мундаг сайхан,ээждээ үнсүүлж нялхрах сайхан,мөнхүү үгээр зүймгүй сайхан,надад бүхнээс эрхэм сайхан,надад байгаа сүүлчийн хүч хүн мөний минь хамгийн том түшиг ээжийнхээ гэгээнд ариусан суух сайхан, ертөнцөд ганцхан үнэн надад мөнхийн ойр миний бурхан миний ЭЭЖ.


                                                                                                  Мөнх хас Н.Бэгтэр

No comments:

Post a Comment